Э.Агиймаа: Удахгүй “Алдарт эх“-ийн одонгоо авна. Хүн ер нь ээж болохоор амьдралыг бодитоор харж, амьдралд илүү хайртай болдог юм байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 25 секунд

Дуучин Э.Агиймаатай ярилцлаа. Тэрбээр дуучин Б.Баярцэцэг, Б.Маралжингоо нартай хамтран "Ганцхан удаа" хэмээх тоглолтоо тавих гэж байгаа юм.

-Тоглолтынхоо нэрийг яагаад Ганцхан удаа гэж нэрлэсэн юм бэ?

-Монголын залуу эрч хүчтэй, өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй гурван эмэгтэй дуучин хамтарч байгаа. Б.Маралжингоо, Э.Агиймаа, Б.Баярцэцэг нар. Нэрийн хувьд бид хувь уран бүтээлчид тиймээс ганцхан удаа л тоглолт хийнэ. Дахиж тоглох боломжгүй. Яагаад гэхээр бид хамтлаг биш. Өөр өөрийн гэсэн тус тусдаа уран бүтээлчид учраас.

-Тоглолт болох цаг хугацааг яагаад хавар сонгосон юм бэ?

-Бид гурав түлхүү хайрын дуунууд дуулдаг. Хаврын улиралд хүн болгоны зүрх сэтгэл маш гоё гэгэлзсэн, хөөрсөн, догдолсон өнгө аяс ордог. Дулаан орохоор сэтгэл хөөрөөд нэг гоё байдаг шүү дээ. Тэр үедээ хүмүүс дурладаг, шинэ хайртай учирдаг, эмордог, үсээ тайрдаг /инээв/. Тийм учраас бид гурав романтик хайрын дуу түлхүү дуулдаг учраас хавар цагт тохирох юм болов уу гэж бодсон.

-Таны хувьд сүүлийн шинэхэн дуунуудаа олонд хүргэж, шинэ өнгө төрхөөр гарч ирээд байх шиг. Магадгүй дараагийн удаад та өөрийнхөө бие даасан тоглолтыг хийх үү?

-Хамгийн сүүлд Боловсрол телевизийн Emortol song нэвтрүүлэгт ороод Т.Ариунаа эгчийнхээ "Үл таних эмэгтэй" киноны дууг дуулсан. Тэр маань хүмүүст их хүрсэн. Түүний араас "Надад ирээгүй хайр" киноны Хэн нэгний хайр дууг дуулсан. Хүмүүст тэгж хүрнэ гэж бодоогүй. Эргээд come back хийхэд түлхэц болсон. Дуучны минь хувьд намайг хайрладаг, хүндэлдэг, сонсдог хүмүүст эргээд өөрийнхөө бие даасан тоглолтоо хийх хүсэл нуугдаж явдаг. Ямар ч байсан эхлээд энэ тоглолтынхоо ард гаръя. Тэгээд залуустайгаа ярилцаж байгаа. Хэсэг хугацаанд уран бүтээлээ хийж чадаагүй. Хөөрхөн хүүхдүүдийн ээж болсон. Тиймээс хэсэг хугацаанд завсарлага аваад уран бүтээлээсээ жаахан холдсон. Одоо ер нь надад цаг хугацаа маш бага байгаа. Тэр тусмаа эмэгтэй уран бүтээлчдэд цаг хугацаа маш хомс байдаг. Тэрхүү цаг хугацаагаа нөхөхийн тулд зогсолтгүй уран бүтээлээ хийнэ гэсэн бодол байна. Ямар ч байсан нэлээд олон шинэхэн уран бүтээлээ сонсогчдодоо бэлэг барьж байгаад өөрийн гэсэн санасан юм байгаа.

-Таны ээж болохоос өмнөх дуунууд эрч хүчтэй, цоглог ритмтэй дуунууд байх шиг санагддаг байсан. Ээж болсны дараа арай уянгын болоод байгаа юм уу гэж сонсогчийн хувьд ажиглаад байгаа. Таны хувьд ээж болсны дараа уран бүтээлүүд нь хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Ер нь юмыг харах өнцөг, амьдралыг харах өнцөг асар их өөрчлөгддөг юм байна лээ. Эмэгтэй хүн ээж болохоороо илүү зөөлөрдөг юм байна. Маш их төлөвшлийг олж авдаг юм байна. Амьдралыг бодитоор харж, амьдралд илүү хайртай болдог юм байна. Илүү хариуцлагатай болж эхэлдэг юм байна. Би одоо дөрвөн хүүхдийн ээж, удахгүй Алдарт эхийн одон авна. Намайг миний хүүхдүүд маш их өөрчилсөн. Өөрчилсөн хүмүүс яалт ч үгүй миний хүүхдүүд. Илүү эрч хүчтэй, илүү төлөвшсөн, буурь суурьтай Агиймаа буцаж ирж байгаа юм болов уу гэж бодож байна.

-Урлагтаа эргэн ирэхэд ханийн тусламж, дэмжлэг их хэрэг болсон байх?

-Тэгэлгүй яах вэ. Миний хань спортын хүн, тамирчин хүн. Би урлагийн хүн. Тэгэхээр бид хоёр урлаг, спорт гээд явчихдаг. Миний нөхөр урлагтаа эргэн ирэх хүсэл, эрмэлзэл тэр болгоныг минь дэмжиж байсан хүн бол миний хань, ижил. Мэдээж гурван хүүхдээ хоёр хоёр жилийн зайтай төрүүлээд, хүүхдүүдээ хараад, өсгөөд байж байх хугацаанд ганцаардаад, буцаад уран бүтээлээ хийх юм сан гэсэн тэр хүслийг хамгийн их мэдэрч байсан хүн бол яалт ч үгүй миний хань ижил. Жаахан хүлээчих тэгээд буцаад уран бүтээлдээ ороорой гэсэн. Тэгээд л яг тэр цаг хугацаа маань ирлээ. Миний хамгийн том фен байдаг, миний хамгийн том дэмжигч байдаг ханьдаа маш их баярлалаа гэж хэлье.

-Яг энэхүү уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа цаг хугацаанд ханийн дэмжлэг маш их байгаа байх?

-Миний хамгийн том фен, хамгийн том зааварлагч багш болдог. Би өөрөө жолоогоо барьдаггүй. Миний хань байнга миний хажууд жолооч болж байна, туслах болж байна. Заримдаа яарч сандарсан үед хувцас солино, зөвлөх болж байна. Юу ч болсон миний хажууд үргэлж надад тусалж байдаг. Ямар дуу дуулах вэ, энэ дуу гоё юм биш үү, үүн дээр чиний характер гоё гарч өгнө гээд менежер болчхож байгаа юм. Бид хоёр 24/48 байнга хамт байж байдаг. Надад маш их тусалдаг. Би ханийгаа хажууд байхгүйг төсөөлж чаддаггүй. Байнга тусалж байдаг ханьдаа хайртай.

Э.Номундарь алтан медалийн төлөө отгон Дэлхийн аваргатай тулалдана
Э.Номундарь алтан медалийн төлөө отгон Дэлхийн аваргатай тулалдана
 
Л.Оюун-Эрдэнэ: П.Хишигбаяр гэх хүн “Гэрэгэ тауэр”-ын 14 давхрын эзэн мөн юм бол мөнгөө төлөөд буцаагаад авч болно. Гэхдээ шүүх дээр явж байгаа хэргээ наймаалцаж болохгүй
Л.Оюун-Эрдэнэ: П.Хишигбаяр гэх хүн “Гэрэгэ тауэр”-ын 14 давхрын эзэн мөн юм бол мөнгөө төлөөд буцаагаад авч болно. Гэхдээ шүүх дээр явж байгаа хэргээ наймаалцаж болохгүй
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!