
ЦЕГ-аас татвар, нийгмийн даатгалын байгууллагуудад олон жил бугшсан авлига, албан тушаалтнуудын хууль бус үйлдэлтэй холбоотой, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн асуудлуудыг шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр дээр хуурамчаар бүртгүүлэх замаар 70 орчим тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, мөнгө угаасан, бусдыг заналхийлсэн, хууль бусаар хорьсон үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.
Энэ хүрээнд 3 бүлгийн 50 орчим этгээдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Монгол Улсын иргэн З, М, У нарын этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-дүгээр ангид саатуулан шалгаж байгаа аж.
Урьдчилсан байдлаар 32 аж ахуйн нэгжийн нэр дээр 400 гаруй иргэний НДШ-ийг хуурамч нөхөн шивэлт хийж, 70 орчим тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан үйлдэл тус тус тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ЦЕГ-ын дарга Ж.Болдын тушаалаар энэ төрлийн хэд хэдэн хэрэг дээр ажлын хэсэг гарган ажиллаж эхэлжээ.
Мөн Татварын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд нь бусадтай бүлэглэн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийж өөртөө болон бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг илрүүлсэн байна.
Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамчаар шивдэг Г, С нарын 2 бүлгийн 7 этгээдүүд нь өөрсдийн хамаарал бүхий, үйл ажиллагаа явуулдаггүй 16 компаниас татварын өр төлбөртэй аж ахуйн нэгжүүдэд 248,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1877 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаан шивж улсын төсөвт төвлөрөх татварын орлогыг 24,6 тэрбум төгрөгөөр бууруулж улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.
Дээрх хэргүүдийн шалгалтын хүрээнд Татварын байгууллагын нэр бүхий удирдах ажилтан болон дүүргүүдийн татвар улсын байцаагч нар нь хэргийн холбогдогч этгээдүүдийн аж ахуйн нэгжүүдэд хийгдэж байгаа татварын хяналт шалгалтад хууль бусаар нөлөөлж, зөрчлийн дүнг бууруулан давуу байдал олгосон үйлдэл тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.