
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд ойн экосистемийн ач холбогдол, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ойн гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэдэг.
Энэ хүрээнд өнөөдөр “Ой ба эдийн засаг” сэдэвт “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний VII хурал өнөөдөр (2026.03.21) болж байна.
Энэ арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Кристоф Форакс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар үг хэлж, ойн салбарын бодлого, олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар хэлэхдээ, “Ой бол зөвхөн байгалийн баялаг биш, харин уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны нөөцийг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах стратегийн чухал экосистем юм. Иймд ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах бодлогыг шинжлэх ухаанд суурилан хэрэгжүүлэх нь бидний тэргүүлэх зорилт юм” хэмээн онцоллоо.
Мөн Б.Батбаатар сайдын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь ойн нөөцийг нэмэгдүүлэх, доройтлыг бууруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг дурдлаа.
Өнөөдрийн арга хэмжээ Монгол орны ойн нөөцийн өнөөгийн төлөв байдал, ойн эдийн засгийн үр ашиг, ашиглалтын оновчтой хэлбэр, салбарт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэж, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход чиглэж байна.
Мөн Монгол орны ойн нөөцийн төлөв байдал, бодлогын чиг хандлага, ойн эдийн засгийн боломж, үр ашиг, таримал ой, ойжуулалт, нөхөн сэргээлт, мод, модон материалын нийлүүлэлт, үйлдвэрлэл, ойн экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, уур амьсгалын өөрчлөлт, ойн доройтол, биологийн олон янз байдал, ойн судалгаа, инновац, технологи (дрон, LiDAR зэрэг) зэрэг өргөн хүрээний асуудлаар нийт 16 илтгэл хэлэлцэгдэж, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд санал, зөвлөмжөө солилцож байна.
Хуралдааныг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид удирдан явуулж, хэлэлцүүлгийн үр дүнд ойн салбарын бодлого, менежментийг сайжруулах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санал, зөвлөмжүүдийг нэгтгэнэ.
Энэхүү хурал нь ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, шинжлэх ухаанд суурилсан шийдлийг бодлого, практикт нэвтрүүлэх, улмаар Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!