2015 онд буюу одоогоос 10 жилийн өмнө бид гурван сая дахь иргэнээ хүлээж авч байв. Үүнээс хойш хугацаанд хүн ам маань 500 гаруй мянгаар нэмэгдээд байна. Хэрэв энэ эрчээрээ явбал манай улс 2033 онд 4 сая дахь иргэнээ хүлээн авах төлөвтэй байгаа юм.
Хүн амын тооны өөрчлөлт нь улс орны тухайн үеийн нийгэм, эдийн засгийн хөгжил, ард түмний аж байдлын түвшин, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж зэрэг олон хүчин зүйлтэй уялддаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд манай хүн амын тоонд хэрхэн өөрчлөлт орж ирсэн талаар болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлс болсон гол үзүүлэлтүүдийн талаар мэдээллийг багцлан хүргэе.
-1918 ОНООС ХОЙШ 100 ГАРУЙ ЖИЛИЙН ХУГАЦААНД ХҮН АМЫН ТОО 2.8 САЯАР НЭМЭГДЖЭЭ-

Манай улс 1918-2010 оны хооронд хүн амын тооллогыг 10 удаа зохион байгуулсан байдаг. Тодруулбал, 1918, 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000, 2010 онуудад тооллогыг явуулсан. Ингэхдээ 1918 онд 647.5 мянга хэмээн тоологдож байсан манай улсын хүн ам 100 гаруй жилийн хугацаанд 3.5 сая болж өсөн нэмэгджээ.
Тэгвэл тооллого явагдсан он жилүүдэд хүн ам хэрхэн тоологдож, ямар цаг үеийг туулж байсныг эргэн санъя
-1918-

Монголчуудын анхны хүн амын тооллого 1918 онд болжээ. Тус тооллогоор Монголчууд 542.5 мянга, Хятадууд 100 мянга, Оросууд 5000 гэж тооцож, нийт хүн амын тоо 647.5 мянга байсан гэсэн дүн гарч байв. Эл дүнгээс харахад тухайн цаг үед монголд амьдарч буй 6 хүн тутмын 1 нь гаднын иргэн байсан гэх нь бий.
Үүний дараагаар 1921-1923 оны үед малын тоо, толгойг тоолж тодорхойлох, албан татвар ногдуулах зэрэг төрийн бодлогтой уялдуулан хүн амын тоог тогтоодог байсан бөгөөд энэ нь орон нутгийн засаг захиргааны хүрээнд явагдаж байсан байна. Харин 1924 онд Засгийн газраас Дотоод явдлын яамны дэргэд “Эдийн засгийн хэлтэс”-ийг байгуулснаар 1925 оноос эхлэн 1935 он хүртэл улсын хүн амын тоог жил бүр малын тоотой хамт гаргах болсон байна.
-1935-

1935 оны хүн амын тооллогоор 738.2 мянган хүрсэн байна. Энэ нь 1918 оноос хойш буюу 17 жилийн хугацаанд хүн ам маань 90 мянгаар нэмэгдсэн гэсэн үг юм.
-1944-

1944 онд 759.1 мянган хүн тоологджээ. Өөрөөр хэлбэл, 1935 оноос хойш буюу 9 жилийн дотор 21.3 мянган хүнээр нэмэгдсэн байна. Энэ нь жилийн дундаж өсөлт 0.32 хувьтай байсан гэсэн үг юм.
-1956-

Хүн амын 1956 оны тооллогыг бие даасан мэргэжлийн байгууллага явуулсан бөгөөд тэр үедээ аргачлал, хөтөлбөрийн хувьд нэлээд боловсронгуй болсон гэж тооцогддог. Эл онд 845.5 мянган хүнтэй болж, 12 жилийн дотор 86.0 мянган хүнээр нэмэгдсэн нь эерэг үзүүлт бөгөөд дайн дуусаж, улс орон тайван замаар нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийг хөгжүүлэх таатай нөхцөл бүрэлдсэн. 1956 оны хүн амын тооллогыг статистикийн байгууллага явуулсан бөгөөд аргачлал, хөтөлбөрийн хувьд өмнөх үеэсээ нэлээд боловсронгуй болсон байна.
-1963-

Монгол Улсын иргэний тоо 1 сая давав. Тодруулбал, 1963 оны тооллогоор нэг сая гаруй хүнтэй болж, жилийн дундаж өсөлт 2.7 хувьд хүрчээ. Шинэ шинэ дэвшилтүүдийг 1963 оны тооллогоор нэвтрүүлсэн гэдэг. Жишээлбэл тооллогын үйл ажиллагааг хурдасгах болон тооллогын аргачлалыг улам сайжруулах зорилгоор анх удаа цахим тооцоолуур машиныг ашигласан байна. Уг тооллогын хөтөлбөрийг Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн гишүүн орнуудын аргачлалын дагуу боловсруулсан байна.
-1969-

Энэ онд 1 сая 197 мянган хүн амтай болсон. Жилийн дундаж өсөлт 2.8 хувь болжээ. 1969, 1979, 1989 оны тооллогыг ЭЗХТЗ-өөс /СЭВ/ гаргасан аргачлалын дагуу явуулсан. Мөн түүнчлэн НҮБ-ын зөвлөмжийн дагуу эдгээр тооллогыг 10 жилд нэг удаа явуулснаас гадна орон сууцны талаарх асуултуудыг нэмж оруулсан байдаг.
-1979-

1979 онд Монгол Улсын хүн амын тоо 1.5 сая болов. Энэ нь тухайн цаг үед хүн амын өсөлтийн хамгийн өндөр үзүүлэлт болж байв. Тухайн тооллогын нэг онцлог нь НYБ-ын зөвлөмжийн дагуу тооллогыг 10 жилд нэг удаа явуулдаг болсон байв.
-1989-

1989 оны тооллогоор 2 сая 44 мянган хүн тооллогдсон. Энэ хугацаанд БНМАУ хоёр сая иргэнтэй болсон. Тодруулбал, 1988 оны 7 дугаар сарын 11-нд төрсөн 25 хүүхдийг 2 сая дахь иргэн хэмээн батламжилсан байдаг.
-2000-

Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого нь өмнөх тооллогуудаас ихээхэн онцлогтой болж өнгөрсөн. Энэхүү тооллого нь Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байгаа үед хийгдсэн анхны тооллого болсны хувьд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг шинэчлэн өөрчлөх шаардлагыг тусгах хэрэгтэй байв.
2000 оны нэгдүгээр сарын 5-ны байдлаар 2.373.493 хүн Монгол Улсын байнгын оршин суугчаар тоологдсоны дотор 1.177.981 нь эрэгтэйчүүд, 1.195.512 нь эмэгтэйчүүд байна. 1989-2000 оны хоорондох 11 жилд хүн ам 16.1 хувиар өссөн нь жилийн дундаж өсөлт нь 1,4 хувь болж байна. Өсөлтийн энэ хувь урд өмнөх тооллого хоорондын өсөлтийн хувьтай харьцуулахад ихээхэн доогуур байгаа юм. 1956 оноос хүн амын жилийн дундаж өсөлт огцом нэмэгдэж, 1989 он хүртэл жилийн дундаж өсөлт 2.5 хувиас дээш байлаа.
-2010-

2010 оны тооллогоор манай улсын хүн амын тоо 2.7 саяд хүрсэн. Үүнээс хойш таван жилийн дараа буюу 2015 онд 1 дүгээр сарын 24-нд монголчууд гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан түүхтэй.
-ХЭТИЙН ТӨЛӨВ: Монголчууд 22 жилийн дараа 5 сая дахь иргэнээ хүлээж авна-

Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сарын 10-нд төрсөн. Харин гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн Х.Монголжин охин байсан юм. Х.Монголжин охин урлагийн хүн болох мөрөөдөлтэй бөгөөд бүжиглэх авьяастай нэгэн юм. Түүнийг өнгөрөгч 2024 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "Хүн домог" бүжгийн тэмцээнд оролцож байх үед нь бид уулзаж, ярилцаж байв.
-Сүүлийн 10 жилийн хугацаанд төрөлт БУУРЧЭЭ-

Улсын хэмжээнд 2024 оны байдлаар 58.9 мянган эх амаржиж, 59.6 мянган хүүхэд мэндэлжээ. Тус үзүүлэлтээр хамгийн сүүлийн албан ёсны тоон судалгаагаар буюу 2024 оны байдлаар Монгол Улсын хүн амын тоо 3 544.8 мянга болж өмнөх оноос 40.1 мянгаар өссөн байна.
Харин дээрх төрөлтийн графикаас харахад, 2015 оноос хойш төрөлт буурч байгаа дүр зураг ажиглагдаж байгаа юм. Төрөлтийн ерөнхий коэффициент 1960 онд 44.6 байсан нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд 1960-2020 он хүртэл 60 жилд дахин давтагдаагүй байна
Түүнчлэн нас баралтын түвшин сүүлийн 22 жилийн хугацаанд 1000 хүнд ногдох нас баралт 5-7 буюу бага түвшинд тогтворжсон байна. Улсын хэмжээнд 2024 оны байдлаар 19 550 хүн нас барсан бөгөөд өмнөх оноос 2.7 хувиар өсжээ. 10 нас баралт тутмын 6 эрэгтэй, 4 эмэгтэй хүн байна.
-2006 онд буюу 500 мянган төгрөгийн "сурагаар" гэрлэлт түүхэнд дэх хамгийн өндөр түвшиндээ хүрч байжээ-

2024 онд нийт 14225 хос гэрлэлтээ бүртгүүлсэн ба өмнөх оноос 3183-аар буурчээ. Үүнээс 14126 хос шинээр гэрлэлтээ бүртгүүлж, 99 хос гэрлэлтээ сэргээсэн байна. Монгол Улсын хэмжээнд гэрлэлтийн хамгийн өндөр түвшин 2006 онд хүрч байжээ. Энэ нь төрөөс хэрэгжүүлсэн нийгмийн халамжийн арга хэмжээний үр дүнгийн нөлөөлөл байж болох тул цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай гэдгийг ҮСХ-ны судалгаанд дурдсан байх аж. Тодруулбал, нийгмийн халамж гэдэг нь тухайн онд төрөөс залуу гэр бүлүүдийг дэмжих зорилгоор шинээр өрх болж, гэрлэлтээ бүртгүүлж буй хосуудад 500 мянган төгрөгийг олгож эхэлсэн юм.
ГЭРЛЭЛТ ЦУГЛУУЛАЛТ

2024 оны байдлаар 4463 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, өмнөх оноос 313-аар буурсан байна. Монгол Улсын Засгийн газраас шинээр гэр бүлээ батлуулсан иргэдэд 500 мянган төгрөгийн тэтгэмжийг 2011 он хүртэл олгосон байдаг. Мөнгөн тэтгэмжтэй холбоотойгоор 2006 оноос гэрлэлтийн тоо өссөн ба цуцлалтын тоо 2012 оныг хүртэл тасралтгүй нэмэгдсэн талаар ҮСХ-ны тайланд дурдагджээ.
1990 -1995 оны хооронд гэр бүлээ цуцалж байгаа хосуудын дийлэнх нь 4-6 жил амьдарсан хосууд байсан бол 2000 оноос эхлэн 10, түүнээс дээш жил амьдарсан хосуудын цуцлалт дийлэнх хувийг эзэлж байна. Цуцлалтыг гэр бүл байсан хугацаагаар авч үзэхэд 2024 оны байдлаар 63.7 хувь нь 10, түүнээс дээш жил гэр бүл байсан хосууд гэр бүлээ цуцлуулжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд 10, түүнээс дээш жил гэр бүл байсан хосууд гэрлэлтээ цуцалсан тохиолдлууд өссөн байна
-Монголчууд төрөлт багассаны горыг 2040 онд тэтгэврийн ДАРАМТААР мэдэрнэ-
Төрөлтийн талаарх бодлого гэдэг нь Засгийн газраас хувь хүн, гэр бүлүүдийн төрөлтийн тоонд нөлөөлөх зорилгоор авч хэрэгжүүлж буй шууд болон шууд бус арга хэмжээнүүдийн цогц юм. Сингапурын Засгийн газраас залуучуудыг танилцуулах үдэшлэгийг зохион байгуулдаг бөгөөд гэрлэгчдэд мөнгөн тэтгэмж олгох, орон сууцаар хангах зэрэг арга хэмжээг авдаг аж.
Дэлхийн улс орнууд хүн амын насны бүтцэд төрөлтийн гүйцэтгэх үүргийг хэн бүхэн ойлгож байгаа боловч насжилт явагдаж байгаа олон оронд төрөлтөд маш бага анхаарал хандуулсан байдаг гэнэ.
Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлогод хүн амын тогтвортой өсөлтийг хангаж, хүн ардаа урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд оршино гэж заажээ. Өнөөгийн хуулиар "Цалинтай ээж" хөтөлбөр, хүүхдийн мөнгө, “Эхийн алдар” нэг, эсхүл хоёрдугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа мөнгөн тусламж үзүүлж байна.
Хүн амын өсөлтийг дэмжих бодлого баримталж буй орнуудын туршлагаас харахад хосуудын төрөлтийг дэмжихдээ халамж, тэтгэмж гэх мэт эдийн засгийн урамшууллаас гадна хүүхэд асрах, өндөр настан, гэр бүлийнхнээ асрах, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны үйлчилгээнүүд зэрэг гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагааг анхаарах нь илүү үр дүнтэй аж.
Нас баралтын түвшин буурч буй өнөө үед хүн амын өсөлтийг зөвхөн төрөлтийн түвшинг дэмжсэнээр хангах боломж байгаа учраас Монгол Улсын хувьд хүн амын бодлогоо эргэн харж, төрөлтийг дэмжиж буй улс орнуудын туршлагыг авч хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. Тодруулбал,
- Хүүхдийн тэтгэмжийг олгохдоо хүүхдийн нас, хүүхдийн тоогоор ялгаатайгаар олгох.
Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд анхаарах. Үүнд хүүхэд аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хүүхдэд зориулсан үнэгүй эсвэл зарим хөнгөлттэй бараа үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх, хүүхэд асрах, цэцэрлэг, яслийн үйлчилгээг сайжруулах.
- Төрөөс орон сууцны асуудалд дэмжлэг үзүүлэх. Залуу гэр бүл, олон хүүхэдтэй гэр бүлийг орон сууцны хөнгөлттэй, урт хугацааны зээлд хамруулах,
Эхчүүдэд жирэмсний болон хүүхэд асрах цалинтай чөлөө олгох. Хэрвээ хүсвэл эцэгт нь цалинтай чөлөө олгох гэх мэт.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!