Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх оффшор бүс дэх компаниуд болон мөнгө угаалтын талаар энэ долоо хоногт өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс баримтууд дэлгэсэн билээ.
Тус нийтлэлд, Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорт байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн мэдээлэл ил болжээ. Монгол Улсын хуулиар оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур улсад бүртгэлтэй “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын оффшор хөрөнгийн манаач Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг нь баримтаар ил болжээ. Өнөөдрийг хүртэл тус компанийн захирлаар Баттулгын Намуун, Деннис Лим нар ажиллаж байгаа юм байна.
Тэгвэл уг баримтад үндэслэн Ерөнхийлөгчийн хамаарал бүхий АНУ дахь үл хөдлөхүүдийг хайж үзлээ. Энд гурван үл хөдлөхийн хаягийг зарласан байгаа юм.
Вашингтон хотод байх тансаг орон сууц
1. АНУ-ын Вашингтон хот, Брамблетон 42574 тоот- Зах зээлийн үнэлгээ нь 840.000-890.000 ам.доллар буюу 2.5 тэрбум орчим төгрөг
Энэхүү байшин нь Ерөнхийлөгч Х.Баттулгын ах Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэгийн нэр дээр бүртгэлтэй аж. Хайж үзэхэд ойр хавийн ижил төстэй байшингуудын өнөөгийн үнэлгээ 840.000-890.000 ам.долларын ханштай юм байна. Эдлэн газартай, хоёр давхар хаус аж.
Нью Йоркийн Ниагара дахь үл хөдлөхүүд
2. АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотын 818 тоот- Зах зээлийн үнэлгээ нь 63.200 ам.доллар буюу 180 сая орчим төгрөг.
3. АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотын 822 тоот- Зах зээлийн үнэлгээ нь 86.200 ам.доллар буюу 245 сая орчим төгрөг.
Дараагийн хоёр үл хөдлөхийг “Түмэн хишигтэн” компаниараа АНУ-йн Нью Йорк мужийн Ниагара хотод хэдэн гар дамжуулан худалдан авсан нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс гарч ирсэн гэдгийг дурджээ. Нэг замын хоёр талд зэргэлдээ хоёр газар бөгөөд нэг нь барилгагүй хоосон газар бол нөгөө нь нэг давхар барилгатай юм байна.
Уг барилга нь 1946 онд баригдсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед хүмүүст олон жаргалтай дурсамжийг өгсөн газар гэж хотын иргэд нь үздэг учраас 2019 онд уг барилгыг нураалгахгүй хэмээн эсэргүүцэж байжээ. Хотын захиргаа уг барилгыг нураах шийдвэр гаргаагүй хэмээн мэдэгдсэн ч үүнийг эзэмшиж буй MATC компани үүний эсрэг зарга үүсгэсэн байна.
MATC компани нь 2014 оны хоёдугаар сарын 19-ний өдөр хэд хэдэн удаагийн үйлдлээр 2.8 сая ам.доллар АНУ-д угаасан үйлдлийн холбогдогч гэдгийг www.truthfinder.com оос илрүүлжээ.