УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв, тав дахь хэлэлцүүлгийг хийж, зүйл тус бүрээр нь санал хураалт явууллаа.
Улмаар 2026 оны төсвийн тухай хуулийг бүхэлд нь эцэслэн батлах санал хураалт явуулахад, 96 гишүүний 69 нь буюу 71.9 хувийн саналаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа.
Төсвийн төсөлд багш, эмч, төрийн эрдэм шинжилгээний байгууллагуудын ажилчдын цалин, ахмад настны болон халамжийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 6-12.8 хувиар бууруулах, зарим төсөв ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 2025 оны түвшинд байлгах, тэвчиж болох зардлуудыг хойшлуулахаар тусгалаа.
Тодруулбал, багш нарын үндсэн цалинг 2026 оны 01 дүгээр сарын 01-ээс 742.0 мянган төгрөгөөр, 11 дүгээр сарын 01-ээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож Боловсролын сайдын урсгал зардлыг 518,620.2 сая төгрөгөөр, Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж Эрүүл мэндийн сайдын урсгал зардлыг 190,300.0 сая төгрөгөөр, Ахмад настны тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан тооцож 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардлыг 145,000.0 сая төгрөгөөр, Халамжийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан тооцож 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардлыг 19,500.0 сая төгрөгөөр нэмэгдүүлээр тусгав.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!