Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний хөгжлийн газрын даргаар АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Дөлгөөнийг томилох болсон тухай дэд сайд асан Ц.Цогтгэрэл жиргэлээ.
АН-ын ҮБХ-ны гишүүн АН-ын өсөх ирээдүйтэй залуучуудын нэг Б.Дөлгөөнийг ирэх 7 хоногийн ЗГ-ын хуралдаанаар Үндэсний хөгжлийн газрын даргаар томилно.
— Шилэн Цогоо (@TsogtgerelB) December 28, 2020
Түүнд халуун баяр хүргэе. МАН-ыг 62 суудалтай эрх барьж байхад МАН-аас хүн олдохгүй АН-аас гуядаад орно гэдэг агуу их хүч юм. pic.twitter.com/pLj2c5X6tp
МАН-ынхан өөрсдийгөө бүтэн зуун жилийн түүхтэй, боловсон хүчний арвин нөөцтэй гэж ярьдаг. Гэвч ээлжит сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газрын ажлыг хийхэд боловсон хүчнүүд нь эхнээсээ гологдож АН-ыг царайчлахаас өөр аргагүй байдалд орсон байна.
Сар орчмын өмнө “Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярваа өөрийнхөө орлогч даргаар Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвшсэн Ц.Цолмонг томилсон. Үүнд нь УИХ-ын Г.Амартүвшин ихэд эгдүүцэж “манай намтай өрсөлдөж, ХУД-ийн 29-р тойрогт намын бодлого сөрж, бие даан нэр дэвшсэн Цолмон гэж нөхөр ийм албан тушаалд томилогдож байгаа юм уу. Миний эсрэг сошиалаар баахан сэвж дийлээгүй байж, одоо намын залуучуудын очих ёстой томилгоо дээр албан тушаал хүртэж байгааг хараад гайхаж сууна. Арай ч дээ” гэж бүлгийн групп дээрээ бичсэн байдаг.
Харин хариуд нь Д.Хаянхярваа “Г.Амартүвшинг ийм ядуу сэтгэлгээтэй гэж бодсонгүй, боловсролыг хүндэлдэг гэж бодсон” гэж жиргэсэн. Д.Хаянхярваагийн хэлж буйгаар бол МАН-д “Эрдэнэс Монгол”-ын орлогчоор ажиллах хэмжээний мэдлэг боловсролтой залуу байхгүй бололтой. Эх сурвалжийн мэдээллээр нам нь ялсан ч ажилд томилогдож чадахгүй байна хэмээн генсек Д.Амарбаясгалангийнхаа үүдийг сахиж суугаа олон залуус бий. Гэвч тэдгээрийн хэн нь ч эрдэнэс Монголын орлогчоор ажиллах шаардлагыг хангахгүй байгаа ажээ.
Мөн УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Австрали Улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдын зөвлөхийн албан тушаалд томилсон. Энэ талаар гадаад харилцааны сайд Н.Энхтайван “Ж.Батзандан энэ ажлыг хийж чадна гэж үзээд томилсон. Дипломат албанд нам харгалзахгүй” гэж тайлбар өгсөн. Үүнд мөн л МАН-ын гадаад харилцааны хэлтэст ажиллаж явсан, Орос Англи Хятад хэлтэй өчнөөн залуус гайхаад хоцорсон гэдэг. Бүр гадаад харилцааны дэд асан О.Тэнгэр, Ц.Батцэцэг нар ч олигтой эрхэлсэн ажилгүй явж байхад ШИНЭ намын Ж.Батзандан боловсрол мэдлэгээрээ ялгарч албан тушаалд томилогдов.
Тэгвэл удаах томилгоо нь ийнхүү Үндэсний хөгжлийн газрын дарга болж байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санаачилсан 2050 хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжилт энэ газраар дамжина. Харин энэ чухал ажлыг хийх боловсон хүчин МАН-д байхгүй учраас хэдийгээр АН-ын гишүүн боловч өндөр боловсролтой Б.Дөлгөөнийг гуйж томилж ажиллуулахаар болсон ажээ. Өмнө нь уг газрын даргаар физик электроникийн салбарын нэртэй эрдэмтэн Н.Нацагням, Дэлхийд данстай эдийн засагч Ч.Хашчулуун нар ажиллаж байсан. Тэгвэл дэлхийн томоохон их дээд сургууль төгссөн шилдэг боловсон хүчин нь ийнхүү дууссан бололтой. МАН-ын урдаа барьдаг эрдэмтэн судлаачид, гадаад дотоодын шилдэг сургууль төгссөн мэргэжилтнүүд, НАМЗХ-ны хэдэн мянган залуусаас ийм хэмжээний боловсон хүчин хайгаад олохгүй байгаа гэж эх сурвалж мэдээлж байна. Тийм учраас хэдий өөр нам ч гэсэн Засгийн газрын амин чухал бодлогын асуудлыг АН-ын шилдэг боловсон хүчнээр удирдуулах нь зөв гэдэгтэй МАН-ын удирдлагууд, залуучууд ч эвлэрч хүлээн зөвшөөрч байгаа гэв.