
Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын 20 гаруй мянган багш нар цалингаа нэмэхийг шаардаж, энэ сарын 16-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зарласан. Бие даалтын долоо хоногийг оруулж тооцвол 14 хоног, оруулахгүй бол 7 хоног хүүхдүүд хичээлгүй, гэртээ байна. Багш нарын цалин бага, ажлын ачаалал их байдгийг эцэг, эхчүүд хамгийн сайн мэдэх учир ажил хаялтыг дэмжиж байгаа ч айл бүрт ажил хаялтыг дагасан асуудлууд ундарч, хүүхэд харах хүний эрэлд гарсан хүндхэн өдрүүд өнгөрч байна.
Үүнээс гадна 18 хүртэлх насны хүүхдүүдийн сурч боловсрох эрх ч зөрчигдөж, хичээлийн хоцрогдол үүсч эхэллээ. Ганцхан жишээг дурдахад, хэвийн хичээллэж байгаа хувийн сургуулиудын нэгдүгээр ангийн хүүхдүүд 35 үсгээ үзээд дуусч байхад улсын сургуулийн нэгдүгээр ангийнхан А үсгээ үзээд л ажил хаялт залгаж, А үсэг ч үгүй болж эхэллээ.
Эцэг эхчүүд төр засаг багш нартайгаа зөвшилцөөд хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн болохыг тэвчээртэй хүлээж байгаа ч Боловсролын яам, Засгийн газар нь багш нартайгаа зөвшилцөж чадахгүй нөхцөл байдал улам хүндэрч байна. Өнөөдөр энэ долоо хоногийн сүүлийн ажлын өдөр. Ирэх долоо хоногт хичээллэж эхлэх болов уу гэсэн хүлээлт хүн бүрт байгаа ч шийдэлд хүрсэн зүйл байхгүй. Даваа гарагаас хичээл эхлэх эсэх нь тодорхойгүй байна.
Өнгөц харахад зөвхөн багш нарын цалингийн асуудал мэт боловч эцсийн бүлэгтээ хүүхдүүд, эцэг эхчүүд хохирч байна. Салбарын яам нь энэ асуудлыг анхааралдаа авч, дэлгэц ширтэхээс өөр хийх зүйлгүй гэртээ "хоригдсон" хүүхдүүдийн үндсэн хуулиар олгогдсон сурч, боловсрох эрхийг нь хангамаар байна.