Гал Унтраах Техник Спортын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 20 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 11 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Хаант Улсад 10 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд ОХУ, Монгол, ХБНГУ, Австри зэрэг нийт 14 орны баг тамирчид оролцож, эхний гурван байрыг ОХУ, Узбекстан, Беларусь улсын баг тамирчид эзэлсэн бол Монгол Улсын шигшээ багийн тамирчид нийлбэр дүнгээр 6-р байр эзэллээ.
Гал Унтраах Техник Спортын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4*100 метрийн буухиа, гал унтраах тархалт гэсэн нийт 4 төрлөөр баг тамирчдын хурд хүч, авхаалж самбааг сорив.
Энэ удаагийн тэмцээний онцлог нь Монгол Улсаас эмэгтэйчүүдийн төрөлд анх удаа оролцсон ба НОБГ-ын СБД-ийн Гамшгаас хамгаалах хяналтын улсын ахлах байцаагч, ахмад Э.Булган 120-р ангийн тамирчин, ахлагч Г.Ануужин нар довтолгооны шат, саадтай 100 метрийн төрөлд улсын дээд амжилтыг гаргалаа.
Гал Унтраах Техник Спортын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Шигшээ багийг ОБЕГ-ын ГТТГ-ын хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд ахалж, ерөнхий дасгалжуулагчаар Гал унтраах техник спортын холбооны ерөнхийлөгч бэлтгэл хурандаа С.Баттөмөр нар ажиллаж НОБГ-ын 30, 34 дүгээр анги, СБД-ийн Онцгой байдлын хэлтэс, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Увс, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, тамирчид оролцож ийнхүү амжилт үзүүллээ.