
"The HU" хамтлагийн хөөмийч, хөгжимчин, соёлын биет бус өвийг тээгч, МУГЖ Г. Нямжанцантай ярилцлаа. Тэрбээр МУГЖ хэмээх цолыг Сар шинийн баярын өмнөхөн буюу битүүний өдөр хүртээд буй юм. Уулзаад ярилцлагаа авахаар танхим руу явах хэдхэн минутад түүнд баяр хүргэх олны цуваа тасарсангүй.
-Могой жилийн сүүлийн өдөр буюу битүүний өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасанд баяр хүргэе. Танд баяр хүргэх олны цуваа дуусаагүй, баярын мессеж тасраагүй л байх шиг байна?
-Маш сайхан байна. Баяр хүргэсэн мэндчилгээ, цуваа үргэлжилсээр л байна. Урлагийнхан бүгд л яриад, бичээд холбогдоод баяр хүргээд, мессеж бичсээр байгаа. Ямар гоё юм бэ гээд л... Багш нар, аав ээж, үе тэнгийн урлагийн найз нөхдийнхөө магнайг тэнийлгэж баярлуулсандаа баяртай байна.
-Төрийн өндөр дээд шагнал хүртээд зогсож байхад ямар сэтгэгдэл төрж байв. Танд шагнал гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч юу гэж хэлсэн бэ?
-Маш сайхан мэдрэмж төрж байсан. Багаасаа сурсан миний үндсэн мэргэжил лимбэчин. Завханы Хөгжим бүжгийн сургуульд 1995 онд лимбэ хөгжмийн ангийг сонгож орсноор миний урлагт зүтгэх, урлагийн гараа минь эхэлсэн. Тэр цаг мөчөөс хойш тооцохоор 31 дэх жил минь болж байгаа юм байна. Эргээд харахад чамгүй их хугацааг үдсэн байна. Ачлалт багш нар, намайг чиглүүлж өгсөн ээж аав хоёрыгоо намайг зөв зүйлд чиглүүлсэн юм байна гэж бодлоо. Сайн багш нарын шавь байсандаа бахархаад сайхан байдаг юм байна.
Ерөнхийлөгч маш сайхан үг хэлж урам зориг нэмсэн. "Олныг оройлж, түмнийг төлөөлж, улс орныхоо нэр хүнд урлаг соёлынхоо нүүр царай болж, олон улс тив дэлхийд урлаг соёлоо сурталчилж яваад нь баяр хүргэе. Ах нь дүүгээрээ бахархаж явдаг шүү" гэсэн. Өчнөөн гоё үгс байсан. Санаж байгаа нь энэ байна. Маш гоё урам зориг авсан сайхан өдрүүд байлаа. Энэ мэдээг дуулснаасаа хойш л хөөрчихсөн л дөө.
The Hu хамтлаг бол Дашка ахын маань 8-9 жилийн судалгаа, бодсон, төлөвлөсөн бүх зүйлийн БИЕЛЭЛ
-Продюсер Б.Дашдондог ахтай ярилцаж байхад The Hu хамтлагийг би 8 жил тархиндаа бүрэлдүүлж, бодож, сэтгэж, төлөвлөж байгуулсан гэж ярьж байсан юм. Таны хувьд хамтлагтай хэрхэн нэгдэж байв. 8 жилээ төлөвлөхдөө таныг анзаарч харсан байх л даа?
-Хүннү рок, Хү бол маш их судалгаан дээр тулгуурласан зүйл байсан. Дашка ахын маань 8-9 жилийн судалгаа, бодсон, төлөвлөсөн бүх зүйлийн биелэл нь. Тиймээс бидний амжилттай азтай, одтой явах бүх зүйлийг маш эртнээс томъёолсон, мэдэрсэн, мэдсэн учраас бидний амжилтын нууц үүнд байдаг юм болов уу гэж бодож явдаг. Дэлхийн рок хөгжмийн урсгалд Хүннү рок гэдэг зүйлийг Хү хамтлаг тамгалж явна. Бидний араас маш олон Хүннү рокоор замнах хамтлагууд гарах байх. Ямар ч байсан тэднийхээ түүчээ болж, өмнө нь хар сүлд нь болж явж байна. Хү хамтлагаараа маш их бахархдаг.
2015 оны дөрөвдүгээр сарын 20-нд болсон Сараа эгчийн төрсөн тоглолтын after party дээр л Дашка ахтайгаа анх таарч, оройжин ярьж суусан юм. Шинэ төсөл эхлүүлж байгаагаа, миний сурсан түүх, юу юу тоглодог, яаж сурсан, судалсан бүх зүйлийг асууж сонирхоод байсан. Тэр нь ч учиртай байсан юм билээ. Тэгээд л хамтлагийнхаа анхны гишүүн болж ирээд, Галаагаа Дашка ахтайгаа танилцуулаад, Галаа бид хоёр Энхүүшийг дуудаж Дашка ахтай уулзуулаад, хамгийн сүүлд Тэмка орж ирээд дөрвүүлээ болж аваад "Юу вэ, юу вэ"-гийнхээ клипийг хийхээр баруун аймаг руу гарч байсан даа.
-Таны аав Завхан аймгийн Хөгжимт дармын театрын хөгжимчин байсан мөртөө таныг урлагийн хүн болоход жаахан дургүй янзтай байсан гэсэн. Ээж нь харин дэмжиж байж, энэ хүрчээ гэж ойлгосон. Яагаад тухайн үед аав нь дургүйцсэн юм бол оо?
-Жаахан байхаас л аав, ээж хоёр минь "Миний хүү урлагийн хүн болно. Урлагийн сургуульд орно. Хөгжим бүжгийн сургуульд оруулна" гэдэг үгийг маш их хэлсэн байдаг. Би ч далд ухамсартаа хөгжмийн хүн болох юм байна даа гэсэн бэлтгэлтэй болчихсон байсан. Гэхдээ аав урт удаан хугацаагаар бригад явна. Өөрөө амьдрал ахуйгаасаа болоод хөгжмөөсөө холдсон болохоор ер нь жаахан бэрхшээсэн байх л даа. Хөгжмийн хүн болоод яах юм бэ гэсэн байр суурьтай хандаж эхэлсэн. Мэдээж өөрөө хөгжимчин хүн байсан болохоор дотроо дуртай байсан ч ил гаргаагүй. Ээж минь "Хүүгээ хөгжимчин л болгоно" гэнэ. Манай аав 1980-1982 оны хооронд яг намайг төрөх хүртэл Соёлын ордонд контрбасс хөгжим тоглож байх үед би мэндэлсэн байдаг. Тэгээд л аав минь суурин ажил хийх шаардлагатай болоод дуртай ажлаа орхисон.
Тухайн үед яг л манай Хү хамтлаг шиг 45 хоногийн, 60 хоногийн бригадаар явна. Тэр үед утас шөрмөсөөр холбогдоно гэж байхгүй. Нэг гараад л 45, 60 хоногийн дараа ирнэ гэхээр хэцүү л байсан байх л даа. Хувь тавилан гэж сайхан юм. Би мэндэлж аавыгаа урлагийнх нь ажлаас салгасны хариуг барьж байгаа юм шиг аавынхаа мэргэжлийг өвлөсөн байдаг. Нэг гоё зүйл нь аав бид хоёр нэг багштай. Пүрэвжав гэж Завханы алдартай лимбэчин хүн байсан. Пүрэвжав багш минь аавд анх контрбасс хөгжим заасан. Надад лимбэ заасан. Мөн аав бид хоёр хоёулаа ажлынхаа гарааг Завхан аймгийн Хөгжимт драмын театраас эхлүүлж байж. Аав минь тэндээс контрбасс хөгжмөөр ажлын гараагаа эхлүүлсэн бол би тэр ягаан байшингаас лимбэ тоглож эхэлсэн. Завханыхаа театраар маш их бахархдаг.
Дараа нь Улсын ардын дуу бүжгийн чуулга нэртэй байхад нь би орж байлаа. Миний мөрөөдлийн театр байлаа. Дөнгөж оюутан болоод сарын дараа мөрөөдлийнхөө театрт хөгжимчнөөр орж, оюутныхаа он жилүүдэд ажилсанаараа маш их баярладаг, бахархдаг. Тэндээс маш их зүйлийг сурсан. Миний хөгжимчний амьдралд маш их түлхэц болсон. Тулах цэг болсон газар даа. Хүн хүсэж, хүсэж байгаад хүсэл нь биелчихээр уудаг цаас гэдэг шиг л бүх зүйлийг сурч, шимж авдаг юм байна лээ. Тэр бүх зүйл минь миний амьдралд өдөр тутамд л хэрэг болж явах юм даа. Дараа нь Бүх цэргийн чуулга, Түмэн эх чуулгад ажиллаж байгаад Монгол Улсын Консерваторт 2008-2018 он хүртэл, одоо 70 насны ой нь болж байгаа Д.Энхтайван багшийнхаа орыг залгаж ширээнд нь сууж, сургалтынх нь школыг үргэлжлүүлж, 10 жил багшлах хувь тохиосон. Түүндээ маш их баярладаг.
Хайртай хүндэлж явдаг, миний идеалист болсон багшийнхаа 70 насны ойгоор нь Монгол Улсын 7 дахь гавьяат лимбэчин цол хүртлээ. Маш гоё учрал тохиол байна гэж баярлаж байна. Багшийн маань нэрэмжит олон улсын уралдаан болж байна. Багачуудын дотоодын уралдаан байсан. Энэ жилээс эхлээд олон улсын уралдаан болж байгаа юм байна. Хөрш орнуудаас ирж байна. Арлын Японоос ирж оролцож байна. Ач холбогдолтой, ирээдүйн лимбэчдийг бэлтгэхэд маш том бааз суурь болсон уралдаан болж байна гэж харагдаж байна. Залуу, шинэ үеийнхэн гоё гараад ирчхэж. Хамтлагийнхаа ажлаар лимбэнээсээ жаахан холдсон байсан. Гэхдээ байнга тоглоод бичлэгээ оруулаад, би байгаа шүү гэдгээ байнга илэрхийлээд явдаг л даа. Хөгжимдөө хайртай юм чинь яах вэ.

"Монгол лимбэний онцлог уртын дууг битүү амьсгаагаар тоглодог арга барил. Энэ бол дэлхийд тамгалагдсан"
-Энэ уралдаан олон улсынх мөртлөө зөвхөн монгол лимбэний төрлөөр өрсөлдөж байгаа гэсэн. Битүү амьсгаа гэж зөвхөн монголд байдаг төрөл гэж сонссон. Тэгэхээр манай монгол лимбэ маш онцлогтой байх гэж харагдаж байна?
-Лимбэгүй орон гэж бараг байхгүй. Дэлхий даяар лимбэтэй төстэй хөгжмүүд маш их байна. Ижил төстэй, босоогоор үлээдэг, хөндлөн барьж үлээдэг гэх мэт. Судлаачид тайлбарладаг л даа. Цохидог, үлээдэг, дэлддэг хөгжмөөс л дэлхийн хөгжмийн үүсэл эхэлсэн байдаг гэж. Хэр олон оронд тархсанаас нь хөгжмийг хэр эртнийх вэ гэдгийг нь харж болно. Маш хуучин зүйл учраас маш сайн тархсан байгаа юм. Тэгэхээр монгол лимбэний онцлог уртын дууг битүү амьсгаагаар тоглодог арга барил. Энэ бол дэлхийд тамгалагдсан. Монгол гэхээр л битүү амьсгаагаараа тоглоно доо л гэдэг. Тэр нь өөрөө маш гайхамшигтай зүйл. Энгийн ухаанаар бодож үзвэл амьдрал дээр байх боломжгүй зүйл. Хоёр амьсгаа зөрж байх ёстой. Би амьсгаагаа гаргаж байхдаа зөрүүлээд амьсгалаа авч байдаг. Буцаагаад нийлүүлээд, холиод явна. Тэгэхээр энэ чинь ид шидийн зүйл. Ид шидийн ийм арга барилыг амьдралдаа хэрэглээд, гэртээ суугаад, өөрийгөө баясгаад, уртын дуугаа тоглоод, малаа хариулаад явж байхдаа бэлчээртээ тоглоод явж байдаг ийм л ард түмэн байжээ. Тэгэхээр бид ямар их оюун санааны болоод соёл урлагийн арвин өвтэй чадварлаг өвөг дээдсийн удам бэ гэдгээ олж харж болно. Хөөмий бас тийм. Нэг хүний хоолойноос нэг л өнгө гардаг бол түүнийг хоёр болгож хүний чадвараас хэтийдсэн өндөр түвшинд аваачиж, шавхаж гаргаж ирдэг. Цуур бас л хүний хоолойг хоёр давхарлаж байгаад, хоёр давхар өнгөөр тоглодог. Энэ гурван сайхан урлагаар гурвуулангаар хичээллэж, гурвууланг нь өвлөн уламжилж, гурвууланг нь заадаг, сурталчилдаг, тоглодог гэдгээрээ би их бахархаж явдаг.
-Таны оюутан болсон үе их хөгжилтэй, танд их дурсгалтай үйл явдал болсон юм шиг байна лээ?
-Завхан аймгийн Хөгжим бүжгийн сургууль намайг багшаар авч үлдэнэ гээд. Би багаасаа театрт ажилласан, театрын үндсэн хөгжимчин болчихсон байсан. Намайг "Театртаа ажилла, давхар сургуульд багшил. Хоёр байгууллагын цалин бүтэн авна. Хажуугаар нь чамайг байгууллагын зардлаар бакалавр, магистр сургаад өгчихнө" гэж ашигтай санал манай аав, ээж хоёрт тавьсан байгаа юм. Тэгээд л аав, ээж "Миний хүү заавал явах хэрэг байна уу. Чамайг сургаад өгье гэж байна. Дээрээс нь ажилтай, орлоготой бүх зүйл чинь бэлэн болчихсон байхад миний хүү заавал явах хэрэг байна уу" гэдэг зүйлийг ярилцсан л даа.
Би цаашаа сурна, дээд мэргэжилтэй хөгжимчин болно. Тултал нь сурна гэдэг дээрээ бат зогссон. Тэр маань ч миний амьдралд үр өгөөжөө өгч байх шиг байна. Сүүлдээ ч аав, ээж хоёр минь "Миний хүү өөрийнхөө шийдвэрээр яв. Чиний конкурсийн байдлаас харъя. Конкурсээ үнэхээр сайн аваад ирвэл бид хоёр юу ч ярихгүй" гэсэн. Би конкурсдээ нэгээр жагссан. 94 оноо аваад, хамгийн дээр нь жагсаад томилолтоо бариад очиж байлаа. Тэгээд аав, ээж минь юу ч хэлээгүй. "Миний хүү сурах нь зөв юм байна" гээд л дагасан даа.
Тэгээд л миний урлагийн амьдралын хөвөрдсөн түүх эхэлсэн. Сонин, сонин хөөрхөн хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн байдаг. Фургон дотор манай театрын Бархүү ах бид хоёр хамтдаа хот руу ирж байсан юм. Бархүү ах намайг их сумлана аа. Фургонд явж байгаа хүмүүст намайг магтаад "Манай Нямжанцан хорвоод хосгүй лимбэчин" л гэж байна. Тэгсэн лимбийг гаргаж ирээд тоглох боломжтой юм чинь чи тоглоод өгөөч гээд би замын турш лимбэ тоглож ирсэн. Тийм дуу тогло, ийм дуу тогло гээд фургонтой хүмүүс дуулаад л. Хөгжилтэй замыг туулсаар хотод ирж байлаа. Тэгээд шалгалтаа өгөөд СУИС-ийн хувиараа авч байлаа. Тухайн үед гоцлол хөгжмийн анги гэж байсан. Гоцлол хөгжмийн анги, багшийн мэргэжлээр сурна гэдэг маш нэр хүндийн асуудал. Завханд зургаан жил сурсан эрдэм мэдлэг, багш нарынхаа зааж сургасан зүйлийг СУИС-д ирж гайхуулж, хуваариа авч байлаа. Түүгээрээ их бахархдаг.
-Одоо Хү хамтлагийн нэгэн эд эс болоод дэлхийд танигдаад, дэлхийн хүн болсон хойно аав, ээж нь юу гэж байх юм?
-Аав, ээж хоёрынх нь хүүгээ чиглүүлсэн нь зөв байжээ. Миний хүүгийн хөдөлмөр зүтгэл байлгүй яах вэ гэж байнга хэлдэг. Би ч багаасаа онц дүн авч, мэргэжлийнхээ шалгалт, хөгжмийнхөө хичээлүүдэд сайн дүн авч ээж аавдаа бэлэг барьдаг хүүхэд байсан. Түүний минь л үр дүн гарч байна гэж манай хоёр ярьдаг юм.
"Зангидсан гар гэдэг бидний ажил дээр л илэрч байдаг"
-Энэ жил Хү хамтлагийн 10 жилийн ой тохиож байгаа гэсэн. Миний санахад 2018 онд Юу вэ, юу вэ, Wolf totem дууны клип youtube үзэлт нэг нь 20 сая, нөгөөх нь 9 сая болсон байна гэсэн мэдээг бичиж байсан юм. Тэгэхээр тэрнээс өмнөх хоёр жилд бэлтгэл ажлаа маш сайн хангаж байжээ дээ?
-Тэгэлгүй яах вэ. Хөгжмийн зэмсгүүдээ хийж байгаа юм. Хувцас нь ямар байх вэ. Уран бүтээлүүд дээрээ өдөр болгон сууж шинэ уран бүтээл шинээр туурвиж гаргана. Бичлэгийн ажлуудаа хийнэ. Янз янзын туршилтууд байнга хийнэ. Зарим нь бүтэлгүйтнэ. Дахин туршина. Яг тийм ажил дээр хоёр жил төвлөрсөн. Анхныхаа клипийг хийж цацах нь зөв юм байна. Тэр нь Юу вэ, юу вэ байвал зөв юм байна гээд л ажилласан. Манай Юу вэ, юу вэ дуу рокийн гоё хэмнэл, шафл ритмтэй дуу. Хүнд маш хурдан хүрдэг. Хүмүүс шафл дуунд маш дуртай байдаг. Тийм ч учраас хүмүүст хүрэхийг нь бодож Юу вэ, юу вэ дуугаараа клипийг нь эхэлсэн. Манай Дашка ахын санаа байсан. Аргагүй л олон жилийн туршлага гэдэг чинь хүнд юуг хүргэх, аль уран бүтээлээ түрүүлж хүргэх гээд өөрөөр сэтгэсэн. Бид ч өөр саналтай байсан. Өөр дуу байвал зүгээр юм биш үү гээд л хэлсэн. Тэгсэн ах Юу вэ, юу вэ нэгт байна. Чонон сүлд хоёрт байна. Тэгэхээр Юу вэ, юу вэг хийнэ гээд л гарсан. Баруун аймгийн цаст өндөр уул руу нийтдээ 5-6 мянган км туулж, явж бүтсэн клип л дээ. Яалт ч үгүй л бидний хамгийн их хандалттай, хүмүүсийн хамгийн дуртай дууны маань нэг өнөөдрийг хүртэл хэвээрээ байсаар л байна. Тэгэхээр үнэхээр зөв мэргэн сонголт байсан гэдэг нь ойлгомжтой.

-Продюсер Б.Дашдондог болон Хү хамтлагийнхан тоглолтоос тоглолтын хооронд явдаг. Тэр хооронд замдаа нойр хоолоо зохицуулах, амралт сургуулилтаа тааруулах, эрүүл мэндээ хамгаалах гээд бүхнийг маш нарийн дэглэмийн дагуу хийх шаардлага гардаг. Олон хотуудын хооронд замдаа энэ бүхнийг зохицуулах маш хэцүү гэж ярьж байсан. Та хамтлагийн гишүүний хувьд тэр олон цагийн аялал, тоглолтын хуваарийг хэрхэн зохицуулж байна?
-Хувь хүний зохион байгуулалт үүнд маш их үүрэг гүйцэтгэдэг. Би хэн болж төлөвшсөн юм бэ. Хэр зэргийн урлагийн хүн болж төлөвшсөн юм бэ гэдэг чинь үүн дээр харагдаж байдаг. Өөрийгөө эрүүл байлгах, зөв хоол ундаа идээд, өвдөж хавдахгүй явна гэдэг чинь надаас шалтгаална. Тоглолтоо тасалж болохгүй, тур тасалж болохгүй шүү дээ. За тэгээд ажил, амралт бүх зүйлээ зохицуулна. Олон дараалсан тоглолтуудад тайзан дээр гардаг найман залуу, Дашка ахтайгаа есүүлээ. Менежментийнхээ хоёртой нийлээд 11-үүлээ нэг цул болж, зүрх сэтгэл нь цохилж, толгой тархи нь ажиллаж, турынхаа төлөө, тоглолтынхоо төлөө бүх зүйлээ зориулж байж амжилтад хүрдэг. Зангидсан гар гэдэг бидний ажил дээр л илэрч байдаг. Нэг хүн шиг л байх ёстой. Бодол санаа, бүх зүйл дээр нэгдэх ёстой. Миний чуулга театруудад ажиллаж, олон ах эгч нартайгаа ажиллаж авсан туршлага минь бас их хэрэг болдог. Бие биеэ халамжилна. Ингэе, тэгье гэсэн шинэ санаа гаргана. Ингэвэл зүгээр юм байна, хэдүүлээ тэгье гээд л аль мэргэн санаа гаргаснаа дагана шүү дээ. Тэгээд л хэдэн хөөрхөн залуус бие биеэ бөөцийлөөд явдаг. Эргээд бодохоор их гоё санагддаг. Хэзээнээс л бид бие биедээ заяагдчихсан, хэчнээн өөр өөр гэрт төрж, өөр өөр ээж аавтай өссөн ч гэсэн нэг гэрт төрж өссөн юм шиг тийм гоё уур амьсгалтай байдаг. Түүгээрээ би хамтлагийнхнаараа маш их бахархдаг. Бидний хамгийн их бахархах зүйл юу вэ гэвэл би түүнийгээ л хэлнэ. Гоё уур амьсгал, бие биедээ хайртай байдаг байдал, хамтлагаа гэдэг сэтгэл, нэг гэрт өссөн хүүхдүүд шиг, төрсөн ах дүүс шиг байдаг. Тэр минь бидний хамаг гоё амжилтын минь нууц юм уу даа.
-Энэ хугацаанд аялан тоглолтоор явахад гэр бүл үр хүүхэд, гэр орон, эх нутгаа их санадаг байх. Анх явахдаа эх орондоо ирээгүй нэлээд удсан санагдаж байна. Ар амьдрал, гэр орноо яаж зохицуулж байна. Хань ижил, үр хүүхдүүд нь ч хамтлагийн гишүүн шиг болчихсон уу?
-Тэгэлгүй яах вэ. Хамтлагийн ард бүхэл бүтэн хамт олон байгаа. Хүүхдүүд минь хүртэл бидний нэгэн адил нэг баг болж ажиллаж байгаа юм шүү дээ. Ар гэрийг зохицуулахад эхнэрүүд маань маш том үүрэг гүйцэтгэдэг. Өөрсдийнхөө карьерыг орхисон. Манай эхнэр гэхэд л яг л надтай адил магистр хүртэл сурсан. Монгол Улсын консерваторт багшилж байсан. Чуулгад ажиллаж байлаа. Бүх л зүйл нь надтай яг адилхан. Гэхдээ нэгнийхээ амжилтын төлөө өөрийгөө золиход хүрч байгаа юм. Хүүхдүүдээ сургахад анхаарч байна. Хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөгөөд, өөрийнхөө бүх зүйлийг хойш тавиад явж байгаа ханиараа, мөн хамтлагийнхаа гишүүдийн үр хүүхдүүд ханиудаар нь маш их бахархдаг. Мэдээж аялан тоглолтын үеэр гэр бүл, үр хүүхдүүд, хань ижил, аав ээж, эх нутгаа саналгүй яах вэ. Маш их санана. Одоо ч харьцангуй холбоо харилцаа сайжирч, байнга видео дуудлагаар холбогдож, өдөр бүр ярина. Яваад ирэхэд бөөн л бэтгэрчихсэн хүүхдүүд байгаа юм чинь. Бүгд л энэ амжилтын төлөө, ажлын төлөө хамтдаа л зүтгэж байгаа.
-Энэ жилийн тоглолтуудын хуваарь гарсан байх шиг байсан. Бас шинэ цомгийн ажил давхар явагдах уу. Хамтлагийн төлөвлөгөө юу байгаа вэ?
-Ер нь энэ жилийн тоглолтуудын төлөвлөгөө гарчихлаа. Тавдугаар сараас Хойд америк, Канадын тур нэг сарын хугацаатай яваад ирнэ. Долоодугаар сарын 11-нд Лондонд тоглоно. Дараа нь наймдугаар сараас Хойд америк, Канадаар дахин явна. Залгуулаад Европын тур эхэлнэ. Английн очоогүй хотуудаараа очно. Бүтэн Европ тур явна. Ер нь 11, 12 дугаар сарын тур зарлагдчихлаа. Тэр дундуур монголдоо байх хугацаандаа бид 10 жилийн ойн тоглолтоо Төв цэнгэлдэхэд монголчуудтайгаа тэмдэглэхээр бэлтгэл ажлууд маань хийгдээд явж байна. Удахгүй өдөр нь зарлагдах байх. Дээрээс нь бидний гурав дахь цомог гарах жил. Шинэ синглүүд маань эхнээсээ хийгдээд, цацагдаад явж байгаа. Үргэлж бидэнтэй хамт байж, хийж байгаа бүтээж байгаа бүх зүйлд минь хүч нэмж байдаг хайртай фенүүддээ, монгол ахан дүүстээ, дэлхий даяар байгаа монголчууддаа, дэлхий даяар манай хамтлагийг сонсдог фенүүд буюу The HU family-н бүх фенүүддээ энэ ташрамд хайртай шүү гэдгээ хэлэх нь зөв байх аа гэж бодож байна.
-Хамгийн сүүлд Увс аймагт болсон тоглолт ямар болов?
-Увсад хийсэн тоглолт гайхалтай болсон шүү. Урд өдөр нь наадмынх нь үйл ажиллагаа дуусаад, бүх юм нь хаалтаа хийгээд, урлагийн одод тоглоод дуусчхаж байгаа юм. Тэр оройноосоо эхлээд хот руу буцах зам нь битүү дараалал үүсээд, цуваа нь яваад эхэлчихсэн. Маргааш өглөө нь боссон чинь битүү л хот руу буцсан хүмүүс. Хүн үлдэж, Хү хамтлагийг үзэх юм байхдаа гэдэг бодол төрж, хүн бага байх вий дээ гэсэн санаа зоволт эхэлсэн. Тэгээд манай тоглолт эхлээд стадион дүүрэхийг хараад алмайрсан. Хот руу буцах цуваа тасраагүй байхад Хү хамтлагийг үзэх бүтэн стадион дүүрэн хүн хүлээж байсан.

-Хоёр жилийн өмнө наадмын нээлтэд дуулахад ямар мэдрэмж төрж байв?
-Аа бас гоё гоё. Хүмүүс маш их хүлээлттэй байсан. Наадамдаа тоглохгүй юм байх даа. Тоглохгүй юм уу, дуулахгүй юм уу гээд хүмүүс асуугаад, асуумжтай л байсан. Тэр хүлээлтийн биелэл нь болж, наадамдаа дуулах боломж олдсон. Монголчууд наадам сайхан боллоо гэж хэлүүлсэн нэг үйл явдал нь манай хамтлаг байх шиг байсан. Наадам, Цагаан сар сайхан болохоор л монголчуудын сэтгэл санаа сайхан болчихдог доо. Тэр шалтгаан нь байх ч сайхан шүү дээ. Үнэхээр гоё байсан.
-Саяхан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө. Та хамтлагаа сонсдог эмэгтэйчүүдэд, ээжүүд, охидод өнгөрсөн ч гэсэн баярын сайхан мэндчилгээ дэвшүүлээд ярилцлагаа өндөрлөх үү?
-Монголын бүх эмэгтэйчүүд, сайхан саран ээжүүд, хацар гоо охиддоо бүгдэд нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. Дэлхий даяар Хү хамтлагийг сонсдог фен эмэгтэйчүүддээ, бидний ээжүүд, эхнэрүүд, охиддоо олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Та нартаа хайртай шүү.
-Баярлалаа. Танд дахин баяр хүргэе. Урлагийн өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!