
...Сайн байна уу. Би 21 настай оюутан залуу. БЗХӨ тэр дундаа тэмбүү туссан юм шиг байна. Надад үнэхээр хэцүү байна. Аав ээж, ах дүү, найз нөхдөдөө хэлж чадахгүй өөрөө бүхнийг зохицуулах гэсэн боловч эмнэлэг орох зориг үнэхээр хүрэхгүй байна. Бас гэрийнхэнтэйгээ удахгүй хөдөө явах учраас тэрнээс өмнө эм тариа хийлгээд эмчилгээнд орчихмоор байна. Найз нөхөддөө ч хэлээгүй, хэлж болохгүй учраас санхүү болон бусад бүх зүйлээ өөрөө зохицуулах хүнд байгаа. Эр хүн үнэхээр өрөвдмөөр байдаг юм байна. Надад туслах эмч байна уу ? Миний мэдээллийг нууцалж, гэрийнхэндээ хэл гэж битгий шаардаарай. Учир нь золгүй хүнтэй санаандгүй учирсан миний буруу…" энэ мэтчилэн эмчид хандахаас санаа зовж, ичдэг учир хаалганы цаана үлддэг өвчин улам даамжирсаар.
Хүн төрөлхтөн хөгжлийн дээд үедээ тэмүүлж буй энэ үетэй зэрэгцэн дэлхий нийтийг хамарсан хэд хэдэн аюулт өвчин дэгдэж байна
Сүүлийн жилүүдэд манай улсад бэлгийн замаар дамжих халдварт өвчний, ялангуяа тэмбүүгийн халдвар эрс нэмэгдэж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн тэмбүүгийн шинэ тохиолдол 4,200-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Халдварын дийлэнх хувийг 15-35 насны залуус эзэлж байгаа бөгөөд энэ нь нөхөн үржихүйн насны бүлэг хамгийн их эрсдэлтэй байгааг харуулж байгаа юм.
Дэлхий дахинаа жил бүр бэлгийн замаар дамжих халдварын 340 сая орчим тохиолдол бүртгэгддэгийн 12 сая орчим нь тэмбүү өвчний тохиолдол байдаг байна. Тэгвэл ханиад шиг хавтгайрсан тэмбүү болон бэлгийн замаар дамжих бусад халдварт өвчний талаарх тоон мэдээллүүдийг хүргэж байна.
2020 онд тэмбүү- 6555, заг хүйтэн- 5131, ХДХВ/ДОХ- 25
2021 онд тэмбүү- 3617, заг хүйтэн- 3040, ХДХВ/ДОХ- 16
2022 онд тэмбүү- 4052, заг хүйтэн- 3878, ХДХВ/ДОХ- 19
2023 онд тэмбүү- 4206, заг хүйтэн- 3579, ХДХВ/ДОХ- 23
2024 онд тэмбүү-5247, заг хүйтэн-4010, ХДХВ/ДОХ- 19
2025 онд тэмбүү- 3677, заг хүйтэн- 3009, ХДХВ/ДОХ- 35 бүртгэгдэж уг зургаан жилийн нийлбэр дүнгээр 27354 тэмбүү, 22647 заг хүйтэн, 137 ДОХ, бүртгэгдсэн гэсэн статистик мэдээлэл байгаа юм. Энэ бол зөвхөн эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлсэн л тоо баримт юм. Оношлогдож, бүртгэгдээгүй халдварт өвчин тээж, тэмбүүтэй “тэнэж” байгаа хүн хэд байгаа бол?
ТӨРӨЛХИЙН ТЭМБҮҮ ЭДГЭРДЭГ ҮҮ?
Тэмбүү өвчний халдвар тээсэн жирэмсэн эхээс урагт халдварлахыг “төрөлхийн тэмбүү” гэнэ. Төрөлхийн тэмбүүг дотор нь ургийн, бага насны, хожуу үеийн гэж ангилдаг.
- Хүүхдийг эхийн хэвлийд байх үед нь ургийн тэмбүү,
- Төрснөөс хойш хоёр нас хүртэл бага насны,
- Хоёр наснаас хойш бол хожуу үеийн төрөлхийн тэмбүүтэй гэж үздэг.
Тэмбүү өвчин урагт халдварласнаас болж зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэдэг байна. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд өсөж, бойжих явцдаа дүлийрэх, шүдний гажигтай болох, хамрын хянган яс шигдэж орох зэрэг хүндрэлүүд бий болох аюултай байдгийг анхаарах хэрэгтэй.
Манай улсын хувьд тэмбүүгийн тохиолдол жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд дэлхийн түвшнээс харьцангуй өндөр байдагтай холбоотойгоор төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүдийн тоо буурахгүй байгааг статистик харуулж байна.
Жирэмсэн эхчүүдээс авсан судалгааны дүн мэдээллээс харахад жирэмсэн эхчүүдийн дунд тэмбүү өвчний тохиолдол их байгаа болоод төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрж байгаагийн цаад шалтгааныг энэ өвчний талаарх олон нийтийн мэдлэг дутмаг байгаатай холбон тайлбарлаж болно.
Бүр тодруулбал, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаанд оролцсон эхчүүдийн 19 хувь нь тэмбүүгийн шинжилгээ өгдөг эсэхийг огт мэдэхгүй байсан бөгөөд 72 хувь нь хамрагдах ёстойг мэддэг ч яг хэзээ тэмбүүгийн шинжилгээнд хамрагдахаа огт мэдэхгүй хэмээн хариулсан байна.
Иргэн Б нь тэмбүү өвчний халдвараар өвчилсөн тухайгаа бидэнд ярьсан юм.
Эмч нарын зүгээс тэмбүү өвчнөөс сэргийлэхийн тулд бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх нь халдварын эрсдэлийг эрс бууруулдаг. Санамсаргүй бэлгийн харьцаанд орох нь халдвар авах магадлалыг хэд дахин нэмэгдүүлдэг тул тогтмол нэг бэлгийн хамтрагчтай байх нь хамгаалалтын нэг хэлбэр юм. Мөн эрсдэлтэй харьцаанд орсон тохиолдолд 3–6 сар тутам БЗДХ-ын шинжилгээнд хамрагдах нь халдвар эрт илрүүлэх хамгийн найдвартай арга юм. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд заавал шинжилгээ өгч, өөрийгөө болон урагтаа халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж зөвлөж байна.
ХААЛГАНЫ ЦААНА ҮЛДДЭГ ЯРИА
“Аальгүйгээс хамаргүй, улаан тарианы хүүхнүүд” гэж тэмбүү өвчинд зориулж гаргасан үг гэж хуучны хүмүүс ярьдаг. Хүн төрөлхтөн энэ хамаргүй болгодог өвчинтэй 1494 оноос хойш тэмцсээр байгаа ч өнөөдрийг хүртэл бүрэн ялж чадаагүй юм. Хөгшин, залуу гэлтгүй эл өвчний аюулыг төдийлөн ойшоодоггүй, мэдлэг мэдээллээ хаанаас авахаа мэддэггүй, боловсролгүй хүмүүс 21 дүгээр зуунд ч цөөнгүй. Тийм учраас өнөөдөр тэмбүү өвчтэй гэдгээ мэдсэн ч эмнэлэгт хандахгүй, “их мэдэгч” гэгдэх цахим ертөнцөөс эсвэл танил бус хүний зөвлөгөөнд найдаж буруу эм хэрэглэж, дур мэдэн эмчилгээ хийж “нэг эм уугаад л эдгэнэ” гэдэгт найдаж өөрийгөө аюулд оруулдаг хүмүүс олон байгааг мэргэжилтэн хэлж байна. Гэвч тэмбүүгийн шинж тэмдэг нуугдмал тул буруу эмчилгээ өвчнийг хүндрүүлж, халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Тэгвэл энэ талаар мэргэжлийн эмчийн зөвлөж буйгаар “Тэмбүү нь бактерийн гаралтай бэлгийн замын халдварт өвчин бөгөөд зөв эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой. Гэхдээ эмчилгээ хийгдэхгүй удвал өвчин далд хэлбэрт шилжиж, улмаар зүрх, тархи, мэдрэлийн тогтолцоонд ноцтой гэмтэл үүсгэдэг аюултай. Тиймээс өвчтөний хувьд хамгийн найдвартай, стандарт эмчилгээ бол пенициллиний тарилга байдаг. Энэ нь тэмбүүгийн үед дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн үр дүнтэй эмчилгээ. Өвчний үе шатаас шалтгаалан нэг удаа эсвэл хэд хэдэн удаагийн тарилга хийх шаардлагатай байж болно. Яг хэдэн удаа тарихыг шинжилгээний хариунд үндэслэн тогтооно. Өөрөө дур мэдэн антибиотик уух, интернэтийн зөвлөгөөгөөр эм хэрэглэх нь өвчнийг түр дарах боловч бүрэн устгахгүй, харин ч хүндрүүлэх эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй.

Эмчилгээний явц дараах дарааллаар явагдана:
- Эхлээд цусны шинжилгээ өгнө
- Үүний дараа тохирох эмчилгээ эхэлнэ. Мөн эмчилгээ дууссаны дараа 3–6 сар тутамд хяналтын шинжилгээ өгч, халдвар бүрэн арилсан эсэхийг шалгах хэрэгтэй. Иймээс өвчтөн аль болох түргэн хугацаанд шинжилгээ өгч, эмчилгээний зааврыг ягштал мөрдөхийг зөвлөж байна.
ХЭН ТҮРҮҮЛЖ ОЧСОН НЬ Л ХОЖДОГ
Бэлгэвч авах нь ичиж санаа зовох асуудал биш. Хэрэв халдвар авсан, эсвэл эрсдэлтэй бэлгийн харьцаанд орсон бол санаа зовохгүй эрүүл мэндийн байгууллагад хандах нь чухал юм.
Тэмбүү өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол:
- Бэлгийн хамгаалалт хэрэглэх
- Тогтмол шинжилгээнд хамрагдах
- Эрүүл, хариуцлагатай харьцааг эрхэмлэх
- Мэдлэгтэй байх

МЭДЛЭГ МЭДЭЭЛЭЛ, БОЛОВСРОЛ ХЭРЭГТЭЙ
Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн боловсрол нь өсвөр үеийнхний бие, сэтгэл, нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй. Эрүүл мэндийн хичээл байдаг боловч тэр хичээлээр бэлгийн боловсролын талаар хангалттай мэдээлэл авч чаддаг уу?
Өсвөр нас бол бэлгийн боловсролын хамгийн мэдрэмтгий үе бөгөөд энэ үед хүүхдүүд мэдээллийн дутагдалтай байснаас болж эрсдэлтэй үйлдэл хийх нь илүү байдаг. Хичээлийн хөтөлбөрт тэмбүү өвчний талаарх суурь ойлголт, халдвар дамжих зам, шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга, хангалттай тусгагдаагүй тул сурагчид өөрийн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, чадваргүй үлддэг. Мөн интернет болон үе тэнгийн хүрээн дэх ташаа мэдээлэл нь өсвөр үеийнхэнд төөрөгдөл үүсгэдэг. Харин сургуулийн орчинд үнэн зөв, хэрэгтэй, мэдээлэл өгөх хичээл ордог бол сурагчид эрсдэлээ зөв үнэлж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх боломжтой.
Иймд ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт БЗДХ, тэр дундаа тэмбүү өвчний талаар бодитой, насанд нь тохирсон агуулгыг нэмэх шаардлагатай байна. Энэ нь зөвхөн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд төдийгүй өсвөр үеийнхэн хариуцлагатай, өөрийгөө болон бусдыг хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлэхэд чухал алхам болох юм.
Хэрэв ЕБС-ийн эрүүл мэндийн хичээл үр дүнтэй байсан бол, их сургуульд заавал судлах хичээлд эрүүл мэндийн тэр тусмаа бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх ёстойг заадаг бол 21-хэн настай настай залуучууд хар толбо тээж үлдэхгүй байсан. Боловсролын яам, Эрүүл мэндийн яам хамтарч анхаарал тавих шаардлагатай асуудал бол ханиад мэт энгийн үзэгдэл болсон халдварт өвчин юм.
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн "Ирээдүй" баг бүтээв. 2025 он
Сэтгэгдэл (20)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!