
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч, доктор, профессор Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа
-Эдийн засагчдын зүгээс түүхий эдийн үнэ өсөхөөр дагаад төсвийн зарлагаа тэлэх асуудал үүсдэг талаар хэлдэг. Таны хувьд энэ чиглэлд мөчлөг сөрсөн бодлого барих ёстой гэдгийг маш сайн сануулдаг шүү дээ. Тэгвэл үнэт металлын үнэ өсөж буй энэ үед төсвийн зарлагаа тэлэх вий гэдэг болгоомжлол байна. Нөгөөтээгүүр үнэт металлын үнэ өсөж буй "алтан боломж"-ийг бид ашиглаж чадах уу. Цаашдын боломж нь бидэнд хэр байна вэ?
-Харамсалтай нь манай улсын хувьд бодлого нь мөчлөг сөрсөн байж чадахгүй байна. Монгол Улс төсвийн бодлогоо мөчлөг дагасан байдлаар хийдэг. Өөрөөр хэлбэл, таны асуултад дурдагдсанчлан бид уул уурхайн салбарын орлого нэмэгдэнгүүт цалин, тэтгэвэр тэтгэмжээс авхуулаад сонгууль, улс төртэй холбоотой тодорхой шалтгаануудаар төсвийн зарлагыг замбараагүй тэлдэг. Энэ нь 2022-2024 онд маш хүчтэй явагдсан нь өнөөгийн төсөв, эдийн засгийн гол асуудлын шалтгаан болоод байгааг бид ойлгох хэрэгтэй. Хэрэв бид нүүрсний үнийн өсөлттэй үеүдэд төсвийн зарлагаа тэлээгүй байсан бол 2025 онд төсвийн тодотгол хийж, төсвийн хүндрэлд орох нөхцөл байдал үүсэхгүй байсан. 2021-2025 онд төсвийн зарлага хоёр дахин өссөн. Ийм богино хугацаанд төсвийн зарлагыг тэлсэн шалтгаан нь нүүрсний гарц, нүүрсний үнэ нэмэгдсэнтэй холбоотой байсан.
Ер нь энэ байдал зөвхөн энэ дурдсан хугацаанд биш, 2011-2013 оны эдийн засгийн тэлэлтийн үед гэх мэтээр 2010 онд төсвийн эрх зүйн орчин шинэчлэгдсэнээс хойш, уул уурхайгаас ихээхэн хамааралтай болсоноос хойш байсаар ирсэн. Аль нэг нам гэхгүйгээр улс төрийн нөхцөл байдал, бодлогын шийдвэрүүд нь үргэлж тийш чиглэсэн байдаг. Тиймээс бид мөчлөг сөрсөн бодлого гэж юу вэ, түүнийг хэрхэн зөв хэрэгжүүлэх вэ гэдгээ бодох нь зөв. Түүнийг тодорхой улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан сонгууль болон улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр нэрийн дор төсвийн зарлагыг тэлэх орон зайг бүрдүүлж байсан. Тэгэхээр энэ агуулгаараа бид төсвийн бодлого тал дээр зөв бодлого хэрэгжүүлж чадаагүй явж ирсэн. Харин 2025 онд хийсэн төсвийн тодотгол, 2026 онд өргөн барьж батлагдсан төсвийн зарлагын хувьд энэ байдал өөрчлөгдсөн нь сайшаалтай. Ингэснээр төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 38.39 хувьд хүрчихсэн байснаас буурч 2025 онд 25.1, 2026 онд 32.2 хувь болгож байгааг ТТБЗ-ийн зүгээс эерэг өөрчлөлт гэж харсан. Учир нь энэ бидний бодлоготой нийцтэй байгаа хэрэг юм. Үүнийгээ үе шаттайгаар 30-аас доош хувь руу буюу дунд хугацаандаа 28 хувь руу хүргэх зорилтыг тавьсан. Мөн урсгал зардал дээр ч тэлэлтийг хязгаарлах бодлогыг баримталж дунд хугацаанд урсгал зардлыг ДНБ-ний 22 хувьд хязгаарлах бодлогыг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан. Ийм бодлогыг хэрэгжүүлэх нь төсвийн тогтвортой байдалд олон талаар ач холбогдолтой тул бидний зүгээс цаашид эерэгээр харах болно. Харин эсрэг бодлогын хувьд эргэлзээтэй хандана гэсэн үг. Иймээс энэ нь одоогийн Засгийн газрын хийж байгаа зөв алхам. Ингэж байж бид мөчлөг сөрсөн, төрийн оролцоо бууруулах, хувийн хэвшлийг дэмжсэн бодлогоо хэрэгжүүлж чадна. 2025 оны төсвийн тодотгол, 2026 оны төсвийн төслийг өргөн барьж батлуулахдаа Засгийн газар төсвийн зарлагыг тэлэхгүй байх зарчмыг баримталсан нь үүний эхлэл болж чадсан. Шинээр үл гүйцэлдэх төслийг санаачлахгүйгээр 14 мега төслөө цөөлж, бодитой хэрэгжих боломжтой эдийн засгийн суурийг тэтгэх төслүүд рүү чиглүүлж чадсан нь олзуурхууштай. Хэрэв ингэж чадвал бид яах аргагүй зэс болон нүүрсний үнээс хамаарсан өндөр орлогыг хуримтлуулах цаашилбал Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан, баялгийн сандаа хуримтлалтай болох боломж бүрдэнэ. Гэтэл өмнө энэ алхмыг хийж чаддаггүй байснаас эдгээр сангууддаа бодитойгоор мөнгө хуримтлуулж чадахгүй шахуу явж ирсэн.
Хоёрдугаарт, үнэхээр бид зэс, алтны үнийн өсөлтийг ашиглаж чадах уу гэдэг асуудал байна. Богино хугацаандаа бүрэн ашиглах боломж хязгаарлагдмал гэж хэлмээр байна. Учир нь 2010-аад он бол Оюутолгойн хөрөнгө оруулалтаар дамжиж гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, бүтээн байгуулалт эхэлсэн, Тавантолгойн орд ашиглалтад орсон гэх мэтээр Монгол Улсын эдийн засаг өндөр өсөлттэй байсан он жил. Түүнээс хойш уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалт дээр баримтлах бодлогоо тодорхой хэмжээнд алдсан. Үүний гол шалтгааныг улс төртэй холбож ойлгодог. Төмөр зам, уул уурхайтай холбоотой асуудал хэт их улстөржилтийг дагуулснаас болоод уул уурхайн салбар дахь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих, нэмэгдүүлэх бодлого тарамдсан. Түүнээс болж олон гадаадын хөрөнгө оруулалт биднээс дайжсан. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэхээ байсан. Учир нь улстөржилтөөс болоод гадаадын хөрөнгө оруулалтын бодлого түүнд суурилсан эрх зүйн орчин тогтвортой бус болсон. Тиймээс бид өнөөдөр "Алт-3" хөтөлбөр гээд ярьж байгаа боловч үндсэн ордуудыг нээгээд ашиглалтад оруулчихсан гэвэл Баянхөндийгөөс өөр алга. Үүнээс харвал бид бэлэн бус байна.
Нөгөөтээгүүр Оюутолгой дээрх маргаантай асуудлуудаа цэгцэлж, төсөл цаашид бүрэн хүчин чадлаараа ажиллах орон зайг нь нээж, монголын талд илүү ашигтай болгох асуудлаа шийдэж чадалгүй өнөөг хүрсэн. Мөн ордуудын тал дээр төрөөс баримталж буй бодлого нь стратегийн ордуудыг нэмэгдүүлэх, төрийг улам хүчирхэг болгох, зузаатгах, төрийн санхүү мөнгөний чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого болсноос биш уул уурхайн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орж, хувийн хэвшлүүд тэнд ажиллах боломжийг нээсэн нь сүүлийн хэдэн жилд байсангүй. Эсрэгээрээ уул уурхайн салбарыг ард иргэдийн өмнө харлуулах бодлогыг барьснаас болж салбар нь гацаанд орчихсон, хайгуулын лиценз нэмэгдэхээ байсан, хязгаарлагдсан. Одоо байгаа ордууд нь хайгуулаа хийгээд нөөцөө нэмэгдүүлэх боломж нь бодлогын хувьд хязгаарлагдсан. Ийм л нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр бид бэлэн биш байна. Тиймээс дунд болон урт хугацаандаа энэ нөхцөл байдлыг дахин давтахгүйгээр татварын шинэчлэл, эдийн засгийн эрх чөлөөний тухай асуудлаа бодит байдал дээр хэрэгжүүлэх ёстой. Улмаар цаашид монголд уул уурхайн салбар төдийгүй бусад салбарт хувийн хэвшил өсөж өндийх боломжийг бид нээх ёстой.
-Таны ярьсантай уялдуулаад асуухад, энэ Засгийн газрын ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөнд эдийн засаг, дэд бүтцийн шинэтгэл багтсан байгаа. Тэр дунд зэс хайлуулах үйлдвэр, гангийн цогцолбор болон нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах зорилтыг тавиад буй. Эдгээр бүтээн байгуулалтууд ашиглалтад орсноор манай эдийн засагт үр өгөөжөө хэрхэн өгөх вэ. Нөгөөтээгүүр 14 мега төсөлд багтсан байгаа төслүүдийг мөрөөдлийн жагсаалт уу эсхүл эдийн засаг орох бодит хөрөнгө оруулалт уу гэдгийг хэрхэн ялгах вэ?
-Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа бодлогуудын заримтай нь санал нэг байдаг. Бидний өнөөдрийг хүртэл хийж чадаагүй зүйл бол эрчим хүч, дэд бүтэц. Мөн үйлдвэрлэлийн суурь салбараа хөгжүүлж чадаагүй явдал шүү дээ. Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хувьд харамсалтай дүр зурагтай байгаа. ЗГ-ын зүгээс оруулж батлуулсан 2026-2030 онд Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хувьд тодорхой олон зорилтууд дэвшүүлсэн. Гэхдээ бид дарааллын хувьд эхлээд засаглалын чадавхиа сайжруулах ёстой. Авлига, хээл хахууль, шударга ёстой холбоотой асуудлаа цэгцлэх ёстой. Үүний дараагаар эдгээр тухайн баримт бичгийн зорилтууд, хэрэгжүүлэх ажлууд бодитой хэрэгжих боломж бүрдэнэ. Өнөөдөр засаглалын дээд түвшиндээ тодорхой бодлого гаргаад ирэхэд хэрэгжүүлэх дунд шатандаа чадавх нэлээн суларсан гэж би хардаг. Энэ нь сүүлийн үед хэрэгжүүлж байгаа томоохон төслүүд дээр харагддаг. Метро яригддаг хийж чадаагүй. 220 км Дарханы замыг тав зургаан жил тавиад одоо ч бүрэн дуусаагүй байна. Олон улсын чанартай автозам болж чадсан уу гэдэг эргэлзээтэй. Тэгэхээр бид засаглал руугаа харах ёстой. Засаглал сайн байж эдгээр томоохон гол төслүүд бодитой хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Нефьтийн үйлдвэрийн ажил явах ёстой. Гангийн цогцолбор, алт, зэс хайлуулах үйлдвэрүүд болон Тавантолгой дээр нүүрс химийн үйлдвэрийн ажил явах ёстой. Гэхдээ гол асуудал нь бид аливааг цогцоор нь харах ёстой.
Та бид хоёрын яриад байгаа энэ томоохон төслүүд амжилттай хэрэгжиж чадвал Монгол Улсын эдийн засагт маш том дэмжлэг болно. Үүнтэйгээ зэрэгцүүлээд эрчим хүчээ бодох ёстой. Дэд бүтцээ гол зорилт болгон ярьдаг боловч бодит байдал дээрээ бид 30 жилийн хугацаанд эрчим хүчний асар их дутагдалтай, цэвэр эрэлттэйгээ харьцуулахад эрчим хүчнийхээ 30,40 хувийг л хангаад сууж байгаа, ийм л улс. Одоогийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаагаасаа давсан эрчим хүчний эрэлттэй. Хувийн хэвшлийнхэн нь эрчим хүч авах гээд хүсэлт гаргаад түүнийг нь хангах нь бүү хэл одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдийнхээ тогийг таслаад сууж байна шүү дээ. Ийм тохиолдолд Монгол Улс хөгжил ярих боломжгүй. Иймээс бид засаглалын чадавхийг сайжруулах, хөгжлийн загвараа зөв болгох асуудлын нэн даруй хийх шаардлагатай.
-Инфляцын өсөлт, төгрөгийн сулрал гээд эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл нь засаглалын тогтворгүй байдлаар илэрч байна уу. Ер нь бид нэг зүйл болохгүй болохоор л засаг огцор гээд ярьдаг л даа. Энэ байдлаас авч үзвэл засаглалын тогтвортой байдал гэдгийг бид яаж ойлгох ёстой вэ?
-Засаглалын тогтвортой байдал гэдэг дээр бид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Нэг талаасаа, Засгийн газар тогтвортой ажиллах гэж харж болох ч хамгийн гол нь бодлогын тогтвортой байдал, бодлогын залгамж халаа гэдэг зүйлийг бодох ёстой. 1996 оноос хойш Монгол Улс хөгжлийн томоохон таван бодлогыг баримталсан байдаг. Хамгийн сүүлийнх нь "Алсын хараа 2050". Үүнийг хэрэгжүүлэх арга замаа хамгийн сүүлд бүсчилсэн хөгжлийн бодлого гэж үзэх шиг боллоо. Энэхүү таван бодлогыг дагаж гарсан салбаруудын бодлогуудаас хэрэгжсэн нь юу вэ гэдгийг бодвол эргэлзээтэй. Монгол Улсад сүүлийн 30 жил өсөж дэвжсэн зүйл бий. Бид олон зүйл дээр урагшилсан. Эдийн засгийн хэмжээ нэмэгдсэн, төсвийн орлого, зарлага өссөн болон макро үзүүлэлтүүдийн хувьд дэвшил бий. Хэдий тийм боловч Монгол Улс макро эдийн засгийн гол асуудлуудаа шийдвэрлэж чадсан уу гэвэл үгүй.
Өнөөдөр ахмадууд яагаад ядуу байгаа юм, яагаад монголчуудын 1/3 нь ядуу байгаа юм. Боловсрол, эрүүл мэндийн салбар яагаад ингэж доройтсон юм. Дээрээс нь 21-р зуунд бид тог дулаанаа хязгаарлуулаад "Бидэнтэй адил хязгаарладаг улс байгаа шүү дээ" эсхүл "Үүнээс ч олон цагаар хязгаарлаж болох байсан шүү дээ" гэж яриад сууж байгаа нь гутамшигтай л даа. Тэгэхээр засаглалын тогтвортой байдал гэдгийн ард Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, язгуур эрх ашгийг хамгаалсан, иргэдийн амьдралыг бодитоор сайжруулж чадсан тогтвортой бодлого түүний хэрэгжилт байх ёстой.
-Иргэдээ талцуулж, дайсан зааж өгч, өөдтэй яваа уул уурхайн салбараа харлуулдаг технологиосоо намууд салах ёстой-

-Тэгвэл засаг төр өөрөө яаж иргэдийнхээ итгэлийг олж авах ёстой юм бэ?
-Тодорхой хэмжээгээр иргэдийн итгэл суларсан гэж харж байна. Итгэл нь суларч, цөхрөл болж байна гэж хардаг. Тийм ч учраас нийгэмд тулгамдсан асуудлууд дээр хүлээлт тавьж байна. Тухайлбал, банкны зээлийн хүүг яаж бууруулах вэ гэхээр гаднын банк оруулаад ирвэл бүх зүйл сайхан болчих юм шиг бодоод байна. Оруулж ирж болно. Гэхдээ сайхан болчихно гэсэн итгэл үнэмшил иргэдэд бүрэн дүүрэн байхгүй байна. Өнөөдрийг хүртэл иргэдээ талцуулж, дайсан зааж өгдөг улс төрийн технологиор явлаа шүү дээ. Өнгөтэй өөдтэй яваа уул уурхай, банк санхүүгийн салбараа харлуулдаг. Ард иргэдийн ядуу дорой байгаагийн буруутан нь тодорхой өөр субъект юм шиг ярьдаг. Улс оронд сайн сайхан байдал бий. Муу муухайгийнх нь шалтгаан бол төр засгийн бодлогын хэрэгжилт шүү дээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж хэлцдэгийн шалтгаан нь энэ. Тэгэхээр ард иргэдийн итгэлийг олохыг хүсэж байгаа бол иргэдийнхээ амьдралыг бодитой сайжруулах ёстой.
Тэгвэл Засгийн газар, төр яаж иргэдийнхээ итгэлийг олж авах юм бэ. Гол нь ажлаа сайн хийх. Өөр арга байхгүй. Одоо энэ засгийн газраас хүлээж байгаа гол хүлээлт энэ. Ажлаа сайн хийж иргэдийн амьдралыг бодитойгоор сайжруулах. Ингэж бид иргэдийнхээ төр, ирээдүйд итгэх итгэлийг сэргээх ёстой. Гэтэл ингэж чадахгүй байгаагаас иргэдийн итгэл суларч популист улс төрчид, популист бодлогын хөрс суурь зузаарсаар байна. Ард иргэдийг халамжилж, богино хугацаанд аргалах байдлаар сонгуульд ялахыг хичээдэг. Энэ тал руугаа манай улс нэлээн хүчтэй явсан байна. Нөгөө талд ард иргэдийн амьдралын чанарыг бодитойгоор сайжруулаад дараа дараагийн сонгуульд ялалт байгуулж, урт хугацаандаа өөрсдийн улс төрийн зорилгыг биелүүлэх боломжтой. Энэ арга зам руу нь монголын улс төрийн намуудын хөгжил төлөвшил явах ёстой.
Улс төрийн намууд маань шинжлэх ухаанч шилдэг залуусыг авч ажиллуулдаг байх хэрэгтэй. Нэг ёсондоо, энэ асуудал намаас эхлэх ёстой. Үүний дараа засаглалаа сайжруул. Сайжруулсныхаа дараа ажлаа сайн хийж ард иргэдийнхээ амьдралыг сайжруул. Үүний дараа ард иргэд тухайн нам, улстөрдөд итгэх болно. Өнөөдөр тодорхой хэмжээний мөнгө зарцуулж иргэдийн тархийг ПР-аар угааж, улс төрийн оноо авч болох ч бодит үнэн гэдэг зүйлээс хаашаа ч зайлах боломжгүй л дээ. Эцэстээ сайн зүйлд хүргэхгүй.
-Ярилцлагын эхэнд дурдсанчлан, зэс нүүрсийг орлох боломжтой гэж яриад байна. Зэсийг эдийн засгийн дараагийн тулгуур болгохын тулд ямар алхам хийх шаардлагатай вэ?
-2025 онд зэс тодорхой хэмжээгээр эдийн засгийг "аварсан" байна. Нүүрсний экспортын бууралтыг нөхөж чадсан байна. Зэс, алтаар л нөхөөд гарсан байна л даа. Урт хугацаандаа нүүрсийг огт байхгүй шахуу болно гэж төсөөлж ажиллах юм уу эсхүл тодорхой хувь дээр явах юм уу гэдгийг хөндөх ёстой. Би хувьдаа, нүүрс тодорхой хугацаанд байсаар байна гэж хардаг. Хүмүүсийн хэлээд байгаа шиг 2030 он гарангуут нүүрс хэрэгцээгүй болчхоно гэж хараахан бодохгүй байна. Ялангуяа өнөөдрийн геополитикийн тогтворгүй байдал урт хугацаанд үргэлжилнэ гэж үзвэл тодорхой эх сурвалжуудыг бид ашигласаар байх бололтой. Гэхдээ бид бэлэн байх ёстой. Тиймээс нүүрсийг тодорхой хувь дээр явсаар байна гэдэг агуулга дээр зэсийн стратегиа боловсруулах ёстой. Гэхдээ зэсийн хувьд аль болох гарцаа нэмэгдүүлэх нь чухал. Одоо байгаа хоёр үйлдвэрийн гарц хязгаарлагдмал. Тухайлбал, Эрдэнэт энэ жил түүхэн дээд түвшинд ажилласан гэж ойлгож байгаа. Гарц нь хязгаарлагдмал учраас өнөөдрийн гол стратеги бол гарцаа аль болох нэмэгдүүлэх. Цагаан суварга болон дараагийн ордуудыг ашиглах боломжийг бодлогын хувьд болоод татварын орчны хувьд бий болгох шаардлагатай.
Хоёрдугаарт, зэсийг нэмүү өртөг шингэсэн дараа дараагийн шинэ шатны бүтээгдэхүүн болгон гаргах чиглэл рүүгээ бид явах ёстой. Ингэснээр давхар, давхар зүйлийг бид олж авч чадна. Нэгдүгээрт, ажлын байр бий болно. Ажлын байр бий болсноор Монгол Улсын эдийн засгийг эрэлтийн тал руу дэмжиж өгнө. Ингэснээр бусад үйлдвэрлэл, үйлчилгээ дагаад хөгжих боломжтой. Мөн ирээдүйд стратегийн хувьд эдийн засгаа төрөлжүүлэх боломжийг бүрдүүлж өгөх олон талын ач холбогдолтой. Тэгэхээр Засгийн газраас хүлээж байгаа өөр нэг зүйл бол засаглалаас гадна уул уурхайн салбар дахь төрөөс баримтлах бодлогоо нарийн тодорхойлж, эдийн засгийн эрх чөлөө гэдгээ бодлогын хувьд төдийгүй хууль эрх зүйн хувьд тодорхой болгох хэрэгтэй. Олзуурхууштэй нь үүнийг хийж эхлээд байна. Гол нь хэрэгжүүлэх ёстой. Дараагаар нь та бид хоёрын яриад байгаа зэс хайлуулах үйлдвэр тэргүүтэй үйлдвэрүүдээ барьж болох байх. Хамгийн гол нь бодлого тодорхой байх ёстой. Жишээлбэл, өнөөдөр зарим томоохон уурхайнууд өөрсдийнхөө орлогыг нэмэгдүүлэх, уул уурхайн нөөцөө нэмэгдүүлэх гэнгүүт төр булааж авах гээд байгаа шүү дээ. 20-иод жилийн өмнө өгчихсөн гэж ярьдаг үндэсний хөрөнгө оруулагчидтайгаа байлдаад байгаа төр засагтай. Үүнийгээ нэг тийш болгох хэрэгтэй. Түүнийг нь тодорхой этгээдүүд өөгшүүлэн дэмжээд байгаа ийм үед гадаадын хөрөнгө оруулалт бүр л эргэлзээтэй байгаа.
Тэгэхээр баялгийн хуваарилалт гэдгийг ч иргэдэд зөвөөр ойлгуулах ёстой. Баялгийн хуваарилалт гэдэг нь хэн нэгнээс шууд "булааж" аваад мөнгө тараах асуудал юм уу эсхүл нүүрс, зэс зэрэг Монгол Улсын нийт иргэдийн мэдэл, өмчид байх ёстой баялгаас орж ирсэн орлогыг зөв зарцуулж, тэр нь иргэндээ очдог байх ёстой гэдэг нь юм уу. Иргэд нь эрүүл, аюулгүй орчинд чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах, бодит орлого нь нэмэгдэх, ажлын байр бий болох зэрэг нь баялгийн хуваарилалтын хамгийн том зарчим нэг гол хувилбар гэдгийг ойлгох ёстой байх. Хүмүүст мөнгө хуримтлуулж өгөх нь байж болох хувилбар. Гэхдээ хамгийн зөв, шударга баялгийн хуваарилалт бол баялгаас орж ирж байгаа орлого иргэдийн ажил амьдралд, амьдрах орчинд, амьдралын чанарт нь очиж нөлөөлөх явдал. Өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн хэдэн төсөл хөтөлбөрөөс орж ирсэн мөнгөө тарааж өгөөд байгаа энэ хувилбар буюу халамжлах бодлогын загвараар цаашид яагаад ч явахгүй гэдэг нь сүүлийн 15,16 жилийн дүр зургаас харагдаж байна шүү дээ. Эдийн засаг ийм байхад бид цаашид зардлыг нь дийлэхгүй. Тиймээс бидэнд тодорхой, дорвитой өөрчлөлт хэрэгтэй.
-АМНАТ-ын орлогоос тухайн орон нутагт үлдээх нь зөв. Гэхдээ үлдээх хувь нь ямар байх вэ гэдгийг бодох хэрэгтэй-

-Уул уурхайн салбар дээр төрөөс баримтлах бодлогоо тодорхой болгох шаардлага байгаа талаар та хэлж байна. Тэгвэл УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа талаар мэдэгдсэн. Салбарын сайдын онцолж буй агуулгад, уул уурхай эрхэлж буй бүс нутагт АМНАТ-ын орлого нь үлддэг болгох, зэсийн АМНАТ-ын хувь хэмжээг бууруулна зэрэг байгаа. Мэргэжлийн хүний хувьд харахад, энэ бодлого хэр зөв бэ?
-Бидэнд эргэлзээтэй хоёр асуудал байна. Орон нутгийн бие даасан байдал гэх асуудал байна. Орон нутагт ямар эрх мэдэл өгөх вэ гэдгийг нэгдмэл улсын түвшинд анхаарах ёстой байна. Нэг ёсондоо орон нутгийн засаглалын чадавх ямар байгаа вэ гэдэгтэй уялдуулан бодох ёстой. Хоёрдугаарт, уул уурхайн орлогыг хэрхэн хуваарилах вэ гэдэг асуудал. Ялангуяа АМНАТ. Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дээр олборлож байгаа бүх ашигт малтмалын нөөц ашиглалтын орлого бол Монгол Улсын нийт иргэдэд хамаарах орлого гэдэгтэй хүн бүр санал нийлнэ байх. Тэглээ гээд хуваарилалт нь бүх орон нутаг руу жигд тараах ёстой гэх асуудал хараахан байж болохгүй. Учир нь тодорхой хэмжээнд газар нутаг, байгалийн баялгаа ашиглуулж буйн хувьд тухайн уул уурхай байгаа аймаг орон нутаг нь илүү үр дүнг нь хүртэх боломж бий. Энэ агуулга руу Ашигт малтмалын тухай хуулиа бид явуулах ёстой. Хоёрдугаарт, зэсийн АМНАТ дээр ялгаатай зүйл бий.
Нэгдүгээрт, бид Оюутолгойтой холбоотой асуудлаа шийдэх ёстой. 34 хувиа яах юм, АМНАТ-аар орлуулах уу гэх мэт асуудлаа шийдэх ёстой. Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэр дээрх зэсийн АМНАТ асар өндөр байгаа нь тухайн үйлдвэрийн өсөж хөгжих чадвар, нөөцөө нэмэгдүүлэх, уул уурхайн менежментийг хэрэгжүүлэх боломжийг хаадаг талаар Эрдэнэтийнхэн илэрхийлдэг. Татварын бодлого улс орны хэмжээнд жигд, тэгш үйлчлэх ёстой. Та бид бүгдээрээ ижил татвар төлөх ёстой. НӨАТ-ыг ч гэсэн бид энэ зарчмынх нь хувьд илүү явуулах ёстой. Тэгэхээр АМНАТ бол нийт иргэдэд тодорхой хэмжээгээр эерэг үйлчлэх ёстой. Энд хоёр асуудал бий. Татвар төлбөр байдлаар төсөвт татан төвлөрүүлээд яаж хуваарилах вэ гэдэг асуудал. Улсын төсөв рүү төвлөрүүлээд орон нутаг руу яаж хуваарилах вэ гэдэг асуудал байна.
Хоёрдугаарт, тухайн уул уурхайг дэмжээд ажиллуулж байгаа орон нутгийн засаг захиргаа, иргэдийг дэмжих үү гэдэг асуудал байна. Үүнийг сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний орлогыг орон нутагт нь үлдээнэ гэдэг байдлаар төсвийн эрх зүйн орчинд хийсээр ирсэн. Үүнийгээ үргэлжлүүлэх нь зүйтэй. Гэхдээ үлдээх хувь нь ямар байх вэ гэдэг дээр л бид бодох ёстой. Орон нутгийн бие даасан байдал гэдгийг хэтэрхий анхаараад, орон нутагт хэтэрхий өндөр эрх мэдэл өгөх нь Монгол Улсын нэгдмэл төсвийн бодлого, нэгдмэл хөгжлийн бодлогод яаж нөлөөлөх вэ гэдэг дээр илүү анхаарах ёстой.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!