Төсвийн гурав дахь хэлэлцүүлэг үргэлжилж буй энэ цаг үед багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхийн тулд ТЕЗ нарын төсвийг тус бүр 10 хувиар танах шийдлийг гаргаад буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын ажил хаялт болон хэлэлцээртэй холбогдуулан "Багш нарын цалинг нэмэхээр ажиллаж байна. Монголын Боловсол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэлд хандаж хэлэхэд, хариуцлагатай байгаач ээ гэж хэлмээр байна. Ярилцаж хэлэлцсэн зүйл дээрээ бат зогсоод, цаана байгаа хүмүүстээ ойлгуулах хэрэгтэй.
З.Цогтгэрэл дарга аа та удирдагч хүн шиг байгаач. Хэлсэн үгэндээ байх нь чухал. Өчигдөр Ерөнхий сайдтай уулзуулж сайн тохиролцоонд хүрсэн боловч өнөөдөр хэлэлцээр хүндрэлтэй байдалд явж байна. Гэхдээ ирэх Даваа гарагаас хичээлээ эхлүүлэх хэрэгтэй, шаардлагатай. Үүнээс илүүгээр монголын нийгмийн амьдралыг царцааж болохгүй. Хүүхдүүдийн хоцрогдол ноцтой болж эхэлнэ. Багш нарын цалингаа нэмүүлэх шаардлагыг дэмжиж байгаа. Бид төсвөө харж байж асуудлыг шийдэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид хамгийн сайн хувилбараар шийдэхээр ажиллаж байна" гэв.