СЭДЭВ: 3 жилд 17 их наядаар нэмэгдсэн зээлийн өсөлтийг “тогтоох“ Монголбанкны шийдвэр иргэдийг мөнгө хүүлэгчид рүү “түлхэх“ эрсдэлтэй

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 26 секунд

Цалингаас цалин, зээлээс зээл. Өдрөөс өдөрт хүрээгээ улам тэлж буй ийм нэгэн гинжин хэлхээнд та бид аж төрсөөр. Борви бохис хийх завгүй ажилласан ч өрийн дарамт гэгчийн сүүдэр нэгэнт айл өрх бүрт туссан нь бодитой үнэн.

Тэгвэл хэрэглээний зээлийн босгыг өндөрсгөх замаар иргэдийг өрийн дарамтад орох эрсдэлээс сэргийлэх бодлого баримтална гэж Монголбанк хэдхэн хоногийн өмнө зарлалаа.

Тодруулбал, Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаас банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон шинэчлэн тогтоох шийдвэрийг гаргасан юм.

Ингэхдээ гадаад нөхцөл байдал тодорхой бус байгаа энэ үед арилжааны банкуудын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж буй гэдгийг ч албаныхан дурдсан юм.

Мэдээж энэ бол жилээс жилд өсөн нэмэгдэж буй зээл олголтыг чанаржуулах нөгөө талдаа иргэдийг давхар зээлийн эрсдэлээс хамгаалж "муу зан"-гаас ангижруулахад ч чухал нөлөөтэй байж болох юм. Тэгвэл хэрэглээний зээлийн босго чангарахад нөлөөлсөн хүчин зүйлс ба энэхүү шийдвэрийн эргэн тойронд яригдах зарим асуудлыг хөндье .

-Иргэд, ААН зэрэгт олгосон нийт зээлийн үлдэгдэл 2023 оноос хойш 17 ИХ НАЯДААР НЭМЭГДЖЭЭ-

Зээл олголтын нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг эхлээд харцгаая. 2025 оны эцсийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл 44 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 7 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 644.2 тэрбум төгрөгөөр өсжээ. Энэ үзүүлэлтийг өмнөх оных нь мөн үетэй харьцуулж үзэхэд дараах дүр зураг харагдаж байгаа юм.

Графикт үзүүлсэнчлэн, зээлийн нийт үлдэгдэл 2023 оноос хойш хугацаанд 17 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэр дундаа чанаргүй болон анхаарал хандуулах зээлийн нөхцөл байдал ч анхаарал татаж байгаа юм.

Тодруулбал, 2024 оны эцэст 1.9 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэл байсан бол энэ үзүүлэлт 2025 оны эцэст 2.2 их наяд буюу 353 тэрбум төгрөг болж өсчээ. Өөрөөр хэлбэл, чанаргүй зээл өмнөх оноос 18.9 хувиар өссөн дүнтэй байгаа юм.

Харин анхаарал хандуулах зээлийн хувьд, 2023, 2024 онуудад ижил түвшинд буюу 1.3 их наяд төгрөг байсан бол өнгөрөгч 2025 оны эцэст 1.5 их наяд буюу 200 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм.

Нэг ёсондоо, өмнөх онтой харьцуулахад зээлийн нийт үлдэгдэл 7 их наяд төгрөгөөр, чанаргүй зээл 353 тэрбум төгрөгөөр, анхаарал хандуулах зээл 200 гаруй тэрбум төгрөгөөр өссөн зэргээс харвал зээл ч, "чанаргүй" зээлдэгчид ч нэмэгдэв

-НӨЛӨӨЛӨЛ: Банкны сектор "хамгаалагдах" ч банк, ББСБ-ын босго даваагүй иргэдээ "мөнгө хүүлэгчид" рүү түлхэх эрсдэл бий-

Өр, орлогын харьцааг чангаруулсан шийдвэрийн давуу тал ба сөрөг нөлөөлөл нь юу байх вэ. Нэг талдаа дээрх тоон мэдээлэлд гарсанчлан зээлийн үлдэгдэл нэмэгдэж буй энэ цаг үед дотооддоо банкны секторыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Нөгөө талдаа өр, орлогын харьцаа нь банк, банк бусын шаардлагад тэнцээгүй иргэд нийгэмд хяналтгүй оршин байх мөнгө хүүлэгчдийн хаалгыг олноор татаж, улмаар залилах төрлийн гэмт хэргийн хохирогч болох вий гэх эрсдэл дагуулж байна.

Энэ талаар эдийн засагч Г.Батзориг "Өр, орлогын харьцааг 45 хувь болгосон нь иргэдийн хувьд зээл авах боломж багасна л гэсэн санаа. Банкууд зээлээ илүү найдвартай, сайн зээлдэгч нартаа олгох буюу нөхцөлөө илүү чангаруулна гэсэн үг юм. Нэн шаардлагатай гэж үзвэл хүүгээ өсгөх замаар тодорхой зээлдэгчид зээлээ гаргана. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд банкны секторт чанаргүй зээл нэлээн нэмэгдэж байна. ББСБ-д ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл, инфляц, гадаад зах зээлийн тогтворгүй байдал, эдийн засгийн ороо бусгай цаг үед иргэдийн худалдан авах чадвар ч жилээс жилд муудаж байна. Энэ нь эргээд санхүүгийн салбар дахь зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлж буй юм. Тиймээс санхүүгийн салбарын эрсдлийг бодолцож, төв банкнаас эл арга хэмжээг авч байгаа болов уу.

Нөгөө талдаа тодорхой шалгуур хангахгүй байгаа зээлдэгчид ББСБ руу хөрвөх эрсдэлтэй. Гэхдээ өнгөрөгч оны эцэст ББСБ-уудад нэлээдгүй хязгаарлалтыг тавьсан. Тэгэхээр энэ жил санхүүгийн салбар талдаа зээл нэмэгдэхгүй болов уу гэж харж байна.

Төрж буй болгоомжлол нь, Монгол Улс хяналт багатай улс тул иргэдийг гар дээрх, өдрийн зээл гэх мэтийн зээл рүү түлхэх эрсдэл байгаа" гэв.

Иймээс болзошгүй эрсдлээс сэргийлж, хяналтгүй үйл ажиллагаа явуулж буй мөнгө хүүлэгч нарт ч тодорхой эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэйг анхааруулж байлаа.

-2025 онд "мөнгө хүүлэгчдэд" залилуулсан гэх 395 тохиолдол цагдаад бүртгэгджээ-

Банк, ББСБ-ууд шалгуураа чангаруулсан нөхцөлд иргэд бидний хэлж заншсанаар мөнгө хүүлэгчдэд хандах нь ойлгомжтой. Гэвч энэ байдлыг ашиглаж, иргэдийг залилах тохиолдол ч цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.

Тодруулбал, магад та олон нийтийн цахим сүлжээнд "Зээл чөлөөлнө", "Өдрийн зээл шуурхай олгоно" зэрэг зарыг харж л байсан болов уу. Олны дунд тулсан үед тус болдог нь ч бий биз. Гэхдээ энэ мэт зараар холбогдож, зээлийн хүү, урьдчилгаа шилжүүлэх нэрээр залилуулсан иргэд ч цагдаагийн байгууллагад цөөнгүй ханддаг гэнэ.

Өнгөрөгч онд л гэхэд залилах төрлийн 16906 гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээрийг үйлдэгдсэн арга хэлбэрээр нь бараа үйлчилгээ захиалах, хандив, даалгавар биелүүлэх, түрээс, мөнгө өсгөх, мөрийтэй тоглоом, виз гаргах зэрэг олон аргыг дурдаж болно.

Харин эдгээр дунд зээл төлж, чөлөөлөхтэй холбоотой буюу "Зээлийн урьдчилгаа", "Зээлийн эрх үүсгүүлэх" зэрэг үйлдлээр нийт 395 удаагийн гомдол мэдээлэл цагдаад бүртгэгджээ. Тэр дундаа зээлийн урьдчилгаатай холбоотойгоор хохирсон гэх гомдол мэдээлэл 88-аас 203 болж өссөн байгаа юм.

-Хэрэглээний зээлийг хязгаарлахаас үүдэх эрсдэлийг давж гарах нь-

Хэрэглээний зээлийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх, бизнесийн зээлд шаардлагатай эх үүсвэрийг бууруулах, хэрэглээний импортыг тэтгэн ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлэх боломжтойг албаныхан онцолсон. Энэ утгаараа түүнийг хязгаарлах замаар банкны сектороо ч, иргэдээ ч өрийн давхар, давхар дарамтад орохоос сэргийлэх боломж гэж харж болох юм. Нөгөө талдаа Монголбанк тухайн шийдвэртэйгээ уялдуулаад болзошгүй эрсдлээс иргэдээ хэрхэн "хамгаалах" вэ гэдэг бодлогоо ч тодорхойлох нь зөв биз ээ.

ТАНИЛЦ: Шинэчилсэн дүрмээр ажлаасаа “чөлөөлөгдсөн“ АН-ын 15 дэд дарга
ТАНИЛЦ: Шинэчилсэн дүрмээр ажлаасаа “чөлөөлөгдсөн“ АН-ын 15 дэд дарга
 
Монголбанк: Задгай мөнгийг гүйлгээнээс хасаагүй
Монголбанк: Задгай мөнгийг гүйлгээнээс хасаагүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!