Эдийн засаг, хөгжлийн яам болон "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв"-өөс зохион байгуулж буй “Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” долоо хоногийн арга хэмжээ өнөөдөр (2026.04.21) “Дэд бүтцийн салбарт түншлэлийн төсөл хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллүүд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын баримталж буй эдийн засгийн гол бодлого нь төр бүхнийг хийх буюу данхайх бус, хувийн хэвшилд тулгуурлан хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байгааг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Эрх чөлөөний дөрвөн заалт” буюу Эдийн засгийн чөлөөлөлт Хууль эрх зүйн чөлөөлөлт Авлигын эсрэг чөлөөлөлт Ногоон санхүүжилтийн чөлөөлөлт гэсэн бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл хамгийн оновчтой механизм гэдгийг тодотгов.
Өнөөдрийн арга хэмжээний үеэр Эдийн засаг, хөгжлийн яам болон Монголын мэдээллийн технологийн нэгдсэн холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Зам, тээврийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Баянзул “Зам, тээврийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүд”-ийг танилцуулсан юм.

Зам, тээврийн яамнаас стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн авто замын төслийг концесс болон ТХХТ-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км авто зам Тавантолгой-Цагаандэл уул чиглэлийн 270 км авто зам Чойр-Замын-Үүд чиглэлийн 435.6 км тусгай зориулалтын авто зам Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх Улаанбаатар-Шинэ Хархорум чиглэлийн 362 км авто зам Налайх-Замын-Үүд чиглэлийн 628 км авто замын төслүүдийг танилцуулав. Түүнчлэн боомтын хил дамнасан төмөр замын төслүүд болох Эрээнцав-Чойбалсан-Бичигт (зүүн босоо чиглэл) Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн (баруун босоо чиглэл) түүнчлэн орон нутгийн нисэх буудлуудыг өргөтгөх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр нь экспортын гарцыг нэмэгдүүлж, транзит тээврийн өрсөлдөх чадварыг сайжруулан, Монгол Улсын олон улсын коридорт эзлэх байр суурийг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой юм.

МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлөөс “Эрчим хүчний салбар дахь төслүүд: Сургамж ба шийдэл” сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Дэлхий даяар эрчим хүчний салбар дахь ТХХТ-ийн хөрөнгө оруулалт жилд 200-300 тэрбум ам.долларт хүрч, нийт ТХХТ-ийн төслүүдийн гуравны нэгийг эзэлж байгаа аж.

Монгол Улсад цахилгааны техникийн нөхцөлийн хүлээгдэж буй ачаалал 3000 МВт-аас давсан нь шинэ эх үүсвэрийн хэрэгцээ бодитоор үүссэнийг харуулж байна
Хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг хөндлөө.
- Эрчим хүчний шилжилтийг аажмаар, тогтвортой хэрэгжүүлэх
- Тогтвортой бодлого, эрх зүйн орчны ач холбогдол
- Ил тод сонгон шалгаруулалт, урт хугацааны санхүүжилтийн механизм
- Тариф, гэрээний маргаан, санхүүжилтийн хүндрэл зэрэг саад бэрхшээлүүд
Дулааны V цахилгаан станц ОНӨААТҮГ-ын дарга А.Бямбадорж төслийн талаар танилцууллаа.
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангах зорилгоор 300 МВт хүчин чадалтай Дулааны V цахилгаан станцыг (ДЦС-5) ТХХТ-ийн хэлбэрээр хэрэгжүүлж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.56 сая ам.доллар бөгөөд үүний 20 хувийг төр, 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгч санхүүжүүлнэ.
Түншлэлийн гэрээ DBFOM (зураг төсөл–барих–санхүүжүүлэх–ашиглах–засварлах–шилжүүлэх) хэлбэртэй, 27.5 жилийн хугацаатай байна. Станц Баянгол дүүрэгт байрлах бөгөөд ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хорооллын хэрэглэгчдийг дулаанаар хангаж, төвийн бүсийн ачааллыг бууруулна.
Барилгын ажил 2.5 жил үргэлжилж, 2028 онд эхний блок ашиглалтад орохоор төлөвлөжээ. Мөн төрийн түншлэгчийн зүгээс 200 тэрбум төгрөгийн дотоодын бонд гарган, 2026 оны санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн байна.
Мөн Кэй Эн Эй Роуд ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Хүдэрбаатар “Мөрөн–Улиастай чиглэлийн 261.8 км авто зам”-ын төслийг танилцуулж, “Астишин” ХХК-ийн төслийн захирал Д.Уянбат “SmartCar” төслийн талаар мэдээлэл өглөө.
Маргааш /2026.04.22/ арга хэмжээ мэдээлэл, зөвлөгөөний хэлбэрээр үргэлжилж, түншлэлийн төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэнд ЭЗХЯ болон ТХХТ-ийн төвөөс зөвлөгөө өгнө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!