Нийгмээ хараач. Соён гэгээрүүлэх ажил ус, агаар мэт дутагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 25 секунд

Цусанд "будагдсан" тэднийгээ хараад "Би та нарт ямар гэм хийсэн юм бэ" гэж орилох залуу. Эрчимтийн тасагт "Удахгүй би анай болно" гэж аавдаа хэлэх гурван настай бяцхан охин. Ийн бичих байтугай хэлэхэд, бодоход л сэтгэл өвтгөм энэ хэргийг "Аймшигтай" гэдгээс өөр үг төлөөлөхгүй биз ээ. Ганцхан цагийн дотор болж өнгөрсөн гэх эл хэрэг нийгэм хүйтэрч буйг бидэнд дахин харуулж, санууллаа. Бас үртэй хүн бүрийн сэтгэлийг чилээж, энэ нийгэмд яаж амьдруулна даа гэх бодлоос хүллээ.

Олон хүний сэтгэгдлийг уншлаа. "Кинон дээр л ийм зүйл болдог байх. Арай ч үгүй байлгүй дээ" гэх. Үнэн. Кинон дээр л гардаг гэж боддог тэр зүйлс нийгэмд бодитоор болж буйг бид нүдээр үзэж, чихээр сонсож байна. Энэ зуурт хэрэгтэнг сэтгэцийн өвчтэй гэдэг сураг сонсож, "Галзуу солиотой юмнуудыг байх ёстой газарт нь хатаа" гэж зүхэж байна. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид ялласан, яллаагүй хууль хэрэгтэнг шүүгээд өгнө. Харин үүнтэй зэрэгцэж бид үлдэх нийгмээ яаж аюулгүй байлгах вэ гэдгээ бодох хэрэгтэй байна.

Та анзаараад үзээрэй. Хаашаа л харна, тэнд стресс уур бухимдал дүүрэн хүмүүс алхаж явна шүү дээ. Энэ дүр зураг өөрөө нийгэмд соён гэгээрүүлэх буюу урьдчилан сэргийлэх ажил ус, агаар мэт дутагдаж байгааг харуулж байна.

Хэдий чухал биш мэт санагдаж байж болох ч урьдчилан сэргийлэх алхам нь өөрөө бүх арга замын хамгийн үр дүнтэй бөгөөд эрүүл нь байдаг. Үүнд хүн нэг бүрийн үг, үйлдэл чухал. Нөгөөтээгүүр урлаг соёлынхны оролцоо чухал. Нэг ёсондоо, хүн бүр дээр очиж аймшигт хэргийг ярьж, сэрэмжлүүлж чадахгүйгээс хойш үзэж харж буй бүхий л зүйлсээр нь соён гэгээрүүлэх ажлаа хийгээч гэж байгаа юм.

Төлбөртэй кино уран бүтээл, хөтөлбөр, тоглолт зохиож түүгээр төдий хэмжээний ашиг олж байгаа шигээ эргээд нийгэмд соён гэгээрүүлэх ажилд идэвхийлэхийг урлагийнхандаа уриалъя. Энэ чиглэлд яамтай болсны хэрэг юу билээ дээ. Бодлого, санхүүгээр нь дэмжиж, урлагийнхантайгаа хамтармаар байна.

Нөгөөтээгүүр бүх зүйлд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Нийгэмд сэдэл өгсөн уран бүтээлүүдэд цензур тогтоохгүй бол аллага, араар тавилтаас өөр зүйл олж үзэж чадахаа болих нь. Энэ бүхэн чинь хэмжээ хязгаар гээчээс нь халилаа, нөхөд өө. Энэ мэтчилэн бидэнд анхаарах ёстой асуудлууд өч төчнөөнөөрөө байна. Тиймээс нэг ч гэсэн алхам хийе. Та бүхэн нийгмээ хараач.

АТГ: Нийтийн албан тушаалтны 2025 оны ХОМ-ийг шинэчлэн гаргуулах ажил эхэллээ
АТГ: Нийтийн албан тушаалтны 2025 оны ХОМ-ийг шинэчлэн гаргуулах ажил эхэллээ
 
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!