Өнгөрөгч долоо хоногт Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийх үеэрээ цалингийн нэмэгдлийг далимдуулж, цомхотгол хийгээд эхэлсэн. 20-иодхон хүнтэй сумын ЭМТ-ийн үйлчлэгч, жолоочийг халж байна гэж мэдэгдсэн. Тэгвэл орон тооны цомхотголтой холбоотойгоор УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан дараах байр суурийг УИХ-ын чуулганы үеэр илэрхийлж байжээ.
Тэрбээр "Төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгох шийдвэр гарсан. Зарчмын хувьд төрийн бүтцийг оновчтой болгох, үр ашиггүй зардлыг танах нь буруу биш. Харин энэ шийдвэрийг салбарын онцлог, бодит нөхцөлөөс ангид, механик байдлаар хэрэгжүүлэх нь хамгийн том алдаа.
Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагчдыг цомхотгохгүй гэж байгаа нь зөв. Гэхдээ үүний оронд эмнэлэг доторх бусад мэргэжилтнүүд болох техникч, инженер, лабораторийн ажилтан, оношилгооны тоног төхөөрөмж хариуцагч нараас хасна гэдэг бол асуудлыг гаднаас нь харж шийдэж буй өрөөсгөл ойлголт юм. Бодит байдал дээр эмнэлгийн нийт ажиллагсдын дунд эдгээр тусгай мэргэжилтнүүд 20 хувьд ч хүрэхгүй. Тэд цөөн боловч эмнэлгийн үйл ажиллагааны “амьсгаа” нь. MRI, CT, лабораторийн тоног төхөөрөмж өөрөө ажилладаггүй. Засвар үйлчилгээ, калибровк, аюулгүй ажиллагаа, тасралтгүй ажиллагааг эдгээр хүмүүс л хангадаг. Тэднээс хасна гэдэг нь эмчийг үлдээгээд багажийг нь эвдэж байгаатай адил.
Эмнэлэг бол зөвхөн эмч, сувилагчийн нийлбэр биш. Энэ бол нарийн уялдаатай систем. Нэг шураг нь сулрахад бүхэлдээ доголддог. Хамгийн цөөн, хамгийн их ачаалалтай, хамгийн орлуулашгүй хэсгээс нь “таналт” нэрээр цавчиж эхэлбэл эцэст нь иргэд хохирно. 2026 оны улсын төсөв хэлэлцэх үеэр энэ асуудлыг ярьж байсан. Эрүүл мэндийн салбарт цомхотгол хийхдээ тоон зорилт биелүүлэхээс илүүтэй үйл ажиллагааны тасралтгүй байдлыг нэн тэргүүнд харах ёстой. Хэмнэлт гэдэг нэрийн дор системийг нь эвдэж болохгүй. Үр ашиг ярьж байгаа бол хамгийн түрүүнд бодит байдлаа ойлгох хэрэгтэй" гэж байжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!