СУРВАЛЖИЛГА: Хүн худалдаалах гэмт хэргийн хянан шалгах ажиллагаа удааширч хүүхдийг насанд хүрсэн хойно нь шийдэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 17 секунд

АНУ, Монгол Улсын Засгийн газрууд Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


АНУ-ын ХХКГ-ний хэрэгжилтэд зориулсан 6.5 сая ам.долларын гадаад тусламжийг "Дэлхийн зөн Монгол", "Азийн сан" болон бусад дотоодын түнш байгууллагуудад олгож, Монгол Улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

Хэлэлцүүлэгт оролцсон албаны төлөөллүүдээс зарим асуудалд тодруулга авлаа.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг: Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн хохирогч хүүхдэд хүүхэд хамгааллыг үйлчилгээ үзүүлэх ажилд ахиц дэвшил гарсан. Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утас, Түр хамгаалах байр гэж бий. Энэ төвийн дэргэд Гэрэлт наран гээд бэлгийн мөлжлөгийн хохирогч хүүхдүүдэд тусламж үзүүлэх төвийг байгуулаад, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч 90 хүүхэд байрласнаас 34 хүүхэд нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч байсан. Эдгээр хүүхдүүдтэй мэргэшсэн алба хаагчид ажиллаад ирэхээр дахин хохирох, дахин сэтгэцийн гэмтэл авахаас сэргийлэн ажиллаж байна.

Энэ төрлийн гэмт хэргийг шалгахад тодорхой хугацаа шаарддаг. Хэргийг шалгах хугацаанд дахин хохирогч болохгүй байх, давхар гэр бүлийг нь хөгжүүлэх ажлыг энэ төвөөр дамжуулан ажиллаж байгаа. Хүүхдээс мэдүүлэг авахад тусгай ярилцлага хийдэг. Энэхүү ярилцлагыг авах тусгай гурван төвийг төслийн хүрээнд байгуулсан. Зөвхөн үүгээр хязгаарлахгүй 21 аймаг, есөн дүүрэгт 14 тусгай өрөөг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын төсөв, Хүүхэд хамгааллын байгууллагуудын төсөв, сайн дурынхны төсвөөр байгуулсан. Яг өнөөдөр хүүхэд хамгааллын салбар дундын багт дөрвөн хүүхэд хохирогчоор бүртгэгдээд байна. Үүнээс гурав нь хөдөө орон нутгаас тэр дундаа төмөр замтай, хөл хөдөлгөөн ихтэй бүсээс хүүхэд хохирогч болж байна. Хүүхэд байнга хамгааллын байранд байх уу гэвэл үгүй. Орон нутагт гэр орон нь байна. Ээж, аав гэр бүл нь байна. Ингэхээр бид орон нутгийнхаа мэргэжилтнийг чадавхжуулж, орон нутгийн чадавхыг дээшлүүлэх тал дээр бидэнд хэрэгцээ байна.

Дараагийн нэг асуудал хүн худалдаалах гэмт хэрэг, хэргийн хохирогчийн асуудал маш удаан шалгагдаж байна. Мөрдөн байцаах ажиллагаа удааширснаас болоод хүүхэд байхдаа хохирсон хэрэг насанд хүрсэн хойно нь шалгагдаж дуусаж байна. Жишээ нь,14, 15, 16 настай өсвөр насны хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна. Хэрэг нь шийдэгдэхгүй 2-3 жил болохоор насанд хүрчихдэг. Тэгэхээр насанд хүрэгчдийн үйлчилгээ ээлтэй байж чадах уу гэдэг асуудал яригдаж байгаа юм. Хүүхэд насандаа гэмт хэргийн хохирогч болсон бол хүүхэд насанд нь хэргийг шалгаж дуусгаад, хүүхдэд ээлтэй үйлчилгээ үзүүлэх тал дээр хэргийг шалгах ажиллагааг хурдавчлах боломж байна уу гэдэгт чадавхаа бэхжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байна. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт хүний наймааны хохирогч хүүхдийн хэрэг шийдэгдээгүй хоёр жил болж байгаа. Тэрхүү сэтгэл зүйн гэмтлээсээ болж амиа хорлох оролдлого хийсэн. Ингээд шөнө оролдлого хийснийх нь дараа хамгаалах байранд авчирч байгаа юм. Хоёр жилийн өмнө болсон хэрэг нь шийдэгдээгүй өнөө хүүхэд 19 нас хүрчихсэн. 19-тэй гэхээр насанд хүрчихсэн. Хүүхэд хамгааллын байранд байлгах боломжгүй тул СЭМҮТ-д аваачсан. Ингээд эмнэлэгт хэвтүүлэх болоход насанд хүрэгчидтэй цуг хэвтүүлэх болж байгаа юм. Хүүхэд хамгааллын хуулиар 19 нас хүүхдэдээ орно. Тэгэхээр салбар дундын комисс шөнө онлайнаар хуралдаж хүүхдийн тасагт хэвтүүлсэн. Тиймээс хүүхэд хамгааллын ажилд хувь нэмэр оруулж, хамтарч нэгдэж байгаа энэ төслийг үргэлжлээсэй гэж бид хүсэж байна.

2020 онд Монгол Улс хүн худалдаалах гэмт хэргийн дамжуулах орон байсан бол одоо энэ төрлийн гэмт хэргийн оролцогч орон болсон. Энэ гэмт хэргийг нэг хүн үйлдэх боломжгүй. Бүлэглэн үйлддэг мафийн шинжтэй.

Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр: Бид хүүхдээ өнөөдөр яаж хамгаална, яаж харилцана монголын нийгэм хэдхэн жилийн дараа тийм л байна. Дээд шүүх хүн худалдаалах гэмт хэргийн эрх зүйн орчныг сайжруулах, энэхүү гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаанд тавих стандартын 16 журмыг төслийн хүрээнд шинээр батлуулсан. Энэ стандартуудыг баримтлах, шүүн таслах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах тал дээр шүүх анхаарч ажиллаж байна. Бид өмнө нь хэрэгт холбогдогчдод насанд хүрсэн хүнтэй адилтган шүүн таслах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлдэг байсан байна. Гэтэл энэ нь хүүхдийн сэтгэхүйн хөгжилтэй холбоотойгоор хоорондоо ялгаатай болж таарч байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор богино хугацаанд хянан шийдвэрлэх, хохирогч тал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэж байгаа талууд, яллаж байгаа тал, өмгөөлж байгаа тал, бага насны хүүхдийг нотлох ажиллагаанд оролцуулахдаа хүүхэд сэтгэл зүйн хүнд дарамтад орж байсан юм байна. Энэ хэрэг ихэвчлэн гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг. Ойр дотныхон, гэр бүлийн хүрээнд маш их дарамтад орсон байна. Бид хүүхдээ хамгаалж чадалгүй хохироочихлоо. Түүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар дахин шархлуулаад, сэтгэлийг нь дахин дахин хохироосон нөхцөлүүд харагдаж байна. Тэгэхээр хүүхдийн онцлогийг гаргасан тусгай журам, богиносгосон процессын хууль, насанд хүрээгүй хохирогчийг харгалзсан тусгай ярилцлага хийх мэргэшсэн мэргэжилтнээр дамжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа прокурор, шүүгч нар харьцах хандах стандартыг тогтоохоор ажиллаж байна.

Д.Амарбаясгалан, Я.Содбаатар нар Ерөнхийлөгчтэй ЗГ-аас 2 сайдын квот өгөх эсвэл УИХ-ын даргаар хэнийг тавих вэ гэсэн асуудлаар тохиролцохоор уулзаж байна
Д.Амарбаясгалан, Я.Содбаатар нар Ерөнхийлөгчтэй ЗГ-аас 2 сайдын квот өгөх эсвэл УИХ-ын даргаар хэнийг тавих вэ гэсэн асуудлаар тохиролцохоор уулзаж байна
 
Д.Трамп Иран руу хийх эрчим хүчний цохилтоо 10 хоногийн хугацаатай хойшлууллаа
Д.Трамп Иран руу хийх эрчим хүчний цохилтоо 10 хоногийн хугацаатай хойшлууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!