УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгүүн улс төрийн буюу сонгуулийн санал татах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр, төслүүдийн хэлбэрийг өөрчилж, бэлэн мөнгө тараах бус хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэгт чиглүүлэх нь зүйтэй гэдгийг онцлов.
Үүний дотор хүн амд чиглэсэн зөв бодлого болох “Хүүхдийн мөнгө”-ийг татварын буцаан олголт, эсвэл үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг дэмжих зэрэг оновчтой арга, хэлбэрээс сонгож, тусгай бодлогоор цааш үргэлжүүлэх нь илүү оновчтой гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм. Хүүхдийн мөнгөний 30 хувь нь хуримтлал болж, 70 хувь хэрэглээнд зарцуулагдаж байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулаад, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгүүнтэй санал нэг байгаагаа дурдлаа.