Хөрөнгө оруулагчдад “Сэлбэ 20 минутын хот” төслийн нээлттэй боломжуудыг танилцууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 38 секунд

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Сэлбэ 20 минутын хот корпорац ХХК хамтран Улаанбаатар хотын шинэ дэд төвийн бүтээн байгуулалтын талаарх хөрөнгө оруулалтын нэгдсэн уулзалт, танилцуулгыг Засгийн газрын XI байранд өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд дотоодын 60 гаруй бизнес эрхлэгч, хөгжүүлэгчид болон хөрөнгө оруулагчид оролцож, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах мега төслийн явц, хамтын ажиллагааны бодит боломжуудтай танилцлаа. Уулзалтын үеэр Сэлбэ 20 минутын хот корпорацын Төслийн удирдлагын газрын дарга Ш.Ганзориг төслийн ерөнхий төлөвлөлт болон эдийн засгийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Улаанбаатар хотын хөгжлийн шинэ загвар

“Сэлбэ 20 минутын хот” төсөл нь нийт 158 га талбайг хамарсан бүтээн байгуулалт бөгөөд иргэд ажил, сургууль, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээг 20 минутын дотор (явган болон дугуйгаар) авах боломжтой орчин үеийн, тогтвортой хотын концепцыг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлэх зорилготой юм.

Төслийн гол үзүүлэлтүүд:

  • Төвлөрлийг сааруулах: Нийслэлийн төв хэсгийн ачааллыг бууруулах бие даасан шинэ дэд төвийг бий болгоно.
  • Ногоон байгууламж: Нийт талбайн 37 орчим хувьд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, амралт зугаалгын бүс төлөвлөсөн.
  • Ухаалаг дэд бүтэц: Инженерийн нэгдсэн шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж бүхий ухаалаг хотын стандартыг нэвтрүүлнэ.

Нээлттэй хамтын ажиллагаа

Төслийн багийнхан олон нийтийн бүсэд хөрөнгө оруулалт хийх, бизнесийн цар хүрээгээ тэлэх сонирхолтой оролцогчдод дараах талбарыг санал болгож байна.

  1. Үл хөдлөх хөрөнгө: Үйлчилгээтэй орон сууц, А зэрэглэлийн оффис, худалдааны төв болон авто зогсоолын цогцолбор.
  2. Нийгмийн дэд бүтэц: Олон улсын стандартад нийцсэн ухаалаг сургууль, цэцэрлэг, төрөлжсөн эмнэлэг болон спорт цогцолборууд.
  3. Үйлчилгээ ба Технологи: Хот тохижилт, мэдээлэл технологийн ухаалаг шийдэл, эрчим хүчний менежмент.

Уулзалтын төгсгөлд хөрөнгө оруулагчид төслийн санхүүжилтийн загвар, газар чөлөөлөлт болон дэд бүтцийн холболтын талаар нээлттэй асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон хамтын ажиллагааны хүсэлтийг www.selbecity.mn/public/coop холбоосоор хүлээн авч байна.

ГЕГ: Амьд цэцгийн импорт 2.9 дахин өсжээ
ГЕГ: Амьд цэцгийн импорт 2.9 дахин өсжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!