“Миний төрсөн дүү нар ийм зүйл хийлээ гэж үү“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 40 секунд

Таван ахтай, хоёр эгчтэй айлын бага охин хашаандаа тоглон гүйнэ. Хэнээс ч айж бэргэх зүйлгүйгээр аавдаа эрхэлж, ээждээ тунин, өөрийг нь гомдоосон хүүхдүүдийг ах нартаа хэлнэ шүү гэж айлгана. Өнөр өтгөн айлын хоёр том охин нь амьдралын эрхээр нэг нь Японд, нөгөөх нь Солонгост гэрээтээр ажиллахаар бичиг баримт нь бүтсэн тул алс холыг даллан нисэв. Тэд ганцхан насны зөрүүтэй хоёр тэрсхэн охиноо аав, ээжээрээ өсгүүлэхээр үлдээгээд явж буй нь энэ. Том охиных нь охин 4 настай бол удаах охиных нь охин 3 настай эмээ, өвөөтэйгөө, нагац таван ахтайгаа, нагац ганц эгчтэйгээ үлдсэн юм.

Амьдралын урсгал урсдагаараа урсаж, өдөр хоног өнгөрсөөр айлын бага охин зургаадугаар ангид орох үед аав нь өөд болж ёстой л тэнгэр хөмөрч, газар доргих шиг хэцүү өдрүүд эхлэх нь тэр. Аав нь байхгүй тул таван ахыг нь тэг, ингэ гэж хэлж захиргаадах хүнгүй болж, тэднээс гурван том ах нь архи уудаг болох нь тэр. Хоёр бага ах нь том ах нарыгаа архи уугаад согтуу орж ирэхээс бэргэн гадуур, дотуур тэнэх болжээ. Ганц охин дүү нь ч ах нарыгаа согтуу орж ирэхээс айж, ээжийнхээ дэргэдээс үл холдоно. Хэдий ээж нь хөвгүүддээ "Битгий архи уу" гэж захих ч үл тооно.

Япон, Солонгосыг зорьсон хоёр эгчийнх нь тэрсхэн охид сургуульд орлоо. Ээжийнх нь оронд эмээ, нагац ганц эгч нь халамжилна. Хичээлд нь зөөнө. Сэргэлэн цовоо охид сургуульд ороод шүлэг цээжилж, дуу сурсаар бичиг үсэг тайлагдаж эхлэв. Хоёрдугаар ангид орох зунаасаа охид гэнэт л дуугаа хурааж, хэнтэй ч үл ярина. Хамгийн ойр нагац эгч, эмээтэйгээ ч харьцахгүй буланд суугаад хоёул жиг жуг хийн шивнэлдэж, бие биеэ тэврэн уйлах болжээ. Үүнийг анзаарсан нагац эгч нь сар гаруй хугацаанд яасан ийснийг нь шалгааж, өдөр бүр ярилцах гэж оролдох ч дандаа бүтэлгүйтэх болов. Эмээ нь ч охидыг ээжүүдийгээ санаад бэтгэрч байгаа байх энхрий нялх амьтад гээд санасан сэтгэлийг нь тайлах гэж дуртай хоол, амттаныг нь барьж гүйх ч охид үл анзаарна.

Ингэснээр нэгэн өдөр нагац эгч нь үнэнийг хэлүүлсэн нь тэднийг хоёр бага нагац ах нь хүчиндсэн гэдгийг дууллаа. Бага нагац эгч нь өөрөө ч өсвөр насны хүүхэд болохоор хүчиндүүлэх гэж юу болохыг үл мэдэх тул ээждээ сэмээрхэн хэлжээ. Хэрэг болсон тэр өдрөөс хойш охидын бэлэг эрхтнээс цус, шар зүйл гоожих болсон хэмээн хэлсэн байна. Ингээд нагац эгч нь, эмээтэй нь хамт охидыг эмнэлэгт үзүүлтэл бэлгийн замын халдварт өвчин авсан байв.

Өөртэй нь адилхан өсвөр насны ах нар нь цэцэг цэврүү шиг дүү нараа ийм болгосон гэхэд охин үл итгэнэ. Нагац эгч нь эмээтэй нь үүр цайтал ярьж суусны эцэст алс хол ажиллаж, амьдарч байгаа хоёр эгчдээ хэлэхээр шийджээ. Яаж хэлэх, юу гэж ярих, хаанаас эхлэх, итгэх болов уу гэсэн айдастай эгч нар руугаа залгаж, үнэнийг дуулгав. Ээжүүд нь ч уйлан хайлсаар "Миний төрсөн дүү нар ийм зүйл хийлээ гэж үү. Та яагаад, чи яагаад миний охиныг хараагүй юм бэ. Хаана байсан юм бэ" гэж уйлсаар утсаа таслав. Нагац эгч нь ч, эмээ нь ч юу ч хэлэх сөхөөгүй бие биеэ түшин уйлахаас өөрийг үл хийж чадна. Маргааш нь ээжүүд нь эргэн утсаар холбогдож эхний ээлжинд охидыг эмчлүүлэхийг хүсэж, мөнгө шилжүүлэв. Эмээ, эгч хоёр нь ч охидыг эмчлүүлэхээр эмчид хандаж, сэтгэлзүйчидтэй давхар ажиллав. Энэ тухайгаа харин цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байна. Ээжүүд нь хэсэг хугацааны дараа Монголд ирж охидынхоо бичиг баримтыг хөөцөлдсөөр Солонгос, Япон руу аваад явжээ. Дахин монголд ирэхгүй, архичин дүү нартай дахиж хэзээ ч уулзахгүй гэсээр буцсан байна.

Тэр өдрөөс хойш охид дахин Монголдоо ирээгүй. Одоо тэд том болж, нэг нь Солонгост, нөгөөх нь Японд хүнтэй сууж хүүхэдтэй болж, сайн сайхан амьдарч байгаа ч багадаа авсан сэтгэлийн шарх эдгээгүй тул Монголдоо очих зориг хүрэхгүй байна гэж эмээтэйгээ, эгчтэйгээ хааяа нэг утсаар ярина.

Энэ бол өнгөрсөн пүрэв гарагт болсон "Охид бүсгүйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал" уулзалтаар авагдсан ЖИШЭЭ.

Энэхүү үйл явдал олон жилийн өмнө болжээ. Ойр дотнын, тэр дундаа нагац ах нар нь хэргийг үйлдсэн тул бүгд л дуугүй өнгөрүүлсэн байна. Гэвч охидын сэтгэл санаа үлдсэн насаараа яаж хохирч явааг хэн ч мэдэх аргагүй. Хэрвээ энэ хэргийг одоо хохирогчид ил гаргавал дахиад шарх авах байх гэж айсандаа ярихгүй хэмээн нууцалсаар л явна.

2026 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Хүний эрхийн үндэсний комисс, “Хөөрхөн Зүрх” ТББ хамтран "Бэлгийн хүчирхийллийн даван туулагчийн мэдээллийг сэтгэцийн гэмтэлд суурилсан аргачлалаар олон нийтэд мэдээлэх нь" сэдвээр мэдээлэл өгсөн юм. Уулзалтаар зарим тоон судалгааг танилцуулав. Үүнд:

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирсон хүний тоо:

  • 2022 онд: 552 үүний 534 нь эмэгтэй.
  • 2023 онд: 565 үүний 552 нь эмэгтэй.
  • 2024 онд: 675 үүний 643 нь эмэгтэй.

Хэрэв дээрх тооноос анзаарсан бол энэ төрлийн гэмт хэрэг жил бүр өсөж байна. Мөн эрэгтэй хүүхдүүд ч энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байгаа юм.

Мөн дээрх судалгаанаас авч үзвэл хохирсон хүүхэд:

  • 2022 онд: 552 хохирогчоос 362 нь хүүхэд
  • 2023 онд: 565 хохирогчоос 395 нь хүүхэд
  • 2024 онд: 675 хохирогчоос 436 нь хүүхэд байна.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн байдал:

  • 2022 онд: 550 хохирогчийн 25.5 хувь нь согтуугаар
  • 2023 онд: 564 хохирогчийн 23.5 хувь нь согтуугаар
  • 2024 онд: 675 хохирогчийн 22.6 хувь нь согтуугаар үйлдэгдсэн нь тогтоогдоод байна. Тэгэхээр энэ хэргийг согтуу үедээ үйлдсэн нь 20 гаруйхан хувь байгаа нь архины хамаарлаас үл хамаарах гэмт хэрэг болох нь судалгаанаас харагдаж байгаа юм.

Мөн дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байдлыг судлахад:

  • 2022 онд: 550 хохирогчийн 3.4 хувийг бүлэглэн хохироосон
  • 2023 онд: 564 хохирогчийн 4.9 хувийг бүлэглэн хохироосон
  • 2024 онд: 675 хохирогчийн 4.4 хувийг бүлэглэн хохироосон тоон судалгаа гарчээ.

Хүчиндэх гэмт хэргийг үйлдэж байгаа хүйсийн хувьд 98-100 хувь эрэгтэйчүүд үйлдэж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Төрийн дээд цол, одон, медаль олгоно“ гэж 35 сая төгрөг залилсан этгээдэд 4.8 жилийн хорих ял оноожээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Төрийн дээд цол, одон, медаль олгоно“ гэж 35 сая төгрөг залилсан этгээдэд 4.8 жилийн хорих ял оноожээ
 
Өнөөдрөөс ихэнх нутгаар ДУЛААРНА
Өнөөдрөөс ихэнх нутгаар ДУЛААРНА
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!