
Хөрш айлынх нь танихгүй залуу найман сартай жирэмсэн эмэгтэйг, 3, 4 настай охидтой нь хутгалсан аймшигт хэрэг гарч нийгмийг цочирдууллаа. Хэргийн улмаас 8 сартай жирэмсэн эмэгтэй, 4 настай охинтойгоо хамт амьсгал хурааж, 3 настай охин эмнэлэгт маш хүнд байна. Хамгийн аюулгүй орчин гэгддэг гэртээ аймшигт аллагын хохирогч болж, хорвоог орхисон энэ харамсалтай хэрэг бидэнд олон зүйлийг ойлгуулж бас анхаарууллаа.
Хутга мэс барьсан галзуу солиотой нь мэдэхгүй нөхөд хэдийд ч урилгагүйгээр гэрт тань ороод ирэхийг үгүйсгэхгүй тул цаг ямагт хаалгаа түгжиж, танихгүй хүнд онгойлгож өгөхгүй байхыг үр хүүхдүүддээ хэлж, захиж анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг алхам тутамд нь сануулах цаг нэгэнт иржээ.
Байрны айлуудын бүргэд хаалганууд хаахад өөрөө түгжигддэг учир гэр дотроос хэн нэгэн онгойлгож өгөхгүй л бол хүссэн хүн бүр ороод байх боломжгүй. Тиймээс хүүхдүүддээ, ээж, аав, эмээ, өвөө гэр бүлийн гишүүд нь л биш бол хэнд ч хаалгаа тайлж өгч болохгүй гэдгийг нь хэлж, анхааруулаад ойлгуулчихад асуудалгүй. Харин эзэмшил хашаандаа монгол гэр, хувийн сууцандаа амьдардаг айлуудад хаалгаа түгжихгүй, хэн ч ороод ирсэн нээлттэй байх тохиолдол их ажиглагддаг. Энэ зуршлын балгаар жирэмсэн эмэгтэй, 4 настай охины хамт амьсгал хурааж, аав нь аймшигт аллагыг нүдээр үзэж, хутга мэсний шархтай эмнэлэгт эмчлүүлж байгаа 3 настай охинтойгоо хамт гансарч үлдлээ.
Дахин ийм аймшигт гэмт хэрэг гарах вий, хэн нэгэн хохирох вий гэсэн үүднээс "Цаг ямагт хаалгаа түгж, танихгүй хүнд хаалгаа бүү тайл" гэх уриалгыг онцгойлон захихыг хүслээ.
Хүний мөс, хүнлэг чанар гэх зүйл хүн төрөлхтнөөс алсарч, зөрж өнгөрөхдөө хутгалдаг, гэрт нь ороод гэр бүлээр нь хөнөөдөг цэвдэг сэтгэлтэй араатнууд олширсон энэ цаг үед өөрсдөдөө хайртай байж, алхам тутамдаа аюулгүй байдалдаа анхаардаг байцгаая.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!