Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагт товлогдсон билээ. Гэвч байнгын хорооны гишүүд хуралдаан орж ирэлгүй 35 минут өнгөрсөн учраас тус хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэрийг байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэгвэл эл үйл явцын талаар болон улс төрд өрнөж буй асуудалтай холбоотойгоор Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "ТББХ-ны хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо гэнэ. Гэтэл Үндсэн хуулиар тогтоосон цаг эргэсээр. Цаг дуусахад том асуудал үүснэ. Парламент тарах эрсдэл ч үүснэ. Тухайн асуудлыг дахин хэлэлцэх эрх, үүрэг алдагдана. Үндсэн хуулийн хямрал руу улс орныг гулсуулна. Аль ч талд бай асуудлаа хэлэлцэж, шийдвэр гаргахгүй санал тоолон ийш тийш гүйлдэж, ялахын төлөө донтож байгаа нь эх орныхоо нийтлэг эрх ашгийг мартаж, өргөсөн тангарагаасаа няцсан үйлдэлд хүрч байна шүү. Үүний цаана улсын, ард түмний эрх ашиг хохирч, улс сүйрүүлсэн том хэрэг мандахыг төрийн түшээд ойлгоосой билээ. Ард түмэн томоотой ч анзаарч харж байгаа шүү. Хахир өвөл хаяанд иржээ. Бензин тос чинь байна уу. Төсөв батлагдахгүйд хүрвэл яах билээ. Хэн хариуцлага хүлээх. Эмзэг эдийн засагтай улс орноо талцлын тавган дээр хаячихаад ТА ХЭД хаачих билээ. Бодох асуудал их байгаа юм биш үү" гэжээ.