
Монгол Улсын зөвлөх эмч анагаах ухааны доктор Г.Ганжаргал агсны эхнэр А.Отгонцэцэгтэй ярилцлаа.
-Уншигчдадаа хэргийн болсон процессын талаар товчхон дурдаад ярилцлагаа эхлэх үү?
-Намайг А.Отгонцэцэг гэдэг. Нүүр, амны их эмч мэргэжилтэй. Манай нөхөр Монгол Улсын зөвлөх эмч анагаах ухааны доктор Г.Ганжаргал 2022 оны долоодугаар сарын 9-ний өдөр Архангай аймагт байрлах Хасу шивэрт амралт сувиллын газарт амь насаа алдсан. Хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэлх бараг 4 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж л байгаа. Хэрэг хаагдаагүй, шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
-Зарим хүмүүс хэрэг хаагдсан мэтээр ойлгоод байх шиг байна лээ?
-Хүмүүсийн дунд тийм төөрөгдөл яваад байна лээ. Хэрэг хаагдаагүй байгаа. Нэг удаа буюу 2023 оны нэгдүгээр сард мөрдөгч н.Бүүвэйбаатар хаах тухай хүсэлтээ прокурорт гаргасан байдаг. Прокуророос нэгдүгээрт, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, хоёрдугаарт, шинжээчийн дүгнэлт дутуу, шинжлэх ухааны үндэслэлгүй байна. Эргэлзээтэй байгаа учраас дахин шинжээч томилох шаардлагатай. Мөн мөрдөн шалгах ажиллагаан дээр даалгавар өгч, хэргийг хаах шаардлагагүй гэж үзсэн. Тэгээд өнөөдрийг хүртэлх 4 жилийн хугацаанд хэрэг шалгагдсаар байна.

-2025 онд та Улсын ерөнхий прокурор, ЦЕГ-ын удирдлагуудтай уулзсан гэж байсан. Шинэ нөхцөл байдал үүссэн зүйл бий юу. Мөн танд хувийн зүгээс нэмж материалууд цугласан уу?
-Мэдээллүүд нэмж ирсээр байгаа. Шүүх шинжилгээний байгууллагад ажилладаг байсан, ажиллаж байгаа хүмүүсээс ч мэдээлэл ирсээр байна. Энэ хэрэг маш тодорхой хэрэг. Өндрөөс унасан уналт биш. Үүнийг мэргэжлийн бус энгийн хүмүүс ч харахад ойлгомжтой хэрэг. Үүнд өндөр албан тушаалтнуудын оролцоо байгаа. Зориудаар санаатай худал дүгнэлт гаргах, шинжээчдэд худал дүгнэлт гаргахад нь нөлөөлж байна. Ийм, ийм дарамт учруулж байна гэсэн мэдээллүүд ирсээр байгаа. Энэ талаар ч хуулийн байгууллагынханд хандсан. Тодорхой үйл баримттай. Ер нь хэрэг гарсан өдөр л илрүүлэх бүрэн боломжтой байсан. Хэргийн газарт хамгийн анх ажилласан шинжээч н.Отгонжаргал, мөрдөгч нар, прокурорууд бүгд очсон. Тэнд маш тодорхой байсан. Хэргийн газарт анхны үзлэгийг хийхдээ л эдгээр хүмүүс дутуу дулимаг хийсэн. Зориудаар дутуу дулимаг хийсэн гэж би харж байгаа. Энэ хэргийг өндрөөс өөрөө санамсар болгоомжгүйгээр унасан, эсвэл амиа хорлохоор өндрөөс унасан мэтээр харагдуулахаар зорьсон. Энэ хүн амины хэрэг биш гэж үзсэн. Ингэхдээ даалгавраар хэргийн газарт очиж нотлох баримтыг устгах гэх мэтээр ажиллагаа хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор 2022 оны аравдугаар сард анх хэргийн газарт ажилласан хүмүүсийг АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн. Үүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор гурван ч хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, хаагдчихсан.
-Хэргийн араас та өөрөө маш их явж байгаа. Япон улсад туршлагатай шинжээчээр дүгнэлт гаргуулсан талаар ярьж байсан. Тухайн дүгнэлтийг нь товчхон дурдвал?
-Би 2024 оны тавдугаар сард Япон улсад шүүх шинжилгээний зөвлөх эмчтэй нь уулзаж зөвлөгөө авч, дүгнэлт гаргуулсан. Энэ яг өндрөөс уналт мөн үү, яагаад ийм нөхцөл байдлаар амь нас нь хохиров, яагаад биед нь маш олон тооны зулгаралт гэмтэл үүсэв гэдгийг тодруулсан. Үүнийг өндрөөс уналт гэхэд хэтэрхий хачирхалтай байна. Өндрөөс уналт гэж үзэх боломжгүй. Яагаад ийм байдлаар мөрдөн шалгах ажиллагааг хийсэн юм бол. Яагаад ийм дүгнэлт гаргасан юм бол. Үнэхээр ойлгомжгүй байна гэж хариулсан.
-Хэргийг шалгах ажлын хэсэг хэд хэдэн удаа солигдож байх шиг байна. Ахиц дэвшил гарсан зүйл байна уу?
-Энэ хэрэг дээр 5 дахь ажлын хэсэг гарчихсан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Нэг жил, хагас жил болоод л нэг ажлын хэсэг солигддог. Байс гээд л дахиад солигддог. Гэсэн ч ахиц дэвшил гардаггүй. Анзаарсан бол би цахим хаягаараа дамжуулаад хэргийг мөрдөж байгаа хүмүүстэй холбоотой мэдээллийг хуваалцсаар байгаа. Ганцхан энэ хэрэг дээр ч биш маш олон хэрэг дээр энэ хүмүүс хууль бус ажиллагаа явуулсан байна. Хохирогчийн эрхийг зөрчсөн байна. Хохирогчид нь ч над руу холбогдсоор байгаа. Ийм, ийм байдлаар мөрдөн шалгах ажиллагааг буруу хийж, эд мөрийн баримтыг устгаж, хэргийг нуун дарагдуулсан гээд ярьж байна. Ганцхан энэ хэрэг дээр ингэж ажиллаагүй юм байна лээ. Маш олон хэргийн хохирогчид байна. Бид хамтраад дугарах ёстой юм байна. Асуудал нь дээрээс өгсөн тушаал, зааврын дагуу ажилладаг. Энэ хэрийг илрүүлэхийн хувьд илрүүлж чадна. Илрүүлэхгүй бай, гацаагаад бай, удаашруулаад бай гэвэл тэгээд байлгаж л байдаг.

-Тухайн үед таны нөхрийг Хөвсгөл аймагт хувийн байшингаа бариад жилийн чөлөөтэй байх үед нь дагуулж явсан гэдэг шүү дээ. Нөхөр тань явах маш дургүй, тэнд байсан эмчдээ ноцтой зүйл хэлсэн гэдэг шүү дээ. Тэр талаар тодруулахгүй юу?
-Хөвсгөл аймагт ажилладаг шавьдаа "Энэ хүмүүс намайг авч явж алах гээд байна" гэж хэлсэн гэдэг. Тухайн үед шавь нь багш явах дургүй болохоороо ингэж хэлж байгаа юм байлгүй гээд тоогоогүй. Харин тэгж хэлснээс 3-4 хоногийн дараа миний хань амиа алдсан. Тухайн үед "Эрүүл шүд-Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд Нүүр ам судлалын сургуулийн захирал Батбаяр олон хүн дагуулж явсан. Судалгааны ажлаар явж байсан хэрнээ Хөвсгөлд их хэмжээний газар авах зорилгоор олон хүмүүсийг дагуулж явсан. Манай нөхөр амиа алдсаны дараа "Газар авах гэж байсан талаар хэнд ч юу ч хэлж болохгүй. Чимээгүй байгаарай" гэхээр нь нөгөө эмч гайхсан гэж байгаа юм. "Ганжаргал эмчийн амиа алдсан асуудал яагаад энэ газар авахтай холбоотой юм бол. Мөнгө төгрөгтэй холбоотой яриаг яагаад чимээгүй бай гэж байгаа юм бол. Энэ нь хоорондоо ямар холбоотой юм бол" гээд бодсон гэж байгаа юм. Тэгээд намайг 2023 оны зургаадугаар сард хэвлэлийн хурал хийснээс цагийн дараа над руу яриад "Ноцтой, сэжигтэй зүйлүүд ажиглагдаад байна. Эхэндээ арай ч үгүй байлгүй гэж бодсон ч яалт ч үгүй нэг юм байна" гээд хэлсэн. Мөнгө төгрөгтэй холбоотой асар их зүйлүүд байна. Тухайн үед хамт явж байсан Гантөмөр гэж эмч бий. Тэдгээр хүмүүс Эрүүл мэндийн хөгжлийг дэмжих сангаас маш их хэмжээний мөнгө авсан. Тэгж идсэн, ингэж уусан гэдгийг нь манай хүн сонсоод " Ингэж болохгүй" гэж эсэргүүцсэн. Үүний цаана асар их мөнгөний асуудал байгаа.
-Амиа алдахад нь энэ мөнгөний асуудал нөлөөлсөн үү?
-Амиа алдах үед өөр маргаан дэгдсэн. Мэдээж их хэмжээний мөнгөний асуудал ч бий. 18-19 хоног хөдөө судалгааны ажлаар резидент эмч нар явсан. Тэднийгээ майханд хонуулаад, зутраагаад, ядраагаад, хоол ундыг нь ч олигтой өгөхгүй хагас цэрэгжилтийн байдалтай маш хэцүү байдалтай явсан. Түүн дээр резидент эмч нар нь их гомдолтой байсан. Хамгийн сүүлийн өдөр нь энэ хүүхдүүд ядарчихлаа гээд хотод байдаг нэг шавиа дуудсан. Нямхүү гэж шавь нь Хасу шивэртийн захирлыг таньдаг тул сүүлийн өдөр нь энэ хүүхдүүдийг дулаахан тухтай хонуулчихмаар байна гээд хэлсэн. Нөгөөх нь хотоос очоод Хасу шивэртийн захирал Билэгбаатарт хэлээд өөр газарт ийм олон хүмүүсийг байлгах боломжгүй гээд байна гэж гуйгаад 50 хувийн хямдралтай хонуулахаар болсон юм байна лээ. Тэгтэл захирал Батбаяр нь мөнгө төгрөгийг нь хэн төлөх вэ. Гадаа майханд хоноод болоод байсан юмыг төлбөр мөнгөтэй газар орууллаа гэх мэтээр маргаан үүссэн гэсэн.

-Тухайн үед тэдгээр хүмүүс согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан уу?
-Манай хүн тусдаа л байсан. Бассейн дээр ч нэг их архи дарс уугаагүй ганцаараа л тусдаа суугаад байсан гэдэг. Нэг их уугаагүй, аль болох тусдаа л байсан юм билээ. Ганц нэг эмчтэйгээ л цөөхөн юм ярьсан. Тэгээд эрт амрахаар явсан. Зарим нь эрт унтчихсан. Зарим нь үргэлжлүүлж уугаад, манай хүнийг эсрэг талын өрөөнийх нь хүмүүс дуудаж сэрээгээд авч гарсан гэж хардаж байгаа. Үүн дээр тэдгээр хүмүүс ч оролцоотой.
-Тэдгээр хүмүүс мэдүүлгээ буцаасан гэдэг бил үү, өөрчилсөн гэдэг бил үү?
-Буцаах биш. Яг копи-паст шиг давтагдсан. Нэг хүний амнаас гарч байгаа юм шиг давтагдсан. Нэг хүн ярьж байгаа юм шиг мэдүүлэг дээр ярих боломжгүй шүү дээ. Үүнийг би үгсэн тохирч хуйвалдсан гэж харж байгаа.
-Ганжаргал эмч өрөөндөө хэдүүлээ байсан юм бэ?
-Өрөөндөө гурвуулаа байсан. Гантөмөр эмч, Ганбаатар тэгээд манай нөхөр. Эсрэг талын 402 тоот өрөөнд нь Нүүр ам судлалын сургуулийн захирал Батбаяр, Нүүр амны мэс заслын тэнхимийн эрхлэгч Даваахүү нар байсан.
-Тухайн хэрэг болсны дараа тэдгээр цуг байсан хүмүүс танд эмгэнэл илэрхийлж уулзсан уу?
-Үгүй. Би уулзаж тухайн үед яг юу болсон талаар нарийн учрыг мэдмээр байна гээд удаа дараа уулзах хүсэлт тавихад маш их зугтсан. Аргаа бараад би есдүгээр сард нь Боловсролын яаманд гомдол гаргасан. Дотоод хяналт шалгалт хийлгэе, аудитын шалгалт хийлгэе гэж хүсэлт гаргасан. Хэсэг хугацааны дараа та завтай бол яаманд хүрээд ирээч гэсэн. Очтол тэдгээр хүмүүс бүгдээрээ сууцгааж байсан. Ямар учиртай яагаад энэ хүмүүсийг бүгдийг нь цуглуулж байгаа юм бэ гээд асуутал "Энэ хүмүүс нөхрийг чинь өнгөрснөөс хойш хүн ёсоор ганц удаа уучлалт гуйгаагүй байна лээ. Одоо уучлалт гуйлгана. Та нар учраа ол. Эдгээр хүмүүсээр уучлалт гуйлгуулахын тулд тантай уулзуулж байгаа юм аа" гэсэн. Түүн дээр маш ноцтой зүйлүүд яригдсан. Түүнийг аудитын хүмүүс бичлэг хийж авсан. Тухайн үед би Ганбаатар багшаас асуусан. Хамгийн сүүлд манай нөхөр 01:00 цаг өнгөрч байхад өрөөндөө орсон. Таныг ороход манай нөхөр байсан үгүйг та мэдэхгүй гэсэн. Гэтэл тэр унасан гээд байгаа тагтны бариулаас манай нөхрийн хурууны хээ олдоогүй. Таны хурууны хээ олдсон. Та хэзээ тэр хаалгыг онгойлгосон гэсэн чинь сандраад хүн давчдаад сонин болдог шүү дээ. Хажууд нь Гантөмөр багш сууж байсан. Гантөмөр багш чинь л миний араас орж ирсэн гээд сандарч байгаа юм. Хэзээ хамгийн сүүлд тэр хаалгыг онгойлгосон бэ гэж асуухаар Ганжаргалыг гадаа уначихсан байна гэхээр нь харах гээд хаалгыг онгойлгосон юм аа гэж байгаа юм. Хаалттай байсан байгаа биз. Хаалгыг онгойлгосон гэдгээ хэлчхэж байгаа юм. Гэхдээ гадаа хэн унаж байсныг мэдсэн. Ганжаргал багш гадаа уначихсан гэхээр нь гарч харах гээд гэж байгаа юм.

-Унасан гэх байршил нь 4 давхраас уналаа гэхэд яаж ч бодсон тэр байршилд унахааргүй байсан гэдэг шүү дээ?
-2024 оны зургаадугаар сарын 21-нд өндрөөс унаж нас барсан уу. Унасан бол хаана унах вэ, хаана цохигдох боломжтой вэ, 4 давхраас доош уналаа гэхэд 2 давхрын тагтны модыг цохих боломжтой юу. 2 давхрын тагтны модонд цохигдсоны улмаас хажууд нь цусаар бохирлогдсон байдалтай хэвтэж байсан. Үнэхээр тэр мод цохигдсоны улмаас цусаар бохирлогдоод доош унасан уу гэх мэтээр бүх нөхцөл байдлыг шинжлэн судалсан. Энэ хүн урагш тонгойж унасан бол дээш харсан байдалтай байх ёстой байсан. Хэрвээ арагшаа савж унах юм бол доошоо харж унана. Энэ нөхцөл байдалд энэ хүн арагш савж унасан байх боломжтой. Гэхдээ хоёр давхрын тагтны хүрээ модонд биеийнхээ аль нэг хэсгээр хүрэлцэх, шүргэлцэх ямар ч боломж байхгүй. Ер нь эгц дор нь байгаа шар генератор дээр унах ёстой байсан. Гэтэл яаж яваад ийш далийж ирээд унав. Гэхдээ толгой нь байшингийн хана руу харчихсан байгаа юм. Толгой нь эсрэг тал руу харах ёстой байсан. Хөл нь харин байшингийн хана руу харах ёстой.
-Цус генератор болон байшингийн дунд хэсэгт цацагдсан байсан гэдэг. Хэрвээ тэр дээрээс унасан бол яагаад ч тэр хэсэгт цус цацагдах боломжгүй гэсэн байх аа?
-Шар генераторын байшингийн хана руу харж байгаа хэсэгт цус цацагдсан байсан. Яагаад тэр хэсэгт цус цацагдав. Толгой нь байшин руу харж байгаа ч хажуу талын байршилд нь байсан. Толгой нь энд байхад яагаад байшингийн хана руу цус цацагдахгүй эсрэг тал буюу байшингийн хана руу харсан шар генераторын хана руу цус их хэмжээгээр цацагдчихсан юм бэ. Цус цацагдсан чиглэл биш байна. Үүн дээр цусан мөр дүрсийн шинжилгээ хийлгүүлье. Цусны анхны чиглэл хаанаас эхлэлтэй вэ. Цус ийшээ цацрах боломж байсан юм уу гэдэг дүгнэлт гаргаад өгөөч гэдэг хүсэлт өгөөд, тогтоол нь 2025 оны долоодугаар сарын 9-нд гарсан. Өнөөдрийг хүртэл тэр дүгнэлт гараагүй. Үүн дээр цус цацарсан анхны чиглэл өндрөөс уналттай огт холбоогүй.
-Биед нь үүссэн их хэмжээний зулгаралт гадны нөлөөтэй үүссэн байх боломжтой юу?
-Тийм. Японы шинжээч эмчийн дүгнэлт гаргасан шүү дээ. Тэр эмч япондоо төдийгүй олон улсад нэр хүндтэй. Эргэлзээтэй, олж тогтооход хүндрэл бэрхшээлтэй гэмт хэргүүд дээр мөрдөн байцаах албатайгаа хамтран ажилладаг том шинжээч хүн. Тэр хүн эдгээр 20-30 орчим зулгаралт нэг цаг хугацаанд өндрөөс уналттай холбоотой үүсэх боломжгүй. Энэ бол амьддаа үүссэн зулгаралт. Энэ хүн амьддаа тэмцэлдэх явцад үүссэн байна гэдэг. Гуяны урд хэсэг, тахим, ар өвөргүй бүтэн бие нь маш их хэмжээний зулгаралт шархтай байсан.
-Тэгэхээр магадгүй Ганжаргал эмч амиа алдахынхаа өмнө хэн нэгэнтэй тэмцэлдсэн, зодолдсон, ноцолдсон байх боломжтой юу?
-Тийм. Ноцолдож тэмцэлдсэн ул мөр нь хаана байсан гэхээр хумсанд нь байсан. Хумсанд нь 2-3 эрэгтэй хүний цус илэрсэн. Энэ чинь өөрөө хэн нэгэнтэй тэмцэлдсэн гэсэн маш том ул мөр. Гэмт хэргийн шинжтэй. Энэ хүн санаандгүй байдлаар 4 давхраас унаж нас бараагүй. 4 давхраас унасан юм бол яагаад хумсанд нь цус орчихдог юм бэ. Өөрөөс нь гадна хоёр эрэгтэй хүн байгаа юм. XY хромсом эрэгтэй хүн байна аа. Одоо тэгвэл тэр Хасу шивэртэд хэрэг болох үед байсан 27 эрэгтэй хүнээс биологийн шинжилгээ аваад харьцуулах шинжилгээ хийгээд өгөөч гэж 2022 оноос хойш өгсөн боловч анхны шинжилгээгээ давтаад байгаа. DNX шинжилгээг хэзээ ч давтан хийнэ гэж байхгүй. Нэмэлт шинжилгээгээр тодруулаад, харьцуулах байдлаар хийх ёстой. Хэн энэ хэргийг үйлдсэн бэ, миний нөхрийн амь насанд хэн халдсан бэ гэдгийг хумсанд нь нэмэлт шинжилгээ хийчхэд л илэрчих хэрэг байхгүй юу. Гэтэл өнөөдрийг хүртэл хийхгүй ач холбогдолгүй шинжилгээ хийгээд, хэргийг удаашруулаад байгаа.

Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!