
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2026 оны тавдугаар сарын 19-25-ны өдрүүдэд Олимпын Таеквондогийн Ази Тивийн Аварга Шалгаруулах XXVII дугаар тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдаж, спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээх гэж байна. Тэмцээнд нийт 45 орны шилдэг тамирчид, дасгалжуулагчид болон албаны төлөөлөгчид оролцож, пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр хүч сорих бөгөөд зөвхөн медальтнуудыг тодруулах бус, 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Япон Улсын Аичи муж, Нагоя хотноо болох Азийн зуны XX дугаар спортын наадамд эрх олгох тэмцээн гэдгээрээ онцлогтой юм.
Түүнчлэн, Дэлхийн Таеквондогийн Холбооны Ерөнхийлөгч доктор Чое Чунвон өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцохоос гадна тус холбооны үзүүлэн тоглолтын баг болох авьяаслаг Америкчууд шоуны “Алтан баззер”-ийн эзэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж таеквондогийн урлаг, хүч чадлын гайхамшгийг толилуулах гэж байна.
Өмнө нь манай улсын тамирчид насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 23 медаль хүртэж байсан нь Монголын таеквондогийн спортын хөгжлийн түвшинг илтгэн харуулдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!