
Жил бүрийн 3 дугаар сарын 3 дахь Мягмар гарагт Дэлхийн нийгмийн ажлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр дэлхий даяар нийгмийн ажилтнуудын нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, алдаршуулж, нийгмийн ажлын үйлчилгээ, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулдаг ажээ.
Дэлхийн өнцөг буланд амьдарч, ажиллаж буй нийгмийн ажилтнууд 2026 оны энэ өдрийг “Хуваагдсан нийгмийг нэгтгэхийн төлөө Найдвар хийгээд найрслыг хамтран бүтээе” уриан дор тэмдэглэж байна.
МУИС-ийн Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв 2024 оноос “Нийгмийн ажилтны нээлттэй индэр” хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулах санаачилга гарган, нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудтай хамтран зохион байгуулж эхэлсэн. Үүнээс хойш гурван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, нийгмийн олон салбарт ажиллаж буй 22 нийгмийн ажилтан панелистаар оролцон нийгмийн ажил мэргэжлийн үнэ цэнэ, нийгэмд үзүүлж буй эерэг нөлөө, өөрчлөлтийн тухай үзэл бодол, саналаа хуваалцжээ.
Энэ жилийн “Нийгмийн ажилтны нээлттэй индэр” хэлэлцүүлэгт Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Нийгмийн ажлын багш сургагчдын холбоо, “Гүнж төв” ТББ, “Хөөрхөн зүрх” ТББ-ийн 120 орчим нийгмийн ажилтан, мэргэжилтэн, багш, судлаач, оюутан залуус оролцсон байна.
Тэд нийгмийн ажил мэргэжлийн онцлог, мэргэжлийн давуу тал, нийгмийн салбарт оруулж буй хувь нэмэр, тулгарах сорилт бэрхшээл, даван туулж буй арга зам сэдвээр туршлагаа хуваалцсан бөгөөд нийгмийн ажлын анхдагч хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотой санал бодлоо хэлсэн юм.

Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!