ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан байна.
Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн худалдан авалт, барилга угсралтын багц ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх аж.
Зүрх судасны шалтгаант нас баралт нь сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх (2024 онд 5789 нас баралт) шалтгаан болсоор байгаа бөгөөд 35 хувь нь 45-65 насны буюу хөдөлмөрийн насны иргэд аж. Мөн иргэдийн дунд зүрх судасны өвчлөлийн эрсдэл, хүчин зүйлийн тархалт өндөр буюу хүн амын 75 хувь нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан байна.
Улсын хэмжээнд хийгдсэн нийт зүрхний мэс заслын 95 хувь, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний 67 хувь, хэм алдагдлын эмчилгээний 93 хувийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт дангаар гүйцэтгэсэн бөгөөд тус эмнэлгийн зүгээс 2024 оны байдлаар зүрхний нээлттэй нийт 425 мэс засал хийсний 120 нь хүүхдийн мэс засал байгаа аж.
2030 он гэхэд манай улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний шаардлага 2.6 дахин нэмэгдэхээр, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн дангаар, эсвэл давамгайлан үзүүлдэг зүрх судасны мэс засал 0.87 дахин, зүрх судсан дотуурх мэс засал 1.45 дахин, ахисан түвшний зүрх судасны оношилгоо, эмчилгээ 2.6 дахин тус тус нэмэгдэх тооцоо гарчээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн одоогийн барилга нь 1985 онд ашиглалтад орсон бөгөөд зүрх судасны тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд стандартыг өндөр түвшинд хангах шаардлагатай ахисан түвшний мэс засал буюу хүүхдийн хүнд хэлбэрийн хавсарсан гажгийн мэс засал, судсан дотуур зүрхний хавхалга суулгах мэс заслуудыг халдвар хамгааллын дэглэмийг нарийн мэргэжлийн, аюулгүй түвшинд хийж гүйцэтгэх шаардлага бий болжээ.
“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээлийн хөрөнгө болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 26.3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Тус төслийн хүрээнд нийт 120 ортой эмнэлгийг барьж байгуулахаар төлөвлөсөн бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчилж, шинээр худалдан авахаас гадна шинэ барилга, тоног төхөөрөмжийн орчинд ажиллах сургалт, улсын хэмжээнд зүрх судасны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!