НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар түүний эхнэр О.Нарангарав хэвлэлд хандаад байгаа юм. Тэгвэл өчигдөр хохирогч эмэгтэйг хамгаалалтад авчээ. Тодруулбал, энэ талаар сэтгүүлч Р.Будрагчаа өөрийн цахим хуудсаар мэдээлэл өгөхдөө "О.Нарангаравын бага хүү нь аавтайгаа байгаа учраас хохирогч санаа зовсон байдалтай байна. ХЭҮК-ийн байгууллагаас хохирогчийн ээж гомдол гаргасан цагаас шуурхай ажиллаж байсан гэдгээ мэдэгдсэн. Мөн хохирогчийг хамгаалалтад авах ажлыг Гэр бүл, хамгаалалтын нэгжийнхэн маш сайн ажиллаж авсан байна. НИТХ-ын ажлын албанаас над руу холбогдсон" гэлээ.
Эргэн сануулахад, О.Нарангаравын ярилцлага цацагдсаны дараагаар цагдаагийн байгууллагаас НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар мэдэгдэж байсан. Улмаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас түүнийг яллагдагчаар татаж, хяналт тавин ажиллаж байгаа гэсэн юм.