
Засгийн газраас ирэх оны Төсвийн төслийг өргөн бариад сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэвч байнгын хороодод төсвийн хэлэлцүүлэг үргэлжлэхтэй зэрэгцэн улс төрд олон үйл явдал өрнөж буй. Үүнээс шалтгаалан төсвөө цаг хугацаанд нь баталж чадах эсэх болгоомжлол бий болоод байна. Тэгвэл төсвийн хэлэлцүүлэг хэр урагштай байгаа талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягтай ярилцлаа.
-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт зүй ёсоор улсын төсөв орно. Гэтэл өнгөрөгч өдрүүдэд улс төрд бий болоод буй нөхцөл байдалтай холбогдуулан байнгын хороод дээр төсвийн хэлэлцүүлэг удаашралтай байна гэх асуудлыг зарим гишүүд хөндөж байна. Тэгвэл Төсвийн байнгын хороон дээр төсвийн хэлэлцүүлэг хэр явагдаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрөгч хаврын чуулганаар Төсвийн хууль, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвийг таван үе шаттайгаар хэлэлцдэг болсон. Өмнө нь төсөв оруулж ирсэн даруйд хэлэлцэх эсэх санал хураалт явуулж, хэлэлцээд явдаг байсан. Тэгвэл одоогийн нөхцөлд нэгдүгээр хэлэлцүүлэг нь ерөнхийдөө танилцах хэлэлцүүлэг гэж хэлж болно. Танилцах хэлэлцүүлгийн хүрээнд зургаан цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тодруулбал, төсвийн орлого бүрдүүлэлт, нийгэм хамгаалал, эрүүл мэнд, соёл спорт аялал жуулчлал, боловсрол, уул уурхай зэргээр зургаан цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Өмнө нь байнгын хороо, чуулганы хуралдаанд зөвхөн төсвийн ерөнхийлөгч захирагч нар болон төрийн албаныхан сууж байгаад төсвөө тайлбарладаг байсан. Тэгвэл эл хэлэлцүүлэгт тухайн салбарын мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодын төлөөллөөс хөрөнгө оруулалт, урсгал зардалтай холбоотой саналыг нь авч, хамтдаа хэлэлцээд явснаараа ач холбогдолтой гэсэн үг.
Засгийн газраас багш ажилчдын ачаалал, нэмэгдэлд 100 тэрбум төгрөгийг төсөвт тусгаад байна
Үүний дүнд тухайлбал, тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх тухай асуудлыг ахмадуудын зүгээс хөндөж байна. Тэтгэврийн хуулийн 27.1-ээр тухайн жилийн инфляцын түвшинтэй уялдуулна гэсэн заалт байдаг. Ирэх жилийн төсөвт 6 хувиар нэмэгдүүлэхээр тусгагдаж орж ирсэн. Хэрэв хуулиа бариад явна гэвэл дахиад 3-3.5 хувиар нэмэх шаардлага үүсч байна гэсэн үг.
Нөгөөтээгүүр боловсролын салбарын багш ажилчид цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж байгаа. Нийслэл болон орон нутгийн багш нарын цалингийн зөрүү их болчхоод байгаа. Учир нь орон нутгийн нэмэгдэл гэж авдаг болохоор нийслэл болон орон нутгийн багш нарын цалингийн зөрүү 40-50 хувьтай болсон байна гэх мэдээлэл авсан. Тэгэхээр энэ зөрүүг арилгах нөгөө талдаа ачааллаар нэмэгдлийг тооцдог болох асуудлыг нийслэлийн багш нар хөндөж байгаа. Засгийн газраас багш ажилчдын ачаалал, нэмэгдэлд 100 тэрбум төгрөгийг төсөвт тусгаад байна.
Эмч нарын цалингийн тухайд, манай улс гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн. Сайн эмчээ дагадаг санхүүжилтийн тогтолцоо руу шилжээд 3,4 жилийн нүүрийг үзэж байна. Гэвч намар болохоор даатгалын сан нь хоосордог асуудал гардаг. Эмнэлгүүд дээр эхнээсээ санхүүжилт нь зогсчихсон байна. Тэгэхээр даатгалын сангаас санхүүжилтийг олгохдоо ямар өвчтөнд хэрхэн олгох уу, ямар төрлийн эм тариаг даатгалд хамруулах уу зэрэг асуудал дээр ЭМЯ болон ЭМДЕГ ажиллах шаардлагатай байна. Мөн санхүүжилтийн эх үүсвэр дутуу байна гэх асуудлыг ярьж байна. Тэгэхээр бид магадгүй архи, тамхины онцгой албан татварыг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлж, түүгээр эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж харагдаад байгаа.
Мөн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх асуудлыг ярьж байна. Соёлын салбарын эсхүл зураг төсөв, ТЭЗҮ-гүй төсөл хөтөлбөрүүд орж ирсэн гэдэг асуудал ч гарч ирж байна. Эрчим хүчний салбар дээр дулаан, цахилгааны хангамжийг сайжруулахад чиглэсэн томоохон хөрөнгө оруулалтууд сайдын багцад тусгагдаад байна. Гэвч өнөөгийн нөхцөлд цахилгааны тарифаа нэмчихсэн, татаастай хэр нь хөрөнгө оруулалт хийгээд яваад байх нь зөв юм уу гэдэг асуудлыг ч хөндөж байна. Өмнөговьд цахилгаан, дулааны станц барих асуудал орж ирсэн. Үүнийг хувийн хэвшлээс цахилгаан, дулааныг худалдан авах гэрээгээр шийдчихэж болох байтал заавал ч үгүй Засгийн газраас баталгаа олгоод, өр нэмээд явах нь зөв үү гэх асуудал ч байна. Үндсэндээ энэ хэмжээнд төсвийн хэлэлцүүлэг үргэлжиллээ.
Энэ Баасан гарагт чуулганаар УИХ цаашид энэ төсвийг хэлэлцэх эсэх дээр санал хураана. Хэлэлцэхгүй гэвэл төсвийг Засгийн газар руу буцаана. Засгийн газар гурав хоногийн хугацаанд төсвийг дахин өргөн барих ёстой.
-Гишүүдийн зүгээс байнгын хорооны хуралдаанд сайд болон гишүүдийн ирц хангалтгүй байна гэх шүүмжлэлийг илэрхийлж байсан. Танай байнгын хорооны хувьд хэр ирцтэй хуралдаж байна. Тухайлбал, өчигдрийн тухайд танай байнгын хороо Эдийн засгийн байнгын хороотой хамтарсан хуралдаан хийсэн шүү дээ?
-Ирц хангалттай хуралдсан. Байнгын хороодын хамтарсан хуралдаанд 56 гишүүнээс 33 гишүүн ирж оролцсон. Төсвийн байнгын хороо 32 гишүүнээс 19 нь оролцсон. Төсвийн байнгын хорооны харъяалах яам нь Сангийн яам байдаг. Энэ утгаараа Сангийн сайд болон Шадар сайд нар оролцсон. Өчигдрийн тухайд хуулийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдсан.
-Зургаан удаагийн хэлэлцүүлгийн үр дүнгээс харахад, хэр төсөв орж ирэв гэдэг дээр ерөнхий дүр зураг харагдаж байгаа болов уу гэж бодож байна. Ер нь Засгийн газраас өргөн барьсан төсөв цаашид хэрхэхээр харагдаж байна. Магадгүй зарим гишүүдийн хэлж байгаа шиг буцаан татах хэмжээнд асуудал байна уу?
-Санаа зовинож буй асуудал нь, өнөөдрийн нөхцөлд Засгийн газрын асуудал яригдаж байна. Мөн Ардчилсан намын бүлэг болон зарим гишүүдийн зүгээс "Аль Засгийн газрын төсвийг хэлэлцээд байгаа юм бэ" гэдэг асуудлыг ч тавьж байна. Бодууштай л зүйл.
Өнөөдрийн бий болоод байгаа үл ойлголцлыг маш түргэн хугацаанд шийдэх ёстой. Тэгэхгүй бол энэ чинь төрийн зовлон болох гээд байна шүү дээ.
Улс төрийн болоод макро эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй гэсэн үг. Бид хугацаандаа төсвөө баталж чадахгүй бол цалин, тэтгэвэр, урсгал зардал бүгд хамгийн доод түвшнээр санхүүжих эрсдэл байгаа.
-Төсөв яг цагалбарынхаа дагуу явж байна уу. Өдийд төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдээд, ажлын хэсэг ч байгуулагдчихсан байх хугацаа гээд байгаа. Магадгүй энэ байдлаараа төсвөө хугацаанд нь баталж чадахгүй байх вий гэдэг болгоомжлол байна?
-Байнгын хороо цагалбараа батална л даа. Яг одоо цагалбарынхаа дагуу л явж байна. Харин ажлын хэсэг хэр хурдан ажиллах вэ гэдгээс дараа дараагийн хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана. Гэхдээ сая дурдсан асуудлуудыг бүгдийг нь тусгана гэвэл ажил нэлээн сунжрах байх.
-УИХ дахь АН-ын бүлгээс төсөв дээр ажлын хэсэг байгуулагдаад байгаа. Төсвийн байнгын хороон дээр дүгнэлт, танилцуулгаа оруулж ирсэн зүйл байгаа юу?
-Үгүй. Одоогоор танилцуулсан зүйл байхгүй байна.
-Төсвийн зардал нь ганц, хоёр тэрбумаар бус их наядаар яригддаг учраас цалин, тэтгэвэр нэмэх асуудал тийм ч амархан шийдэгдэх боломжгүй-

-Яг энэ цаг үед багш ажилчид болоод ахмад настнууд шаардлага тавьж байна. Тэгвэл багш ажилчдын цалин хөлс болоод ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлье гэвэл төсөвт ийм орон зай бий юу. Ер нь энэ шаардлагыг төсөвт суулгая гэвэл процесс ямар байдлаар үргэлжлэх вэ?
-Хуулиараа улсын төсвийн зарлагыг шууд нэмж болдоггүй. Санаанаасаа зарлага нэмээд баталж болохгүй гэсэн үг. Тэгэхээр одоо байгаа зардал дотор нь эрэмбэлж, гүйлгэж байж л цалин, тэтгэврийн асуудлыг шийдэх боломжтой. Энэ тоон дээр УИХ-ын ажлын хэсэг ажиллана гэсэн үг. Эсхүл Сангийн яам өөрөө төсвөө буцаан татаад энэ тоонууд дээрээ ажиллах ёстой гэсэн үг. Ер нь төсөв өргөн барихаас өмнө тухайн холбогдох яам нь салбарынхаа хэлэлцүүлгийг хангалттай сайн зохион байгуулах ёстой л гэсэн үг л дээ. Жишээлбэл, Боловсролын яам салбартаа хэлэлцүүлгээ зохион байгуулж, багш нартайгаа нэгдсэн ойлголтод хүрэх зайлшгүй шаардлага байсан байна. Эрүүл мэнд, нийгэм хамгааллын салбар ч ялгаагүй. Тэгэхгүйгээр төсвийн зардал нь өөрөө 1,2 тэрбум бус их наядаар яригдах асуудал учраас тийм амархан шийдэгдэх боломжгүй.
-Зарим гишүүдийн зүгээс багш нарын цалин болон ахмадуудын тэтгэврийг нэмэх асуудал дээр өөр өөрсдийн байр сууринаас тодорхой шийдлүүдийг дэвшүүлж байна. Тухайлбал, ТӨХК-иудаас эсхүл төсвийн хөрөнгө оруулалт тэр дундаа он дамнан хэрэгжиж буй барилга байгууламжийн нэмэгдсэн өртгийн зөрүүнээс гэдэг ч юм уу?
-Төсвийн хязгаар, харьцааг хуульчилж өгсөн байдаг. Түүгээр дотор нь хөрөнгө оруулалтаа танаад, урсгал зардлыг нэмнэ гэвэл боломжгүй л дээ. Бид чинь 24 хувьд урсгал зардлаа барина гээд хязгаараа тогтоочихсон. Энэ харьцааг энэ удаад өөрчлөх боломжгүй. Өмнө нь баталсан хуулиа дахиад л өөрчлөөд байх боломжгүй. Он дамнасан хөрөнгө оруулалтыг танах боломжгүй. Харин шинээр тавигдаж байгаа хөрөнгө оруулалтаа танах ч юм уу эсвэл татварын хуулийн шинэчлэлийн хугацааг хойшлуулах зэрэг боломжууд байж болно. Гэхдээ түүнээс тийм их хэмжээний дүнгээр орон зай үүсэх үү гэдэг асуудал гарна.
-Татварын шинэчлэл тал дээр хэр бодитой өөрчлөлт орж ирсэн гэж харж байгаа вэ. ЗГ-ын төсвөөс онцолж буй агуулгын нэг нь татварын шинэчлэл шүү дээ?
-Төсөвтэй цуг НӨАТ-ын буцаан олголттой холбоотой өөрчлөлт л өргөн баригдсан шүү дээ. Татварын багц хуулийн төсөл өргөн баригдаагүй байгаа. Эл хууль нь санал авах шатандаа л явж байна. Төсөв дагаж оруулж ирсэн НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох өөрчлөлтөөр НӨАТ-ын хамрагдалтыг сайжруулж чадна гэж үзэж байгаа юм байна. Түүний тооцоо судалгааг ажлын хэсэг дээр ярилцах ёстой.
ШУУД ҮЗЭХ: