Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой бичиг баримт, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж өнөөдөр /2025.12.12/ өндөрлөв.

Өнөөдрийн сонсгол “Оюу толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ /нэмэлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүний олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвийн хүрээнд өрнөсөн бөгөөд нийт 142 гэрч дуудагдсанаас 95 гэрч оролцжээ.

Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны хяналтын сонсгол 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Сонсголын хоёр дахь өдөр буюу 12 дугаар сарын 10-нд “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаварын асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судалсан юм.

Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал сонсголыг хааж хэлсэн үгэндээ "Энэ удаагийн сонсгол 70 хувийн ирцтэй, 200 гаруй гэрч оролцсон үр дүнтэй боллоо. Оюутолгойн гэрээг байгуулаад 16 жил өнгөрч буй энэ цаг үед гэрээнд үнэлэлт, дүгнэлт өгч бодитой шийдэл гаргах цаг болсон. Оюутолгойн гэрээ итгэлцэл дээр тулгуурласан харилцан ашигтай, хамтын ажиллагаа байх ёстой. Хамгийн гол нь Монгол улсын эрх ашгийг хангах шаардлагатай" гэв.

“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
 
Г.Тэмүүлэн: Дубайн гэрээ бол монгол төрийн эмгэнэл
Г.Тэмүүлэн: Дубайн гэрээ бол монгол төрийн эмгэнэл
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!