Сүүлийн нэг сарын хугацаанд Ормузын хоолойг тойрсон АНУ болон Ираны мөргөлдөөний асуудал дэлхийн нийтийн анхаарлын төвд байлаа. Геополитик, шашин, цөмийн зэвсгийн асуудлаас үүдэн улс орнууд хоорондоо дайн зарлах, зэвсэгт мөргөлдөөн, цаашлаад эдийн засгийг хумих бодлогыг хэрэгжүүлдэг. Харин АНУ болон Ираны сөргөлдөөн юунаас болж үүсэв, ямар шалтгаанууд нөлөөлсөн талаар уг нийтлэлээр дамжуулан уншигч танд хүргэж байна.
1979 оны хувьсгал хоёр орны дипломат харилцааг таслав
Тухайн онд Иранд хувьсгал болж АНУ-ын дэмжлэгтэй засгийн эрхийг барьж байсан Шах Мохаммед Реза Пехлавийг түлхэн унагав. Энэ хувьсгалыг Рухолла Хомейни удирдаж ойролцоогоор 2,500 жил үргэлжилсэн Хаант засаглал нурж Исламын Бүгд Найрамдах Иран улс байгуулагдаж байв. Хувьсгалын гол шалтгаан нь газрын тосны орлого их байсан ч ашиг нь зөвхөн эрх баригчдад төвлөрч, ажилгүйдэл, ядуурал өссөн буюу эдийн засгийн уналт, орлогын тэгш бус хуваарилалт нөлөөлсөн. Мөн 1953 онд болсон Ираны төрийн эргэлтэд АНУ нөлөөлж Ерөнхий сайдыг түлхэн унагаж Шахыг дахин засагт гаргасан явдал олны дургүйцлийг хүргэсэн юм.

Уг хувьсгалын дараахан Ираны оюутнууд 1979 оны 11 дүгээр сарын 4-нд АНУ-ын Элчин сайдын яамыг эзлэв. Тегераны барьцааны хямрал гэх нэрээр түүхэнд үлдсэн уг явдал АНУ болон Ираны дипломат харилцаанд цэг тавьсан хэрэг болсон. Элчин сайдын яаманд ажиллаж байсан 52 иргэнийг 444 хоног барьцаалсан байдаг. Энэ хоногуудад маш их зүйл өрнөсөн. Ираны талаас АНУ-д шаардлага хүргүүлж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд барьцааны хүмүүсийг суллах нөхцөлийг санал болгосон. АНУ энэ хугацаанд цэргийн ажиллагаа явуулсан ч бүтэлгүйтсэн. Эцэст нь “Алжирын хэлэлцээр” хийгдэж АНУ-ын зүгээс Ираны дотоод хэрэгт оролцохгүй байх, хөрөнгийг суллах, Шахын асуудлыг шийдэх зэрэг нөхцөлийг хүлээн авсан байдаг. Ингээд 1981 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр 52 америк иргэн суллагдаж байжээ. АНУ барьцааны иргэдийг авсан даруйдаа Иранд анхны гэгдэх эдийн засгийн хориг тавьж эхэлсэн. Энэхүү хоригуудаас болж Ираны эдийн засаг хямарч эхэлсэн. Энэ үйл явдлаас хойш хоёр улс албан ёсоор дипломат харилцаа тогтоолгүй өдийг хүрсэн. Хоёр орны асуудал ихэвчлэн гуравдагч орноор дамжин хийгдэж байгаа.
АНУ ахтай Израйл
1979 оны хувьсгалаас өмнө Иран, Израйл хоёр орон харьцангуй найрсаг харилцаатай байсан. Харин Исламын Бүгд Найрамдах Иран улс байгуулагдаж Израйлыг хууль ёсны улс биш гэж зарласан байдаг. Тэр цагаас хойш хоёр улс дайсагнаж байгаа. Мэдээж үзэл суртал, шашны ялгаа ч нөлөөлсөн байх.
Иран Хамас бүлэглэлийг дэмждэг. Хамас бол Палестины цэргийн байгууллага гэж ойлгож болно. Гол зорилго нь Палестиныг чөлөөлөх, Израйлын эсрэг тэмцэх үйл ажиллагаа явуулдаг. Ираны зүгээс Хамас-д санхүү, зэвсгийн дэмжлэг үзүүлдэг гэх мэдээллүүд байдаг. Харин Израйл Хамасыг террорист байгууллага гэж хардаг.

АНУ-ын Ойрх Дорнодод байгаа гол холбоотнууд нь Израйл, Саудын Араб, Катар зэрэг Персийн булангийн орнууд байдаг. Холбоотой байх олон шалтгаан байгаа. Бүс нутгийн нөлөөг хянах, нефтийн борлуулалтыг хэвийн явуулах гээд. Бас Ираны нөлөөг дарах зорилгоор АНУ эдгээр орнуудтай найрсаг харилцаатай байдаг. АНУ Персийн буланд хэд хэдэн цэргийн баазуудтай. АНУ, Израйл хоёр цэргийн ажиллагаа, эдийн засаг, худалдаа, технологийн салбарт хамгийн сайн харилцаатай. Тэр ч утгаараа Ирантай хийж байгаа мөргөлдөөнд Израйл АНУ-ын талд зогсдог. Иран эсрэгээрээ Израйл тэргүүтэй АНУ-тай холбоотон улсууд руу цэргийн цохилт өгч байгаа.
Ираны цөмийн хөтөлбөр АНУ-ыг айлгадаг
Иран цөмийн хөтөлбөрөө аль тал руу чиглүүлэх эсэх дээр АНУ их анхаардаг. Иран эрчим хүч үйлдвэрлэх үү эсвэл цөмийн зэвсэг хийх үү гэсэн сонголт. Ираны талаас цөмийн цахилгаан станц барьж, эрчим хүч үйлдвэрлэх, шинжлэх ухаанд ашиглах сонирхолтойгоо илэрхийлдэг. Харин АНУ-ын зүгээс тэднийг зэвсэг хийх магадлалтай гэж харддаг. Хэрэв Иран цөмийн зэвсэгтэй болчихвол Ойрх Дорнодод илүү өндөр байр суурийг эзэлнэ. Харин энэ бүхэн АНУ-д таалагдахгүй. Цөмийн зэвсэгтэй болчихвол АНУ-ын баазууд болон холбоотон руу илүү өргөн хүрээний цохилт өгөх эрсдэлтэй. Ираны зүгээс цөмийн үйл ажиллагаатай холбоотой зүйлсийг нууцалдаг. Мөн энэ асуудалтай холбоотой зөрчил илэрсэн талаар шуугьж байсан. Тэр ч утгаараа Израйл энэ асуудал дээр Ираны эсрэг хатуу байр суурьтай байдаг. Шар хүний өмнөөс хар хүн гэдэг шиг АНУ-ын өмнөөс Ирантай бүс нутгийн мөргөлдөөнийг их хийдэг.
Хоригоор дамжуулан Ираны эдийн засгийг сулруулах бодлого
Хориг хийх шалтгаан нь Ираны бүс нутгийн нөлөөллийг багасгах, цөмийн хөтөлбөрийн үйл ажиллагааг зогсооход оршиж байгаа. Хориг хийснээр Ираны инфляц өсөж, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ. Иран хэдий чинээ сул дорой байна АНУ болон холбоотнуудад ашигтай байна гэсэн үг. Ираны орлогын гол эх үүсвэр нь нефть. АНУ Ойрх Дорнодод холбоотнуудаараа дамжуулан нефтийн ноёрхлыг гартаа авах битүүхэн санаатай. Иранаас нефть худалдаж авсан улс болон компаниудыг хоёрдогч хоригт оруулдаг. Энгийнээр хэлбэл Ираны нефть зарах боломжийг багасгаж улсын төсөв, валютын орлогыг таслахыг оролддог.

Яг одоо бол технологийн хоригийг илүү хийдэг. Ялангуяа газрын тос боловсруулах, үйлдвэрлэл, программ, электроникийн салбарт. Энэ хоригоос болж Ираны үйлдвэрлэлийн хөгжил удааширна. Шинэ техник, технологи байхгүй бол эдийн засгийн өсөлтийн талаар ярих хэрэггүй. Харин нөгөө талдаа АНУ өөрийн холбоотнуудаа хамгийн сүүлийн үеийн техник, технологийг санал болгодог.
Мэдээж энэ хоригууд Ираны эдийн засагт нөлөөлсөн. Ажилгүйдэл өсөж, дундаж давхарга багассан. Дотоод мөргөлдөөн, үймээн самуун эсэргүүцлийн жагсаалын тоо нэмэгдэж байгаа. Ираны талаас энэ хоригуудыг тойрч зууч улсуудаар нефтээ борлуулдаг. Зууч улсын тоо олон байгаа тулдаа Иран өнөөдрийг хүртэл нурчихгүй оршин тогтнож байна. Гол худалдан авагч нь БНХАУ. Мөн Энэтхэг, Малайз, АНЭУ, Турк, Ирак, ОХУ зэргийг дурдаж болно. Хэдийгээр Ормузын хоолойд тээвэрлэлт бараг зогссон гэж байгаа ч эдгээр улсууд руу чиглэсэн тээвэрлэлт нууцаар хийгдэж байгаа.
Хоригийн эсрэг хориг-Ормузын хоолой
АНУ-ын зүгээс Иранд үзүүлэх хоригоо чангаруулж цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж нефтийн экспортод хатуу хориг тавьсан. Үүний хариуд Иран бид зарахгүй бол хэн ч зарж чадахгүй гэсэн байр сууринаас хандаж Ормузын хоолойг хаах ажлыг эхлүүлсэн. Ормузын хоолойн мөргөлдөөн өнгөрөгч сарын 28-нд эхэлсэн. Энэ хоолойн тээвэрлэлт зогсоод бараг сар болж байна. Ормузын хоолойд гацсан хүлгийн тооны мэдээлэл харилцан адилгүй байгаа. Хамгийн сүүлд гарсан мэдээлэл гэвэл The Guardian сайт дээр ойролцоогоор 1,000 орчим хөлөг гацсан гэж мэдээлжээ. New York Post дээр 2,000 гэх тоон мэдээлэл гарсан. Ямартай ч одоогоор энэ хоолойд хэсэгчилсэн нэвтрэлт буюу онцгой зөвшөөрөлтэй улсууд хийж байгаа. БНХАУ, Малайз, Тайландууд Ирантай тохиролцож чадсан.
Хоёр улс болон түүний холбоотнуудын хооронд болсон үйл явдал мэт эхэлсэн ч өнөөдөр дэлхийн олон улс орны эдийн засагт нөлөөлж байна. Нефтийн тээвэрлэлт тасалдаж газрын тосны үнэ огцом өсөв. Үүнээс болж эдийн засгийн байдал тогтворгүйжиж улс орнууд бензин, шатахууны хориг арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Үнээ нэмэх, хязгаарлалт тогтоох, экспортоо хумих зэрэг. Хэрэглэгч улс орнууд аргаа ядахдаа энэ аргуудыг хэрэглэж байгаа. Хоёрхон улсын шийдвэр олон улсын нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Тэр ч утгаараа АНУ болон Ираны асуудалд олон улс анхаарлаа хандуулж асуудлыг дипломат аргаар шийдэхийг сануулж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!