Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Eurasia Group” дэлхий дахинаа 2021 онд учрах 10 гол эрсдэлүүдийг нэрлэжээ.
Жагсаалтын нэгдүгээрт “Америкчуудын хуваагдал”-ыг нэрлэсэн байна. Америкчуудын тал орчим хувь нь шинэ ерөнхийлөгчөө хууль бус гэж үзэх үе ирнэ гэж шинжээчид үзэж байгаа ба одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа нь үүний эхлэл гэв.
Харин жагсаалтын хоёрдугаарт “covid-19” цар тахлын байнгын нөлөөг нэрлэсэн байна. Цар тахал дуусахгүй цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа нь хүмүүсийн амьдралд төдийгүй улс төрийн тогтвортой байдал, дэлхийн эдийн засагт аюул учруулна гэж үзэж байна. Цаашлаад вакцины хуваарилалт хүчтэй, хүчгүйн ялгааг улам томруулж, улс орнуудад эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй байгаа юм.
2021 онд үүсэх өөр нэг томоохон эрсдэл бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудал гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Ирэх жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлд өрнүүлж буй олон улсын хамтын ажиллагаа өрсөлдөөн болж хувирах эрсдэлтэй байгаа юм.
Жагсаалтын удаах байруудад Хятад, Америкийн харилцаанд хурцадмал байдал, кибер аюулгүй байдлын асуудал Турк, Ойрхи Дорнод, Европ, Латин Америкт тулгарч буй эрсдэлүүд, газрын тосны үнийн уналт, Германы канцлер Ангела Меркель албан тушаалаасаа буух зэргийг нэрлэсэн байна.