
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-М.Нарантуяа-Нара гишүүн өмнө нь ёс зүйн асуудлаар сануулах арга хэмжээ авсан. Гэвч үүндээ хариуцлага хүлээгээгүй. Одоо хариуцлага тооцох вэ?
-Тэр үед УИХ-ын ёс зүй дэгийн хороо гэж байсан. Тэр хурлаар орж байсан. Хурлаас сануулгууд авсан. Энэ удаагийн 3 дахь нь болж байна. Гэхдээ бид хүлээцтэй хандъя гэж бодож байна. Хүлээе, харъя. Бид утсаар холбогдоод ёс зүйн дүрэмд өөрөө уучлалт гуйж, олон нийтэд мэдээлэл хийж, өөрийн алдаагаа ухамсарлах боломж байгаа шүү гэдгийг хэлж хэд хэдэн удаа утсаар ярьж байна.
-Та өөртэй нь ярьж чадсан уу?
-Хэд хэдэн удаа залгасан, мессеж бичсэн. Эргээд холбогдох байх гэж хүлээгээд байж байна. Завгүй байгаа байх.
-Энхгэрэл гэх иргэн Нара гишүүнтэй холбоотой өргөдөл гомдол гаргаж байна гэсэн. Албажиж ирсэн үү?
-Одоогоор албажиж ирээгүй байна.
-Цахимаар өргөдөл гомдол ирвэл албажих боломжтой юу?
-Өргөдөл гомдол гаргаж байгаа эзэн нь тодорхой, гаргаж байгаа асуудал нь хууль дүрмийн хүрээнд байвал өргөдөл, гомдлыг хүлээж авч болно.
-Үүнээс үүдээд эмэгтэй гишүүдийн квотыг багасгая гэх мэтээр асуудал яригдаж байна. Үүнд Ёс зүйн дэд хороо хэрхэн анхаарч ажиллах вэ?
-УИХ-ын гишүүдийн ёс зүйн байдлыг дээшлүүлэхээр Ёс зүйн дэд хороо урьдчилан сэргийлэх талын, биеэ хэрхэн авч явах, нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлэх ажлууд дээр голлож анхаарах чиглэлээр ажиллаж байна. Энэ талын зүйлүүдийг анхааруулах, сэрэмжлүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллана гэж бодож байна. Ямар нэгэн асуудал гарсны дараа ямар нэгэн хариуцлага тооцох гэж явах биш сэрэмжлүүлэх тал дээр түлхүү ажиллая гэж бодож байгаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!