
“Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа энэ цаг мөчид UBN сайтын сурвалжлах баг амьгүй донор хүлээж байгаа иргэд, тэдэнд тулгамддаг асуудал, одоогийн нөхцөл байдлын талаарх сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.
"АМЬГҮЙ ДОНОР ХҮЛЭЭЖ, УТСАА ЧАГНАН СУУГАА 1044 ХҮН БАЙНА"
Бидний хамгийн эхлээд очсон газар бол Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв. Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн хүн донор хүлээж байгаа талаар болон хуулийн төсөл батлагдсанаар ямар боломжууд нээгдэх талаар ЭМХТ-ийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаа зохицуулах албаны дарга Б.Алтантулгаас тодруулсан юм.

-Амьгүй буюу кадавр донор хүлээж байгаа хэчнээн хүн танайд бүртгэлтэй байна вэ?
-Эрхтэн шилжүүлэн суулгуулах эмчилгээний хүлээх жагсаалтад 1044 иргэн байна. Элэг, бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай, долоо хоногт 2-3 удаа бөөр орлуулах эмчилгээнд ордог гэхчлэн дандаа хүнд оноштой, амь нас нь өдөр, цагаар хэмжигддэг өвчтөнүүд байдаг. Сүүлийн жилүүдэд амьгүй донор олдохгүй болсонтой холбоотойгоор хүлээж байх явцдаа амь нас эрсдэж байгаа тохиолдлын тоо нэмэгдэж байгаа. Хүлээх жагсаалтад байсан 90 гаруй хүн амьсгал хураасан харамсалтай тоон мэдээлэл байна.
-Хүлээх жагсаалтын хүлээгдлийг бууруулах чиглэлээр ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна вэ?
-Амьгүй донорын илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Донорын тухай хуулиа “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах бие даасан анхдагч хуулийн төсөл болгож, өргөн бариад хэлэлцүүлээд явж байна.
-Энэ хууль батлагдвал хүлээгдлийг бууруулж, донор хүлээж байхдаа амьсгал хураадаг иргэдийн тоог цөөлөх боломжтой гэж ойлгож болох уу?
-Шинэ хуулийн төсөлдөө дэвшилтэт бодлогын өөрчлөлтүүдийг маш их хийж байгаа. Хамгийн эхний өөрчлөлт нь донорын зөвшөөрлөө илэрхийлдэг хоёр төрлийн систем байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улс Ort in системээр явдаг. ДЭМБ, дэлхийн эрхтэн шилжүүлэх холбооноос өгч байгаа зөвлөмжийн дагуу тухайн улс орны нийгмийн боловсролын түвшинг харгалзаж алинаар нь явахыг нь зөвлөдөг. Монгол Улс түрдээ Ort in системээрээ яваад цаашдаа Opt out систем рүү шилжих шаардлагатай гэх зөвлөмжийг ирүүлдэг. Хуулийн төсөл батлагдвал Монгол Улс холимог системээр явах боломжтой болно. Opt in гэдэг нь заавал зөвшөөрөл авах процесс, Opt out гэдэд нь та амьд байх хугацаандаа татгалзснаа илэрхийлээгүй бол гэр бүлээс нь зөвшөөрөл авах шаардлагагүйгээр ашиглаж болдог систем байдаг. Одоо хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл батлагдвал тухайн хүн амьд ахуйдаа донор болохыг зөвшөөрч, E mongolia системд бүртгүүлсэн бол амьгүй донор болсон тохиолдолд гэр бүлд нь танилцуулаад зөвшөөрөл авах шаардлагагүйгээр донор болгох боломжтой болно. Мөн амьгүй донорын насны доод хязгаарыг 21 байсныг байхгүй болгож насны хязгааргүй болгож байгаа. Ингэснээр хүүхэд амьгүй донор болсон тохиолдолд хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах боломж нээгдэнэ. Учир нь сүүлийн жилүүдэд элэг, бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдэж байгаа. Түүнээс гадна хүргэн, бэрүүдийг гэр бүлийн гишүүний тоонд оруулах зохицуулалт бас хийгдсэн.
Харин дараа нь бид бөөр орлуулах эмчилгээний “Медвик диализ төв"-ийг зорьж, амьгүй донор хүлээж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм. Тус төвд диализийн аппаратад ордог хүмүүс 3 ээлжээр ордог бөгөөд нэг орохдоо 4 цагаар 40 гаруй хүн ордог аж. Биднийг очиход оройн ээлжнийхэн нь аппаратандаа орохоор ирцгээж байсан юм.
"ХҮМҮҮС ДОНОРЫН ТУХАЙ ОЙЛГОЛТТОЙ БОЛООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ, ЗАЛБИРДАГ"
АМЬГҮЙ ДОНОР ХҮЛЭЭЖ БУЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ Г.АГИЙМАА: Би диализийн аппаратад орж, донорын жагсаалтад бичигдээд 12 жил болж байна. Одоо 28-д жагсаж байгаа. 12 жил донор хүлээхдээ ганцхан удаа дуудагдсан. Хүмүүс ойлгоод тоо нь нэмэгдэж байсан ч цахим орчинд цацагдсан буруу ташаа мэдээллийн балгаар бүр байхгүй болчихсон. Хэдий тийм ч нүдээ ширгэтэл гэдэг шиг өдөр шөнөгүй чимээ чагнаж хүлээсээр л байна. Хүмүүс донорын тухай ойлголттой болоосой гэж хүсэж, залбирдаг. Хүний амь аврах чинь хамгийн том буян шүү дээ. Би өдөрт хамгийн багадаа 5 мянган төгрөгийн эм уудаг. Энэ бол хамгийн бага дүн. Олон жил аппаратад орохоор ажил хийж, эм тарианыхаа мөнгийг олох хүндрэлтэй болчихдог юм байна. Одоо гэр бүлийнхэн маань л энэ бүхнийг зохицуулдаг. Гэр бүлийнхэндээ дарамт болохгүйгээр амьдарч чадах боломжтой болох тэр удахгүй ирэх байх гэж хүсээд, хүлээгээд л байж байна.
"АМЬД ДОНОРУУД НЬ "БӨӨРӨӨ ӨГЧИХВӨЛ НЭГ БӨӨРГҮЙ ЯАХ БИЛЭЭ" ГЭСЭН АЙДАСТАЙ. АМЬГҮЙ ДОНОРУУДЫН АР ГЭРИЙНХЭН НЬ "ЭД, ЭРХТНИЙГ АВЧ, ХАГАС ДУТУУ ЯВУУЛАХГҮЙ" ГЭСЭН МУХАР СҮСЭГТЭЙ. ҮҮНЭЭС БОЛООД ДОНОР ОЛДДОГГҮЙ"
АМЬГҮЙ ДОНОР ХҮЛЭЭЖ БУЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ УУГАНБАЯР: 2012 оноос эхэлж диализийн аппаратад орж эхэлсэн. Донорын жагсаалтад ороод олон жил болж байна. Яг надтай адилхан амьгүй донор хүлээж байгаа маш олон хүн байдаг. Харамсалтай нь сүүлийн 3 жилд амьгүй донор гарч ирсэнгүй. Миний хувьд диализийн аппаратад орохын хажуугаар өдөрт 70-80 мянган төгрөг. 2-3 сардаа 500 мянгаас 1 сая төгрөгийг эмчилгээндээ зарцуулдаг. Олон жил болчихсон учраас туршлагаараа урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л явж байна. Миний хувьд өдөр бүр донор хүлээж утсаа чагнаад суудаг. Тиймээс донорын тухай ойлголтыг иргэдэд сайн өгч, таниулмаар байна. Амьд донорууд нь "Бөөрөө өгчихвөл нэг бөөргүй яах билээ" гэсэн айдастай. Амьгүй доноруудын ар гэрийнхэн нь "Эд, эрхтнийг авч, хагас дутуу явуулахгүй" гэсэн мухар сүсэгтэй. Үүнээс болоод донор олддоггүй. Тиймээс амьд доноруудад "Таны амьдралын чанар өөрчлөгдөхгүй. Ямар ч асуудалгүй амьдраад хүүхэд төрүүлээд хэвийн амьдарч байгаа олон хүн байна. Бөөр авсан болон өгсөн хүмүүс ийм сайхан амьдарч байна гэсэн бодит мэдээллийг мэргэжлийн хүмүүс нь маш сайн өгдөг байгаасай гэж хүсэж байна. Тэгэхгүй бол сүүлийн жилүүдэд 20 дөнгөж гарч яваа залуучуудын дунд өвчлөл маш ихээр нэмэгдэж, олон залуучууд аппаратад орж байна. Эдгээр залуучуудад илүү гоё ирээдүйг бүтээгээд сайхан амьдрах боломж байхад донор олдохгүй гэх шалтгаанаар хорвоог орхиж байгааг нь харахаар сэтгэл өвддөг.
"БИ ДӨНГӨЖ 20 ГАРУЙХАН НАСТАЙ, ТӨРЖ ҮЗЭЭГҮЙ УЧРААС БӨӨРӨӨ СОЛИУЛААД ХҮҮХЭДТЭЙ БОЛООД БУСАД ХҮМҮҮС ШИГ ЭНГИЙН САЙХАН АМЬДРАХЫГ ХҮСЭЖ БАЙГАА"
АМЬГҮЙ ДОНОР ХҮЛЭЭЖ БУЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ 27 НАСТАЙ С.УНДАРМАА: Би 2024 оны 2 сард диализийн аппаратад орсон. Одоо 27 настай. Донорын хүлээх жагсаалтад орох гээд шинжилгээнүүдээ өгөөд явж байгаа. Би дөнгөж 20 гаруйхан настай, төрж үзээгүй учраас бөөрөө солиулаад хүүхэдтэй болоод бусад хүмүүс шиг энгийн сайхан амьдрахыг хүсэж байгаа. Хамт эмчилгээнд ордог хүмүүс донор хүлээж байгаад харамсалтайгаар нас барахыг харахаар үнэхээр их айдаг. Түүнээс гадна биеийн байдлаасаа болоод бүтэн цагаар ажил хийх боломж байдаггүй. Гэтэл эмчилгээнд маш их мөнгө зарцуулагддаг. Сард 1-1.5 сая төгрөгийг эм тарианд зарцуулдаг учраас эмчилгээнийхээ мөнгийг олохын тулд онлайнаар бараа зардаг. Ид хөдөлмөрлөх насан дээрээ илүү том мөрөөдөөд урагшлах ёстой байтал өдөр тутмын эмчилгээнийхээ зардлыг олох ганцхан зорилготой, хэзээ гарч ирэх нь мэдэгдэхгүй донор хүлээгээд амьдран гэдэг үнэхээр хайран бас харамсалтай санагддаг. Тиймээс бидэн шиг хүмүүст амьдрал бэлэглэдэг донорын тухай ойлголттой хүмүүс олон болоосой гэж хүсэж байна. Бас залуучууддаа ибупрофен гэдэг өвчин намдаах эмийг битгий уугаарай гэж хэлмээр байна. Би бие маань жаахан өвдөх төдийд л уучихдаг байсан нь хамгийн том алдаа байсан байна лээ. Эмчийн зааваргүй антибиотик уух, өвчин намдаах уух, шээсээрээ уураг алдах нь эцсийн бүлэгтээ ийм үр дүнд хүргэдэг юм байна. Тиймээс өөртөө хайртай байгаарай. Ууж, идэж байгаа зүйлдээ анхаараарай гэж залуучууддаа онцгойлон захиж хэлмээр байна. Учир нь аппаратад ордог залуучуудын тоо маш их нэмэгдэж байна.
Энэ бол бөөрний донор хүлээж байгаа иргэдийн бодит нөхцөл байдал. Донор хүлээж байгаа 1044 хүний 700 гаруй нь бөөрний донор хүлээж дээрх хүмүүс шиг нөхцөл байдалд амьгүй донор хүлээж, эмчилгээнээс эмчилгээний хооронд өдөр хоногийг өнгөрүүлж байна.
О.СЭРГЭЛЭН: ТАРХИНЫ ҮХЭЛТЭЙ ДОНОРООС ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛАХ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДВАЛ ХЭДЭН Ч ХҮНД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ БОЛОМЖ, БАГ, ХҮНИЙ НӨӨЦ БАЙНА

Үүний цаана элэгний донор хүлээж байгаа иргэд ч олон бий. Бид тэдгээр иргэдийн нөхцөл байдлын талаар Гавьяат эмч О.Сэргэлэнгээс тодруулахад, "Тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгуулахаар хүлээж байгаа 450 гаруй хүн байна. Сүүлийн 3 жилд ганц ч донор гарахгүй байж байгаад он гарснаас хойш ганц л донор гарч 3 хүний амь аварсан. Донорын хууль батлагдахаар олдоц хэр болохыг хэлж мэдэхгүй байна. Элэг шилжүүлэн суулгуулах гэж ирж байгаа хүмүүс ямар нөхцөл байдалтай байдаг юм бэ гэхээр ихэнх нь бүгд элэгний дутагдалтай, элэгний эмгэг нь эцсийн шатандаа орчихсон, хавдартай эсвэл хатууралтай хүмүүс байдаг. Элэг шилжүүлэн суулгах хэмжээнд хүрчихсэн нэг л хүн байхад тэр гэр бүлийг ядуурал руу татдаг. Ганцхан альбумин худалдаж авахад 280 гаруй мянган төгрөг. Одоо бүр нэмэгдэж байгаа. Долоо хоногт 2-3 удаа тариулна гээд бодохоор хэдэн төгрөг зарцуулах вэ. Долоо хоногт 1 сая гаруй төгрөг зарцуулаад байхаар тэр айлын амьдрал яах вэ. Гэтэл элэг шилжүүлэн суулгуулчих юм бол хагалгааны зардал нь 100 хувь даатгалаасаа гарчихдаг. Амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан хүмүүс элэг шилжүүлэн суулгуулаад эрүүл болно гэдэг шинжлэх ухааны их сайхан ололт. Монголчууд маань бас их азтай. Эх орондоо энэ хагалгааг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой байна гэдэг азтай хувь тавилан. Харамсалтай нь ийм боломж байсаар байтал донор олддоггүй. Хэрэв энэ асуудлыг шийдэж чадвал хэдэн ч хүнд элэг шилжүүлэн суулгах боломж, баг, хүний нөөц байна. Даанч эдгээр хүмүүс маань өдөр бүр хүлээж, асууж, утсаа ширтсээр байгаад бурхны оронд одож байна. Эрхтний өглөг бол дээдийн дээд өглөг. Бурхны оронд очиход тухайн хүний элэг нь байна уу, бөөр нь байна уу гэж шалгадаггүй. Харин эрхтнээ өгч, бусдад амьдрал бэлэглэчхээд очвол буян болдог. Тиймээс монгол түмэн минь бусдад амьдрал бэлэглэж, бусдыг аврах ажилд идэвхтэй оролцооч ээ гэж уриалж хэлмээр байна. Би өөрөө энэ чиглэлээр ажилладаг хүн учраас ийм уриалга хэлэх эрхгүй. Гэхдээ би өөрийгөө энэ үгийг хэлэх эрхтэй хүн гэж бодож байна. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг монголдоо нутагшуулахын төлөө 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл зорьж, зүтгэж, баг хамт олноо зохион байгуулж ирсэн. Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдөр 367 дахь элэг шилжүүлэн суулгах мэс заслаа өнөөдөр хийж байна. Дурангаар хийж байна. Энэ бол маш том ололт. Энэ том ололтыг ингэж нэвтрүүлчхээд байхад ард түмэн маань биднийг дэмжиж, бидэнд урам хайрлаж, "нүдээ бүлтэртэл" биднийг хүлээгээд сууж байгаа хүмүүсийг аврахад туслах хэрэгтэй байна" гэлээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!