СУРВАЛЖИЛГА: Өдөрт 80 тн талх, нарийн боовыг хэдхэн товчлуураар хийдэг “Өв соёл“ брэнд

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 53 секунд

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд олон үйлдвэр, аж ахуйн нэгж үүд хаалгаа нээж байгаагийн нэг нь "Өв соёл" үйлдвэр юм. Тус үйлдвэр талх нарийн боовны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг Монголын отгон үйлдвэр болон мэндэлжээ.

Өв соёл брэнд хэрхэн хийгдэж байгаа, энэхүү үйлдвэрийн нэг өдрийн ажил хэрхэн өрнөдөг талаар сурвалжлахаар очлоо.

Манай өнөөдрийн баатар Б.Дашням тус үйлдвэрийн CEPI системийн оператор. Энэ нь ямар учиртай систем болохыг тодруулахад "Манай үйлдвэр Mill house гурилын үйлдвэрийг түшиглэн баригдсан талх, нарийн боовны үйлдвэр. Хүмүүс талх, нарийн боовыг хийхдээ шуудайтай гурилаа зөөгөөд гараараа зуураад, тосонд хайрч хийдэг гэж төсөөлдөг байх. Гэтэл энэ бүгдийг манай үйлдвэрт хэдхээн товчлуур дараад бүгдийг системийн тоног төхөөрөмжөөр автоматаар хийдэг. Гурилын үйлдвэрээс эхлээд үйлдвэр рүүгээ холбосон хоолойгоор системийг холбосон удирдлагаар удирдан татаад, хүний гар оролцохгүйгээр 18 төрлийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хоногт 80 тн талх, нарийн боов үйлдвэрлэх хүчин чадалтай" хэмээн ярив.

Энэ бүхнийг огт хүний гар оролцохгүйгээр хэдхэн товчлуур хийх боломжтой гэхэд гайхаж, эргэлзээ төрөн үйлдвэрийг сонирхохоор орлоо. Үүдний харуул хамгаалалтаасаа эхлээд дэг журамтай үйл явц эхэлнэ. Харуулд бичиг баримтаа шалгуулаад, ажилтан нь автомат төхөөрөмжид уншуулж нэвтрэх зөвшөөрлөө аваад цааш орох аж. Бүх зүйл нь шинэхэн үйлдвэрийн хэлбэр хийц нь хүртэл үйлдвэр гэхээргүй. Хүмүүс амьдрах онцгой тохижилттой байр мэт л гаднаасаа харагдах аж.

Ингээд ажилтан нь хувцас солих өрөө рүү орж хувцсаа солиод цех рүүгээ орохын өмнө заавал гараа угааж ариутгана. Харин гадны зочид төлөөлөгчид битүү ариутгасан хувцас, малгай зэргийг өмсөөд мөн л гараа угааж ариутгаад цех рүү нэвтрэх аж. Үйлдвэрийн ажилтнууд цуглахаас өмнө түгээлтийн ажилтнууд ирж бэлэн болсон бүтээгдэхүүнээ машиндаа ачаад эртлэн хөдөлж, шинэхэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт хүргэхээр яаран давхих аж. Харин зөрөөд ажилтнууд ажилдаа ирж байгаа нь өглөөний 07:30 цаг болж байлаа.

Цех рүү ороод түүхий эдээ нийлүүлж зуурах автомат тогооны түүхий эдийн үлдэгдэл хэр байгааг ажиглаад үлдэгдэл нэг удаагийн зууралтад хүрэхээр бол тохируулгыг хийж тааруулаад л нээрээ л хэдхэн товч дарахад автомат тогоо ажиллах чимээ гарах юм. Яаж байгааг асуухад бүхэл үрийн еэвэн хийх түүхий эдийн тохиргоог хийгээд гурилаа зуурах команд өгсөн тул гурилаа зуурах үйл явц эхэлж байгаа нь тэр аж. Ердөө л 10 минут зуураад бүхэл үрийн еэвэнгийн гурил бэлэн болох гэнэ. Гурил зуурч байгаа үйл явцыг нь харахад нэг хоолойгоор ус, нөгөө хоолойгоор гурил, бас нэг хоолойгоор элсэн чихэр гээд л орц найралгууд олон хоолойг дамжин урссаар тогоо руу орж байгаа нь харагдах аж. 10 минутын дараа дүнгэсэн чимээ гарч зөөлөн эргэлдэж буй каневер руу зуурсан гурил унаад ирлээ. Ингээд л бүхэл үрийн еэвэн хийх зуурмаг бэлэн болсон нь тэр аж. Манай гол дүр Б.Дашнямын ажил ингээд л дуусаж байгаа нь тэр гэх.

-Одоо юу хийх вэ?

-Операторын өрөө рүү орж орц найрлагийн хэмжээнүүд хэр байгааг хараад багассан хэсгүүддээ хоолойгоор түүхий эд нэмэж татах команд өгнө.

-Түүнийг дэлгэцээр л хянах хэрэг үү?

-Тийм. Компьютерийн нэг дэлгэцээр хянаад товчлуур дарж командаа өгөөд, гурил нэмэхээр байвал тонныг нь заасан команд оруулна, элсэн чихэр нэмэхээр бол хэмжээг нь тохируулсан команд өгнө гэх мэтээр явна.

Операторын өрөө рүү орохоос өмнө цехтэйгээ бүрэн танилцахыг хүсэж түүний ажлыг түр хойшлуулав.

-Зуурсан гурил одоо аль дамжлага руу очих вэ?

-Хэвэнд орж, амрах учир нухах тогоо руу ороод, дараа нь элдэж, хуваах, хэв гаргах гээд ямар төрлийн нарийн боовноосоо хамаарч өөр өөр элдэх каневерт тараагддаг.

-Тэгвэл тэр үйл явцтай нь танилцъя гэсээр гурил нухах тогоо руу өнгийхөд биднийг хэдхэн үг хэлэлцэх хооронд л аль хэдийн элдэх, хэв оруулах хэсэг рүү урсаж байх нь тэр.

Хэв оруулж, элдэж, хэрчиж, хуваагаад жигнэсэн боорцогны гурил жигнэх тогоо руу, хайрсан боорцогны гурил хайрах тогоо руу урсдаг юм байна. Бүхэл үрийн еэвэнг хэвлээд жигнэх тогоо руу явахыг нь харсаар л үлдлээ.

Энд ердөө хүний гар хүрсэнгүй. Гурил зуурах явцад л Б.Дашням хэдэн товчлуур дараад "Орц найрлагаа тааруулчихлаа" гэхээс өөрөөр хүн ч үзэгдсэнгүй. Бүхэл бүтэн үйлдвэр дотор 2-3-хан хүн хальт харагдаад өнгөрсөн учир өдөрт 80 тн талх, нарийн боов үйлдвэрлэхэд дор хаяж 100 гаруй ажилтантай байх байлгүй хэмээн төсөөлж байсан ч хүн харагдахгүй тул арга буюу асуулаа.

-Танай үйлдвэрт хэдэн хүн ажилладаг юм бэ?

-15.

-Тэгээд 15 хүн л өдөрт 80 тн талх, нарийн боов үйлдвэрлэнэ гэж үү? хэмээн итгэж ядан асуух над руу Б.Дашнямын нүд нь гялалзаад

-Манайх 100 хувь автомат тоног төхөөрөмжтэй. Бүр Монголдоо бүү хэл Азидаа ганц системийг нэвтрүүлсэн үйлдвэр шүү дээ хэмээн итгэл төгс инээмсэглэв.

Би ч өөрөө нүдээрээ үзээгүй бол итгэхээргүй л байлаа.

Жигнэх тогооноос гарч ирсэн еэвэн хөргөх систем рүү урсаж, савлах цех рүү очно. Энэ нь 720 метр урт зам байх аж. Замдаа хөргөлтийн системээр урссаар огт зогсохгүй явсаар савлагааны хэсэгт очихдоо аль хэдийн хөрчихсөн шууд л уутлагдаад уут бүр нь нэг нэгээрээ хайчлагдаад сагс руу зөөх хоёр ажилтан тосож авах нь тэр. Анх удаа нэг цех дотор хоёр хүн байхыг харлаа.

-Бүрэн автомат үйлдвэр болохоор хүн цөөтэй юм аа. Уйддаг уу?

-Үгүй шүү дээ. Яасан гэж уйдах вэ дээ. Би чинь дуртай ажлаа жаргаж хийж байгаа. Манай хамт олон цөөхүүлээ ч гэсэн эерэг, хөгжилтэй хүмүүс бий. Тиймээс энэ үйлдвэртээ аль болох тогтвортой урт удаан ажиллах хүсэлтэй байгаа хэмээв.

Түүний ажилдаа хандаж байгаа хандлага ч чин сэтгэлээсээ юм. Энэ нь хажууд нь байгаа хэнд ч уншигдахаар тод аж.

Ингээд савлагааны хэсгээс түүхий эдээ татан авдаг тус бүр нь 10 тн багтаамжтай бидний хэллэгээр том тогоо бүхий өрөө хажууд нь байх тул тийшээ эхлээд орлоо. Одоогоор үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй. Үйлдвэрийн зөвхөн нэг л хэсэг ашиглалтад орсон. Зөвхөн нарийн боов үйлдвэрлэж байгаа тул дөрвөн түүхий эдийн тогоог л одоохондоо ашиглаж байгаа юм байна. Нэгэнд нь гурил, нөгөөд нь элсэн чихрийн нунтаг, нөгөөд нь бүхэл үрийн гурил гэх мэтээр түүхий эдээ тогоо тус бүр рүү холбосон хоолойгоор хэмжээ заан татна. Түүнийгээ хажууд нь байх хянах самбаараас хэмжээг нь хараад багассан түүхий эдийнхээ хэмжээг хараад нэмж татах бол хэмжээгээ тохируулаад л татах хоолойгоо ажиллуулаад л болоо.

Ингээд бид В2 давхраас дээш 3 давхар руу операторын өрөө рүү орохоор дээшлэв. Өрөөнд нь ердөө л нэг ажлын ширээ, нэг компьютер байх аж. Замын хөдөлгөөний удирдлагын төв шиг хэдэн хана нь дэлгэцээр дүүрэн том өрөө угтах юм байна гэж төсөөлсөн би ч гайхаж тодрууллаа.

-Ингээд л зүгээр компьютерийн нэг дэлгэцээр хянаад л байж байдаг хэрэг үү?

-Тийм шүү дээ. Энэ улаан нь гурилын тогоо, энэ шар нь элсэн чихрийн нунтгийнх. Энэ нь гээд л бүгдийг нь нэгд нэггүй тайлдбарлаж өгөв.

Бүхэл үрийн гурилын түүхий эд багассан байна татъя гээд л хэдхэн товчлуур дарж команд өгөөд болчихлоо, 2 тн гурил татна гээд цайгаа тайван оочлон суух нь тэр.

Урьд нь тэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байжээ. Гэнэтийн тохиолдлоор энэ үйлдвэртээ ажилд орсондоо үнэхээр баяртай байдаг. Тиймээс тэтгэвэртээ гартлаа ажилласан ч яах вэ хэмээн нүдээрээ инээмсэглэв. Айлд ороод ширээн дээр нь манай бүтээгдэхүүн байвал "Үүнийг бид хийсэн шүү дээ" хэмээн орилмоор санагддаг хэмээн өөрийнхөө хийсэн бүтээгдэхүүнээр бахархан ярих нь түүний ажилдаа ямар дуртай, хайртайг илтгэх ажээ.

Монгол Улс “Хэвлэлийн эрх чөлөө“-ний индексээр 17 байр урагшилж, 85-р байрт жагслаа
Монгол Улс “Хэвлэлийн эрх чөлөө“-ний индексээр 17 байр урагшилж, 85-р байрт жагслаа
 
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!