СУРВАЛЖИЛГА: Ааруулаар зассан идээг 350-500 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 57 секунд

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход 20 гаруйхан хоног үлдлээ. Төгс буянтын зурхайгаар XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2026 оны хоёрдугаар сарын 18-нд тохиож буй. Сар шинэ ойртсон эдгээр өдрүүдэд тавгийн чихэр, хэвийн боов, ааруул цагаан идээний эрэлт нэмэгдэж, айл болгон бэлтгэлээ базааж эхэлдэг.

Үүнийг дагаад сар шинийн баярын бэлтгэлээ нэг дороос хангах үзэсгэлэн худалдаанууд гарсан байна. Бид Дүнжингарав худалдааны төвд гарсан үзэсгэлэн худалдааг зорьж, сар шинийн ширээний чимэг тавгийн идээний үнийг сурвалжиллаа.

Эхлээд бид сар шинийн ширээ засалтын гол идээ болох хэвийн боовны үнийг сонирхов. Шар тос нь үнэртсэн шаргал өнгийн янз бүрийн зүсэлттэй хэвийн боовнууд харагдана. Хэвийн боов найрлага, хэв, хийцээс хамаарч ширхэг нь 6000-10500 төгрөгийн хооронд байв. Харин еэвэн гурван ширхгээрээ 22-25 мянган төгрөгийн хооронд байв.

Бид хэвийн боовыг төрөл төрлөөр эгнүүлэн өрсөн худалдаа эрхлэгч Б-ээс зарим зүйлийг тодрууллаа.

НЭГ ТАВГИЙН БООВ 90 МЯНГААС 220 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА

-Та хэвийн боов, цагаан идээ худалдаалаад хэдэн жил болж байна вэ?

-Би Дүнжингаравын үзэсгэлэн худалдаанд 6 дах жилдээ гарч байна. Энгийн үед мэргэжлээрээ ажиллаад цагаан сарын үеэр үзэсгэлэн худалдаанд гарч, тавгийн идээ борлуулдаг.

-Та хэчнээн төрлийн хэвийн боов худалдаалж байна вэ. Үнийн мэдээллийг бас өгөөч?

-Монгол гүрмэл, турк технолгоор хийгдсэн хэвийн боов, зүсмэл гээд төрөл бүрийн хэвийн боов байгаа. Амт чанар, орц найрлага, үйлдвэрээсээ шалтгаалаад үнийн хувьд өөр өөр. Монгол гүрмэл энгийн нь 9000, язгууртан нь 10500. Турк талх нарийн боовны үйлдвэрийн турк технолгоор хийгдсэн хэвийн боов 9500, Өнхрүүшийн зүсмэл хэвийн боов 6000, Ургацын гүрмэл 6000, еэвэн том жижгээсээ шалтгаалаад 8-15 мянган, гурван хос нь 22-25 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

-Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн зүйл байна уу?

-Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор өнгөрсөн жилээс 500 төгрөгөөр нэмэгдсэн үнээр ирж байна.

Иргэдийн хэлж байгаагаар өнгө сайтай, амт чанартай хэвийн боовыг аль болох эрт авчихвал сайн гэнэ. Хэдийгээр нэг үйлдвэрээс ижил хайрцаг савтай худалдаанд гарч байгаа ч эхний хэд хоногийн хэвийн боов амт илүү байдгийг өндөр настнууд хэлж байлаа.

Харин дараа нь бид ааруул, цагаан идээний үнэ, мэдээллийг тодрууллаа. Нэг кг ааруул 30-45 мянган төгрөг. Нэг тавагны ааруул 350-500 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв.

Цагаан идээний лангууны худалдагч Б-тэй уулзаж, үнийн мэдээллийг авсан юм.

ААРУУЛААР ЗАССАН ИДЭЭГ 350-500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖТОЙ

-Танай ааруул, цагаан идээ хаанаас ирдэг вэ?

-Тавгийн ааруул Архангайн Чулуутаас ирсэн. Сүүн болон аарцны ааруулууд төрөл бүрээрээ байна.

-Үнийн мэдээллийг өгөөч?

-Тавгийн идээний сүүн ааруул 45 мянга, аарцны ааруул 40 мянга. 3 ширхэг нь 1.1 кг болдог. Сүүн ааруулаар таваг засахад 450-500 мянган төгрөг болно. Аарцны ааруулаар таваг засахад дунджаар 350-400 мянга болж байгаа. Мэдээж тойрог, тоо ширхгээсээ шалтгаалаад үнэ нь өөр.

-Энэ үнэ өнгөрсөн жилийнхээс өссөн үнэ үү. Цагаан сар дөхөхөөр үнэ нь нэмэгдчихлээ гэдэг шүүмжлэл байдаг шүү дээ?

-Энэ жил цагаан идээний үнэ дээр өсөлт орж ирээгүй. Өнгөрсөн жил би сүүн ааруулаа 45 мянгаар зарж байсан. Яг хэвээрээ л байгаа.

-Жилийн жилд ааруул үнэтэй байна гэсэн шүүмжлэл гардаг. Малчдын гар дээрээс үнэтэй ирээд байдаг юм уу. Хүмүүсийн бодож байгаа шиг худалдаачид хэд нугалж, нэмээд байдаг юм уу?

-Малчид хөдөлмөр зарж хийсэн цагаан идээгээ хямдхан өгөхийг бодохгүй. Малчдаас авсан үнэ дээрээ ашгийн 2-3 мянган төгрөг нэмээд л зардаг. Худалдаачид их нэмдэг гэдэг туйлширсан ойлголтоосоо одоо салах хэрэгтэй шүү дээ.

-Сүүн болон аарцны ааруул аль нь илүү эрэлттэй байдаг вэ?

-Энэ жил чихэртэй эсвэл сүүн ааруулаас илүү чихэргүй бор ааруул их эрэлттэй байна. Үнэ нь ч арай хямд тусаж байгаа.

-Тэгвэл ааруул эсвэл хэвийн боов гэсэн сонголтын алийг нь хүмүүс их сонгож байна?

-Хөгшин залуугүй ааруулаар таваг засах сонирхолтой болсон байна. Үнэтэй байна гэсэн хэрнээ л ааруул сонгодог.

-Хорхой ааруулны үнэ хэд вэ?

-Сүүн ааруулууд 45 мянга. Аарцны хорхой ааруулууд 30 мянга. Энгийн бор ааруул 40 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа.

-Шар тос кг нь хэдтэй байна?

-45-50 мянган төгрөгөөр зарж байна.

Хамгийн сүүлд нь бид сар шинийн ширээний бас нэгэн чимэг тавгийн чихэр ямар үнэтэй байгааг сурвалжиллаа. Бидний нүдэнд туссан лангуу бол орох чихэр гэсэн хаягтай өнгө өнгийн чихэр алаглуулан өрсөн том лангуу байв. Бид худалдагчтай нь уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.

ТАВГИЙН ЧИХЭР КГ ТУТАМДАА 5-10 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

-Хэчнээн нэр төрлийн чихэр хэдээс хэдэн төгрөгөөр худалдаалж байна вэ?

-Сар шинийн баяраар Дүнжингаравын үзэсгэлэн худалдаанд гараад 10 гаруй жил болж байна. Манай лангуу орос чихрүүдийг хямд үнээр зардгаараа онцлогтой. Үрэлнүүд бусад газар 55 мянган төгрөгөөр зарагдаж байхад манайд 50 мянгаар зарагдаж байна. Орос үрэлнүүд 45-50 мянга, хятад үрэл 15-20 мянга. Нандин чавга 20-30 мянга, хар чавга 20-30 мянга, хасарваан 15-20 мянга. Орос чихэрнүүд кг тутамдаа 35-70 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

-Үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн үү?

-Бүх нэр төрөл дээр кг тутам 5-10 мянган төгрөг нэмэгдсэн. Өнгөрсөн жил 25 мянгаар зарагдаж байсан чихэр энэ жил 35 төгрөгт хүрсэн. 45 мянгатай байсан үрэл 50 мянга болж нэмэгдсэн байх жишээний. Цаанаасаа нэмэгдэж ирсэн учраас нэмэхээс өөр арга байгаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй байх.

-Нэг айл тавгийн чихэрээ аваад гарахад нийт хэчнээн төгрөгийн худалдан авалт хийж байна?

-Хамгийн ихдээ 700-800 мянган төгрөгийн худалдан авалт хийдэг. Хамгийн багадаа 70-80 мянган төгрөгийн худалдан авалт хийж байгаа. Ихэнх айлууд 150-200 төгрөгийн чихэр аваад гардаг.

Цагаан сар болоход 20 гаруй хоног дутуу байгаа болоод ч тэр үү. Тавгийн идээ сонирхож байгаа хүн цөөн. Хөл хөдөлгөөн бага байлаа. Бид тавгийн идээгээ бэлдэхээр зэхэж, үнэ судалж байгаа иргэн Г-тэй уулзаж сэтгэгдлийг нь сонсоход, “’Цалин хаана ч хүрэхгүй байхад тавгийн идээ, сүү цагаан идээний үнэ үнэхээр үнэтэй байна. Банкнаас зээл авч л сар шинийн баяртаа бэлдэж байна. Түүнээс зээлгүйгээр шинэлэх боломж алга. Танаад, танаад 2.000.000-3.000.000 төгрөгөөр шинэлнэ. Тэгэхээр сарын 1.000.000 төгрөгийн цалин хаана ч хүрэхгүй байна. Үнийн хөөргөдөл ихтэй байгаад маш их бухимдаж байна. Ядуу улс тэгсэн хэр нь маш олон баярыг өргөн тэмдэглэх юм” хэмээн бухимдангуй хариулаад өнгөрч одов.

Хүйтэн автобусаар үйлчилсэн гэх “Блюбус“ ХХК-ийн хэлтсийн даргыг 100 мянган төгрөгөөр торгожээ
Хүйтэн автобусаар үйлчилсэн гэх “Блюбус“ ХХК-ийн хэлтсийн даргыг 100 мянган төгрөгөөр торгожээ
 
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!