Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуягийн “нохой ч тоож шинжлэхгүй” ном сонгуульд зориулсан сюрприз үү?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 40 секунд

Манай үе үеийн ерөнхий сайд нар өөрсдийнхөө тухай ном бичдэг заншил тогтоод удаж байна. Зарим нь өөрийнхөө тухай бичүүлнэ.  Өнгөрсөн жил С.Баярын “Жар хоног жарны бутархай” ном бестселлер болж борлуулалтаараа бараг тэрбумтан болсон гэж шуугисан. Тэгвэл дараагийн Ерөнхий сайд номоо бичиж дуусгаж байна. Энэ хүн бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг юм. Тэрээр өөрийг нь Ерөнхий сайд байхад хэлмэгдүүлсэн гэж үздэг бөгөөд “Шударга бусын хонгил” хэмээх нэр томьёог анх гаргасан юм. Тиймээс өөрийг нь хэрхэн хэлмэгдүүлсэн, Засгийн газрыг нь яаж огцоруулсан, хууль шүүхийн байгууллага хэрхэн шударга бусаар хүнийг ялладаг тухай, шударга Ерөнхийлөгч Х.Баттулга гэсэн сэдвээр ээлжит номоо бичээд байна. Тэрээр энэ тухайгаа “Шударга бусын хонгил баримтад номоо дуусгах гээд л үзээд байна. Хонгилыг зарлаад, хонгилдуулаад, тэмцэлдээд олон жил явлаа. Юм юм л багтаах гэж хичээлээ. Бүгд баримттай” хэмээн жиргэсэн юм. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол Н.Алтанхуягийн бичих ном бүхэлдээ Ц.Элбэгдоржийн эсрэг, Х.Баттулгыг өргөмжилөхөд зориулагдсан бүтээл болж буй аж. Энэ мэдээллийг авсан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэний бичих гэж юу байхав. Нохой ч тоож шиншлэхгүй. Зассан эзэндээ янаг гэж. Эзнээ илчлэхээ, шоронд хийсэн 14-ийн нэрийг дурдахаа мартав. Харин баабар нийтлэлч 14-өөр ном бичиж буй юм билээ. Баримт сураглаад байсан. Баабарыг бүх юм ул болоход ч 100, 200 жилийн дараа ч уншина” хэмээн жиргэсэн.

Эндээс дүгнэж үзвэл сошиал, хэвлэлээр тулалдаж байсан АН-ын лидерүүд ээлжит тулаанаа номоор хийх бололтой. Н.Алтанхуяг нэг үе Х.Баттулгатай тулалдаж явсан. Түүний Засгийн газрыг огцоруулах гол хорыг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга найруулж удирдаж байсан гэхэд хилсдэхгүй.  Н.Алтанхуягийн танхимын гишүүн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга Засгийн газрыг огцруулах бичигт "заналтайгаар гарын үсэг зурсан" гэж телевизийн дуранд хэлж байв. Н.Алтанхуягийг огцорсны дараа “Дэнзэндсээр л дууслаадаа... Бодохоор л...” хэмээн тохуурхаж явсан. Гэтэл хэдхэн жилийн дараа  Х.Баттулга Ерөнхийлөгч болж Н.Алтанхуяг түүний зөвлөх болсон. Улс төрд мөнхийн дайсан байдаггүй гэдэг. Жилийн өмнө хутагтийн дайснууд болчихсон явсан улс хүзүү сээрээ холбоод хугацаа зарахгүй анд барилдаад авсан. Үүнийг улс төр судлаачид “шоронд орохгүйн тулд Н.Алтанхуяг нь Х.Баттулгыг түшсэн. Х.Баттулгын үгээр байдаг болсон” гэж ярих нь бий. Тийм ч учраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түүнийг ном бичснийг сонсоод “Зассан эзэндээ янаг гэж. Эзнээ илчлэхээ, шоронд хийсэн 14-ийн нэрийг дурдахаа мартав” хэмээн тохуурхаж байгаа хэрэг. Н.Алтанхуяг бусад ерөнхий сайдууд шиг дуудагдахгүйн тулд Х.Баттулгыг магтсан хэсгүүдээ номондоо оруулах уу? Болих уу гээд ойр дотны зүрхний андуудаасаа асуугаад яваа гэх яриа саарал ордны тамхины цэгээс сонсогдох болов. Тэр номоо хэвлэхдээ Х.Баттулгыг магтсан бүлгээ оруулахаар онигоо болчихоод, хасах гэхээр хууль шүүхэд дуудагдах гээд хэцүүхэн яваа бололтой. Эрх биш Ерөнхий сайд байсан нэр нүүрээ бодоод Х.Баттулгад зулгуйдсан хэсэг бүлгээ хасах байлгүй гэж журмын нөхөд нь шивэр авир хийх ажээ.

Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа “Оргил өөд” нэртэй ном гаргаж байсан ч одоо мэддэг хүн бараг үгүй. Тэгвэл удаах бүтээл нь удахгүй сонгуулийн сурталчилгааны нэг арга хэлбэр болж оны дараа ард түмний гар дээр очих бололтой. Харин С.Баярын ном шиг бестселлер болж хэвлэгдсэн оройдоо зарагдаж дуусах уу? Эсвэл Ц.Элбэгдоржийн хэлдэгээр нохой ч тоож шинжлэгүй байх уу? Харах л үлдлээ.

МАН боловсон хүчингүй болсноо хүлээн зөвшөөрч АН-аас томилж эхлэв
МАН боловсон хүчингүй болсноо хүлээн зөвшөөрч АН-аас томилж эхлэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.