Японы шүүх өнгөрсөн мягмар гарагт "Твиттер алуурчин" хэмээгдэж буй Такахиро Ширайшид есөн хүний амийг хөнөөж, хэсэгчлэн хуваасан хэргээр цаазаар авах ял оноожээ.
Өдгөө 30 настай Такахиро Ширайши нь Токио хотын захад орших Канагава мужийн Зама дахь орон сууцандаа хохирогчдын амийг хөнөөсөн бөгөөд хүчиндсэн, мөчилсөн, цогцсыг хадгалсан хэргээр яллагдсан байна.
2017 оны аравдугаар сард твиттер хуудсандаа амиа хорлох талаар бодлоо илэрхийлсэн 23 настай эмэгтэйг алга болсны дараа цагдаа нар хэргийн мөрөөр Ширайшигийн гэрт нэгжлэг хийж цогцсуудыг илрүүлжээ. Түүний гэрээс хүний толгой, арисыг нь хуулсан яснуудыг хүйтнээ барьдаг гурван хайрцаг мөн таван ширхэг саванд хийсэн байсныг олсон юм.
Хохирогчдын найм нь эмэгтэй нэг нь эрэгтэй байсан бөгөөд 15-26 насныхан байв. Хэрэгтэн хохирогчидтой "Hangman” хэмээх нэртэй твиттер ашиглан холбоо тогтоосон бөгөөд өөртөө итгүүлж, үгэндээ оруулахын тулд хоёр сар зарцуулжээ. Тэрбээр зарим эмэгтэйчүүдийг хүчирхийлж, мансууруулсан учир хэргээ мэдэгдүүлэхгүйн тулд хөнөөсөн аж. Ширайши олон нийтийн сүлжээнд аллагад өртөх хохирогчдыг татахын тулд янз бүрийн үг хэллэг ашиглаж итгэл даах нэгэн мэтээр ойлголт төрүүлдэг байв. Бэлгийн харьцаанд орсны дараа тэдгээр хохирогчид үхэхийг биш ярихыг л хүсч байгааг нь ойлгосон ч алахаар шийдсэн гэв. Бүх найман эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж цагдаагийн газраас мэдээлсэн байна.
ЦУВРАЛ АЛУУРЧИН ТАКАХИРО ШИРАЙШИ ЯМАР ХҮН БАЙВ?
Ширайши багадаа ердийн хүүхэд байсан гэж эх сурвалж мэдээлжээ. Чимээгүй ч хөршүүдтэйгээ харьцах харилцаандаа сайн. Тэрбээр өөрийнхөө тухай ховор ярьдаг, зөвхөн бусад хүмүүсийн яриаг сонсдог байв. Ширайши нэг удаа найзуудаа боомилж, тоглоомын үр дүнд ухаан алдаж унажээ. Дашрамд дурдахад, Ширайши хохирогчдийг мөн л боомилох аргаар хөнөөсөн байна.
Ахлах сургуулиа төгсөөд Ширайши супермаркетын орлого багатай ажлаа орхиж, Токиогийн хамгийн том улаан гэрлийн дүүрэг болох Кабукичод ажиллаж эхэлжээ. Түүний үүрэг бол залуу эмэгтэйчүүдийг тэндхийн клубуудад уруу татах явдал байв. Тэрбээр сошиал медиа ашиглан биеэ үнэлэгчдийг элсүүлэх ажил хийдэг байжээ. Ширайши шүүхэд өгсөн мэдүүлэгтээ гэмт хэрэг үйлдэх сэдлийг гэр бүлийнхэнтэйгээ муудалцсан явдлаас улбаатай хэмээв. Тэрбээр аавтайгаа маргалдсаныхаа дараа ганцаардсан эмэгтэйчүүдийг уруу татан амьдралаа залгуулахаар шийджээ.
Тэрбээр “Дээрэлхэх үзэгдэл сургууль, ажил дээрээ гээд хаа сайгүй байна. Амиа хорлох гэж шаналдаг хүмүүс олон байх ёстой. Би ийм хүмүүст туслахыг хүсч байна” гэж жиргэсэн байжээ. Эхэндээ өмгөөлөгчид түүнийг харилцан тохирч хороосон гэх үндэслэлээр цаазаар авахуулахгүй байхыг шаардсан ч шүүхийн үеэр хэрэгтэн "миний хохирогчдын нэг нь ч алж болно гэж зөвшөөрөөгүй" хэмээсэн тул ялыг хэвээр үлдээсэн аж. Ширайши хохирогчдыг хөнөөсөн хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд тэднийг бэлгийн дур хүслээ хангахын тулд алсан гэдгээ мэдэгдэв. Мөн шүүхийн шийдвэрийг давж заалдах бодолгүй байгаа аж. Японд цаазаар авах ялыг дүүжлэх замаар гүйцэтгэдэг бөгөөд цаазыг гүйцэтгэхээс өмнө хугацааг зарладаггүй байна.
Шүүх хуралдааны үеэр 25 настай нэг хохирогчийн аав "Ширайшиг үхсэн ч хэзээ ч өршөөхгүй. Одоо ч гэсэн би охиныхоо насны эмэгтэйг хараад миний охин гэж андуурдаг. Энэ өвдөлт хэзээ ч арилахгүй. Түүнийг надад буцааж өг" гэжээ.
Мөн хохирогчийн ах Ширайшигийн мэдүүлгийг сонсоод “Тэр харамсаж байгаа юм шиг огт сонсогдсонгүй. Энэ нь намайг хурц хутгаар дахин дахин шархлуулж байгаа юм шиг санагдлаа” гэжээ.
Дээрх хэрэг зөвхөн Япон улсад бус нийгмийн сүлжээнд идэвхитэй оролцдог хүн бүрт томоохон сануулга болон үлдэж байна. Хохирогчид бүгд залуухан хүмүүс байгаа нь бас нэгийг бодогдуулав. Хэрэв таны хүүхэд сэтгэлээр унаж, дуугаа хураан утастайгаа их цаг өнгөрүүлж байгаа бол ярилцаад үзэхийг зөвлөж байна.