Д.Трампын нүүдэл байгаа онож Европ, Азийн орнууд Ормузын хоолойн асуудалд анхаарал хандуулж эхэллээ

Ангилал
Дэлхий дахинд Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 27 секунд

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолойн асуудал дээр бусад улс орнууд болон НАТО-д тодорхой хэмжээний шахалтыг үзүүлж эхэлсэн талаар мэдээлж байсан. Ялангуяа Ази, Европын улсууд болох БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Их Британи, Франц зэрэг орнууд тухайн тээврийн замыг хамгаалахад түлхүү оролцох ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн мэдэгдлийг хийсэн. Мөн эдгээр орнуудтай хамтарсан хэлэлцээр хийж, БНХАУ-д хийх айлчлалаа түр хугацаагаар хойшлуулах шийдвэрийг гаргасан. Д.Трамп хамгийн том айлчлалаа хойшлуулан байж хийсэн алхам ямартай ч зөв нүүдэл боллоо. Ормузын хоолойд үүсээд байгаа асуудал дээр Их Британи, Франц, Герман, Итали, Нидерланд, Япон, Канад улс хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэл бүрэн эхээрээ Их Британийн Засгийн газрын сайт дээр нийтлэгдсэн байна.

Энэхүү мэдэгдэлд тус улсууд Персийн буланд зэвсэггүй худалдааны хөлөг онгоцнуудад Иран зүгээс хийсэн халдлагууд, газрын тос, байгалийн хийн байгууламж зэрэг дэд бүтцэд чиглэсэн довтолгоонууд, түүнчлэн Ираны зэвсэгт хүчин Ормузын хоолойг бодитоор хаасан явдлыг хатуугаар буруушааж буйгаа илэрхийлжээ. Мөн НҮБ-ын далайн тээврийн чөлөөтэй нэвтрэх олон улсын эрх зүйн үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзжээ.

Эдгээр улсууд Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрэх нөхцөлийг хангах чиглэлээр хэрэгжүүлэх зохистой арга хэмжээнүүдэд хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Д.Трампын хийх дараагийн нүүдэл

Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан Д.Трампын зүгээс ямар нэгэн албан мэдээлэл хийгээгүй байгаа. Гэхдээ Д.Трампын өнгөрөгч долоо хоногт хийсэн мэдэгдлээс нэг зүйлийг анзаарвал нэр дурдсан улсуудыг Ормузын хоолой руу байлдааны хөлөг онгоц илгээж нефть тээвэрлэгч усан онгоцнуудыг аюулгүй нэвтрүүлэх ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн.

Тэгэхээр дараагийн хийх үйл ажиллагаа илүү цэргийн цохилт өгөх магадлалтай. АНУ болон Израйлын зүгээс эхний байж болох дайралтуудыг хийж эхэлсэн. Тухайлбал сүүлийн 72 цагийн хугацаанд Ираны Тагнуулын сайд тэргүүтэй өндөр албан тушаалтнууд амиа алдсан. Мөн Израйл Ираны өмнөд хэсэгт байрлах, дэлхийн хамгийн томд тооцогдох "South Pars" байгалийн хийн орд руу цохилт өгсөн. Гэхдээ энэхүү үйл ажиллагаанд АНУ-ын зүгээс оролцоогүй, мэдээгүй гэж Д.Трамп мэдэгдээд амжсан.

АНУ-ын дангаараа шууд цэргийн ажиллагаа явуулах бодолгүй байгаа байх. Хэрвээ тэгж бодсон бол эрт хөдлөх байсан болов уу. Харин эхний хийх алхам нь эдгээр улсуудтай хамтран тус хоолойд гацсан байгаа нефтийн болон худалдааны хөлөг онгоцнуудыг байлдааны хөлөг онгоцоор хамгаалан нэвтрэлтийг нэмэгдүүлэх, хэвийн болгох үйл ажиллагааг зохион байгуулах байх.

Ираны хариу үйлдэл бүх зүйлийг шийднэ

Эдгээр улсуудын хийсэн мэдэгдэл дипломат биш шинжийг түлхүү агуулсан. Тэр өнцгөөс нь харвал Иран буулт хийхгүй бол эдгээр улсууд нийлж цэргийн үйл ажиллагаа явуулах магадлал илүү их. Ираны хувьд Ормузын хоолойг бүрэн хаагаагүй энэ бүх асуудал АНУ-аас болсон гэх мэдэгдлийг хийж байгаа. Харин нөгөө талд АНУ-ын хувьд үг гэхээс илүү үйлдлээрээ дараагийн хийх алхмаа илэрхийлсэн. Тэр ч утгаараа Ираны эсрэг цэргийн байрлал авах, бүс нутагт хүч нэмэгдүүлэх ажлуудыг эхлүүлсэн байгаа. Иран ямар арга хэмжээ авахаас бүх асуудал шийдэгдэхээр харагдаж байна.

Талуудын одоогийн байр суурь нөхцөл байдлаас харвал өргөн хүрээний гэхээс илүү хязгаарлагдмал цэргийн ажиллагаа явуулах магадлал илүү өндөр. Тухайлбал худалдааны хөлөг онгоцыг хамгаалах, Ираны дэд бүтцийн цэгүүд болон дрон болон пуужингийн баазад цохилт өгөх үйл ажиллагааг хэлж болно.

Одоогийн байдлаар тус хоолойд 2.000 орчим худалдааны хөлөг гацсан гэх мэдээлэл байгаа. Хамгийн түрүүнд тус хоолойд гацсан хөлөг онгоцнуудыг нэвтрүүлэх ажлууд хийгдэнэ. Харин энэ үед болох мөргөлдөөний улмаас том хөлөг онгоц халдлагад өртөж живэх, цэргийн хөлөг онгоц руу Ираны тал халдвал байдал бодсоноос муугаар эргэнэ. Иран түрүүлж цохилт хийвэл түүний эсрэг АНУ тэргүүтэй улсууд цэргийн ажиллагаа явуулах магадлалыг улам нэмэгдүүлнэ Гэхдээ энэ байдлыг сөргөлдөгч талууд хүсэхгүй нь ойлгомжтой. Иран энэ асуудалд хэрхэн хандахаас бүх зүйл шалтгаалахаар байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
 
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!