УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан болж байна. Чуулганы үеэр УОК-ийн үйл ажиллагааны талаар шүүмжлэлтэй хандаж буй хэд хэдэн гишүүн Я.Содбаатар сайдад үг хэлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
"Өнөөдөр зах зээл дээр мөнгөгүй байна. Хатуухан хэлэхэд өөрсдөө алдаа гаргачихаад юм болвол "Онцгой байдал тогтоож хаана" гэж байгаа бол би буруу гэж харж байна. Бусад улсууд аргаа бараад л хааж байгаа. Яагаад хаагаад нээгээд байдаг вэ гэхээр ядуурлаас айж байна. Ажлын байрыг алдахаас айж байна. Түүнээс биш тэнэг, мангартаа биш. Миний санал бол зах зээлийг хөдөлгөөнд оруулах хэрэгтэй байна" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
"Бид мөнгөгүй, мөнгөгүй гээд 10 жил станцаа барьж чадаагүй мөртлөө яг ийм үед мөнгөө гаргаад ирлээ. Ийм их хэмжээний мөнгө зарцуулсан болохоор бусад зарим нэг арга хэмжээг анхаарч эргэж харах шаардлагатай байна. Бусад орнуудад бизнес, нийтийн тээврийг зогсоохгүй байгаа. Үзвэр үйлчилгээ, бар цэнгээний газруудыг л хааж байгаа. Европд шинэ жилийн баярыг биднээс өөрөөр тэмдэглэдэг. Эдгээр зүйлийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй байна. Эмч нар, онцгойгийнхондоо PCR шинжилгээ хий. Улаанбаатар хотыг хаа. Улаанбаатар хотоо хаагаад дотор нь бизнесийг нь үргэлжлүүл. Зээл авсан бизнес эрхлэгчийнхээ ажлыг нам зогсоосон. Тэд чинь зөв аргаар мөнгө олдог хүмүүс шүү дээ. Аль болох ариун цэврийг нь сахиулаад бизнесийг нь үргэлжлүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй байна. Эмнэлэг дээр хоёр гурван сар болсон хүн, жирэмсэн хүн байна. Эдгээр хүмүүсээ болон тусгаарлалтад байгаа хүмүүсийн хүний эрхийн талаар эргэж харах хэрэгтэй" гэлээ.