-Эдийн засагч Н.Энхбаяртай төсвийн нөхцөл байдал болон бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа-
-Өнгөрөгч долоо хоногт 2026 оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэл нэгтгэгдэж, гарсан. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд маань хэр гарав гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Олон улсын байгууллагууд манай эдийн засагт тогтмол дүгнэлт өгдөг. Сүүлийн жилүүдэд буюу цар тахлаас хойш манай улсын түүхий эдийн экспорт хурцацтай нэмэгдэж буй. Тухайлбал, 2024 онд Монгол Улсын нүүрсний экспорт 84 сая тонн буюу нийт экспортын орлого маань 8 тэрбум ам.долларт хүрсэн амжилт үзүүлсэн. Монгол Улс бол түүхий эдийн хамаарал өндөртэй, далайд гарцгүй, түүхий эдийн 92 хувь нь нэг л улс руу гарч байгаа онцлог нөхцөл байдалтай. Энэ утгаараа төсвийн орлого бүрдэлт нь экспортын бүтэцтэй шууд хамааралтай. Нийт экспортын 70 хувийг нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр гээд 3-4 төрлийн түүхий эд бүрдүүлж байгаа. Бусад төрлийн түүхий эд тодорхой түвшинд нөлөө үзүүлж байгаа боловч хувь хэмжээ, нөлөө нь харьцангуй бага. Цаашид бид төсвийн орлогыг тогтвортой байлгая гэвэл гол түүхий эдийн орлогодоо анхаарах явдал юм. 2025 оноос анхаарууштай нь, нүүрсний экспортын орлого 3 тэрбум ам.доллароор буурсан. Тонн тутмын үнэ ханш буурсан гэсэн үг. 2022,2023 онд 200 гаруй ам.долларт хүрч байсан нүүрсний үнэ өнөөдөр гурав дахин буурч, энэ оны байдлаар дунджаар 65 орчим ам.доллароор экспортод гарч байна. Азаар ч гэх юм уу, өнгөрсөн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт татсаны үр нөлөөг бид одоо үзэж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний дүнд ил, далд уурхай, баяжуулах үйлдвэр гэхчлэн маш том бүтээн байгуулалтууд хийгдэв. Тэгэхээр 2013 онд Оюу толгойн ил уурхай, 2023 оны 1 дүгээр сард далд уурхай ашиглалтад орсон. Далд уурхай ашиглалтад орсноос хойш хүчин чадал ашиглалтаа нэмэгдүүлээд 2025 онд эерэг үр дүн үзүүллээ.
Саяхан Оюу толгой компани энэ оны нэгдүгээр улирлын тайлан мэдээгээ гаргалаа. Оюу толгойн зэсийн баяжмалын олборлолт нэмэгдсэнээр Монгол Улсын зэсийн экспорт 2 сая тоннд хүрч байна. Цаашид ч өсөх ирээдүй харагдаж байна. Энэ таатай боломжоор бид өнгөрсөн жилд буурсан нүүрсний орлогыг нөхсөн. Энэ ач холбогдлын дүнд, өнгөрөгч онд бид төсвийн орлого 30 их наяд, төсвийн алдагдал жилийн дүнгээрээ 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан.
Хэрэв бид эдийн засгаа ийнхүү төрөлжүүлж чадаагүй бол, Оюу толгойн далд уурхай ашиглалтад ороогүй байсан бол гадаад худалдааны үзүүлэлт маань өндөр алдагдалтай, үүнээс хамаараад төсвийн орлого маань ч ихээхэн алдагдал хүлээхээр байв.
Нүүрсний салбараас орж ирж байгаа орлого буурсан гэсэн үг шүү дээ. Бид үүнээс өндөр алдагдал хүлээж болох байсан. Хэдийгээр хэл ам их дагуулдаг ч гэлээ олон жилийн туршид гадаадын хөрөнгө оруулалтаа татсаны дүнд эдийн засаг маань харьцангуй хүчтэй савлагаанд орсонгүй. Хэрэв нүүрсний орлогыг нөхөх өөр орлого байгаагүй бол бид 2015,2016 онд орж байсан хүндрэлтэйгээ дахин нүүр тулах байсан.
Тухайн үед төсвийн орлого ихээхэн буурч, түүнийг нөхөх зүйл байгаагүй учраас Монгол Улс 2016 оны гуравдугаар улиралд эдийн засаг хасах дүнтэй гарч, улмаар 2017 онд ОУВС-гийн 5 тэрбум ам.долларын тусламж авч байсан. Харин энэ удаад бид эдийн засгаа төрөлжүүлж, экспортоо нэмэгдүүүлж чадсаны дүнд ийм хямралд орсонгүй. Олон улсын аль нэг байгууллагаас тусламж авсангүй. Эдийн засаг талаасаа маш сайн нааштай үр дүнтэй гарлаа.
Энэ оны нэгдүгээр улиралд ч энэ байдал хэвээр үргэлжилж байна. Зэсийн баяжмалын экспорт нэмэгдэж байна. Нөгөө талдаа нүүрсний экспортын орлого буурсан хэвээр байна. Үнэ ханш ч өсөөгүй байна. Мөн дэлхий дахинд өрнөж буй геополитикийн нөхцөл байдал, булангийн орнуудад болж буй үйл явдал, Иран Америк хоорондын зөрчил, Ормузын хоолой дээр үүсэж буй ойлгомжгүй байдал зэрэг нь Монгол Улсын эдийн засагт дараагийн сорилтуудыг бий болгож байна.
-1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан гэж ярилаа. Энэ хэмжээний алдагдал бий болоход нөлөөлсөн зүйл нь юу байв?
-Дотоодын судалгааны байгууллагууд, ТТБЗ, Монголбанк нэмээд Дэлхийн банк ОУВС-гаас Монгол Улсын эдийн засаг түүхий эдээс хамааралтай, савлагаа ихтэй учраас төсвийн зарлагаа маш ухаалаг зарцуулах ёстой гэж арав гаруй жил зөвлөж байна. Энэ савлагаанаас сэргийлэхийн тулд бид төсөв дээрээ хэд хэдэн арга хэмжээг авсан. Нэгдүгээрт, 2008 онд Засгийн газрын тогтоол гарч дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг нэвтрүүлсэн. Зөвхөн нэг жилийн төсөв ярих бус 2,3 дахь жилдээ бид ямар орлого олж болох вэ, түүндээ тохируулаад их алдагдал хүлээхгүйгээр ямар ажил хийж болох вэ гэдгээ төлөвлөх гэж оролдож буй хэлбэр шүү дээ. Энэ бол савлагааг багасгах гэж буй үйлдэл. 2010 оноос хойш Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа баталж, тодорхой шалгуур үзүүлэлтүүд тавьсан. Ингэхдээ төсвийн алдагдлыг 2 хувиас хэтрүүлж болохгүй, алдагдал өндөртэй төсөв баталж болохгүй гэх мэт. Сүүлд УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж УИХ дээр гишүүд санал гаргаад төсвийн зарлагыг нэмэгдүүлдэг байдлыг арилгасан. Энэ мэтчилэн олон арга хэмжээ авч байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улсын төсвийн зарлага 2018 оноос хойш гурав дахин өссөн. 2017,2018 онд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж төсвийн сахилга батыг маш чанга мөрдсөн. Гэтэл маш сайн үзүүлэлтэд хүрчихсэн байсан эдийн засаг маань 2018 оноос хойш сахилга батаа алдсан.
Нэмж болох бүхий л зардлуудаа нэмсэн. Төрийн албан хаагчдын тоо өнгөрсөн оны байдлаар 250 мянгад хүрээд байна. Төсөвт эзэлж буй цалингийн нийт зардал нь 18-20 хувьд хүрч байна. 10-аад жилийн өмнө энэ нь хоёр дахин бага байсан. Өөрөөр хэлбэл, төрөөс үзүүлдэг ажил үйлчилгээгээ явуулахын тулд асар их мөнгө зарж байна шүү дээ. Баталж буй 30 их наядынх нь 3 их наяд нь хөрөнгө оруулалтын зардал гэж тооцвол цаана нь 27 их наяд төгрөгөөр өдөр тутмынхаа үйл ажиллагааг явуулж байна. Мэдээж боловсрол, эрүүл мэндийн салбарын 10 гаруй их наяд төгрөг байна. Үлдсэн 17 их наяд төгрөгөөр Монгол Улсын төр захиргааны байгууллагууд нь ажиллаж байна. Төсвөө зайлшгүй нэмэх шаардлага байна уу гэвэл үгүй. Хэрэв бид зөв бодлого явуулж чадвал. Манай төрийн, төсвийн байгууллагууд ажил ихтэй, өгөөж багатай, үр ашиг багатай арга замыг сонгодог. Аль болох ажиллах орон тоогоо нэмж байгаад олон машин, олон барилгатай байж л ажил хийнэ гэж ярьдаг. Чуулганаар төсөв хэлэлцэх бүрт л ийм зүйл яригддаг. Тэнд хөрөнгө оруулалт хийсэн бол үр дүн гарах ёстой. Гэтэл аудитын байгууллага болон ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас гаргаж буй тайлан мэдээллүүдээс харахад эсрэгээрээ төрийн байгууллагуудын үр ашиг нэмэгдэхгүй байгаагаас хүрэлцээгүй байдал улам нэмэгдэж байна. Угтаа бид цомхон орон тоотойгоор энэ ажлаа аль ч салбарт хэрэгжүүлэх ёстой. Гэтэл 2023,2024 онуудад энэ байдалдаа хяналт тавьж чадахгүй, төсвийн зардлаа нэмэх үрэлгэн бодлого явуулсан.
2024 онд 2025 оны төсвийг 27 их наядаар анх баталсан. Гэтэл сонгуулийн дараа яаралтай горимоор тодотгол хийгээд 30 их наяд болгож баталсан. Гэтэл үүнээс нэг сарын дараа 2025 оны төсвөө өргөн бариад 35 их наяд болгосон. Нэг жилийн дотор 8 их наядаар төсвийн зардлыг нэмчихсэн гэсэн үг шүү дээ. Бараг 40 хувиар гэсэн үг. Ийм их хэмжээгээр төсвийн зарлагаа нэмж байгаа улс орон байхгүй. Арабын орнуудад газрын тосны орлого нь тогтмол өсдөг хэр нь төсвийн зарлагаа ингэж нэмдэггүй. Гэтэл манайд ийм түүхий эдийн орлого байгаа юу. Найдвартай төсвийн орлого байхгүй. Гэсэн атлаа нүүрсний экспорт 60 саяас 80 сая болсон орон зай дээр манай улстөрчид тэр орлого байнга байх юм шиг боддог. Төсвийн зарлага гэдэг бол нэг удаагийн орлого биш. Гэтэл энэ нэмэгдээд байгаа орлого маань бүгд тогтвортой суурь зардал. Цалин, тэтгэвэр, төсвийн байгууллагын зардал гэх мэт. 2025 онд 35 их наядад хүргэсэн төсвийн зардал дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ түүнийг нь хүлээж аваад төсвөө дахин хэлэлцээд нэг их наядаар бууруулсан. 2025 он гараад дараагийн Засгийн газар нь үнэхээр орлогоо гүйцэхгүй юм байна гээд дахин тодотгол хийгээд, 32 их наяд болгож бууруулсан. Тэгэхээр 2024 онд бид төсөв дээрээ удаа дараа маш том алдаанууд гаргасан.
Хамгийн аюултай нь хууль эрх зүйн хүрээнд төсвийн тодотгол хийгээд засаж байгаа боловч төсвийн тэлэлт хэвээр. Өнөөдөр бид түүнийг бууруулж чадахгүй. Түүхий эдээс хамааралтай улсын хувьд энэ л маш том бэрхшээл. Хүссэн хэмжээгээр төсвийн зарлага тавиад байгаа боловч орлого маань бидний хүссэн хэмжээгээр нэмэгдэхгүй. Бид хүсэл ёсоороо 90 сая тонн байсан нүүрсний экспортоо 100 саяд хүргэсэн ч үнийг нь шийдэж чадахгүй. Үнэ эсрэгээрээ буурч байна шүү дээ. Биет хэмжээгээр хүрч байгаа боловч орлогын хэмжээ буурчихлаа. Тэгэхээр бид цаашид гадаад худалдаа тал дээрээ хоёр, гуравдагч хөрш рүү гаргадаг арга замыг сонгохгүй бол ганцхан улсын зах зээлээс хамааралтай байдал нь эргээд Монгол Улсын төсвийг савлагаатай, маш эмзэг болгож байна. Үүнд онцгой анхаарах шаардлагатай.
Ийм байдлаар яваад байх юм бол хэт тэлсэн төсвөө даахгүй явсаар 2016 оных шиг хүндрэлтэй нөхцөл байдалтай нүүр тулж болзошгүй. Манай эрчим хүч, хөдөө аж ахуйн салбар маань ч энэ эрсдэлтэй байдлыг харуулаад байна шүү дээ.
-Энэ жил 90 сая тонн нүүрс экспортлохоор төсөвт тусгаснаас нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр 37 хувийг нь гаргасан байна. Гэхдээ бид биет хэмжээг яриад байгаа болохоос үнийн түвшин болоод эрэлтийн асуудлыг орхиод байх шиг?
-Тийм ээ. Биет хэмжээ нэмэгдэж өнгөрсөн оны мөн үеийн түвшинд хүрлээ гэх мэдээллийг өгч байна лээ. Гэтэл үүнээс орж ирж байгаа түүхий эдийн үнэ маань өсөхгүй байгаа нь бодит үнэн. Хэдийгээр биет хэмжээ нэмэгдсэн ч гэсэн төсөвт орох орлогын хувь нэмэр бага байна. Жишээлбэл, нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын төсөвт орсон татварын орлого өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнд байна. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 5.8 их наяд төгрөгийн төсвийн орлого олж байсан бол энэ оны нэгдүгээр улиралд мөн адил 5.8 их наяд төгрөг байна. Зэсийн экспорт нэмэгдчихээд байхад хэмжээ нь ийм байна шүү дээ. Тэгэхээр биет хэмжээний өсөлт нь бидэнд нэмэр болохгүй байна гэсэн үг. Тиймээс гадаад худалдаа тэр дундаа нүүрсний экспорт тал дээрээ ямар гэрээ хийх вэ, яаж гэрээлэх вэ гэдгээ сайн харах хэрэгтэй.
Бусад улс орны жишгээр түүхий эдийн худалдаа гэдэг чинь нэлээн онцгой арга барилаар явагддаг онцлог бүтээгдэхүүн. Эцсийн бүтээгдэхүүн биш шүү дээ.
Гэтэл манайд урд хөрш гэх ганцхан зах зээлтэй учраас маш хямдралтай үнээр буюу "Манайхаас ямар ч хамаагүй үнээр ав" гэдэг байдлаар худалдаа хийж байна. 200 ам.долларт хүрч байсан нүүрсээ бид 60 ам.доллароор гуйж байгаад аваачиж өгдөг ч юм уу. Зарим оффтейк гэрээгээр түүнээс ч бага үнэтэй өгч байгааг үгүйсгэхгүй.
Гадаад худалдаа тал дээр маш алдаатай бодлого явж байна. Үүнийг зохицуулдаг хууль эрх зүйн орчинтой болохгүй бол нүүрсний орлогын дийлэнх хувийг бүрдүүлж байгаа компани нь Эрдэнэс Тавантолгой ХК шүү дээ. Хамгийн аюултай нь тэнд орж ирж байгаа орлогыг манай улстөрчид, эрх мэдэлтэй хүмүүс дураараа зарцуулдаг үрэлгэн тогтолцоотой.
-Төрийн байгууллагууд мөнгөний эх үүсвэрийг хязгааргүй гэж бодоод байна. Тэр болгоныг нь УИХ хүлээж аваад, төсвийн зардлыг нь нэмээд байгаа нь алдаа болж байна-

-Угтаа бид төсвийн тодотголын талаар яриад байх нь тийм ч зохимжтой зүйл биш. Гэхдээ нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийн гарсны дараагаар төсвийн тодотгол хийх эсэхийг ярилцана гэдгийг Сангийн сайд мэдээлж байсан. Саяхан төсөвт тодотгол хийх таван үндэслэл үүсээгүй гэдэг зүйлийг хэлж байна лээ. Гэхдээ зарим эдийн засагч гишүүдийн зүгээс ирэх намар бий болж болзошгүй нөхцөл байдлаас сэргийлж одоо төсвөө тодотгох нь зөв гэдэг байр суурийг ч илэрхийлж байна. Та энэ асуудлыг юу гэж харж байна вэ?
-Бид угтаа тодотгол хийхгүй байхын тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Юуны тулд бид хавар бүтэн сар гаруй хугацаанд хуралдаж, төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцдэг билээ дээ. Хэрэв төсвийн хүрээний мэдэгдлийг бодитой төлөвлөөд, оновчтой хязгаараа батлаад тэр хүрээндээ төсвөө хэрэгжүүлдэг байсан бол тодотгол хийх ямар ч хэрэггүй. Төсвийн энэхүү савлагааг багасгахын төлөө дунд хугацааны төлөвлөлтийг хийж, сахилга баттай байхыг зөвлөдөг. Гэтэл нөгөө талаас УИХ-аас баталж байгаа маш олон хууль тогтоомжоор төсвийн зарлагыг нэмэгдүүлэх шийдвэрүүд гарч байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсөв хэлэлцэх явцад Сангийн яамнаас үүнийг удаа дараа ярьж байсан. УИХ-аас Төсвийн тухай хуулиар бус өөр бусад маш олон хуулиар зардал нэмэгдүүлэх шийдвэрийг гаргадаг. Цалин, тэтгэвэр, нөхөн олговор гэх мэтээр.
Жишээлбэл, урьд баривчилж, хорихгүйгээр шийддэг байсан хэргийг баривчилж, хорино гэх ганцхан заалт ороход шүүх байгууллагын тогтолцоон дээр маш их зардал нэмэгдүүлчихдэг. Төсөвт тусгагдахгүйгээр цаана нь шийдвэр гарчихсан хуулиудыг бодвол манай төсвийн зардал 30 биш 33,34 их наяд болно. Өнгөрсөн жилийн 8 дугаар сард салбар бүр дээр явагдсан хэлэлцүүлгээс харахад ийм хүлээлт байгаа. Батлагдчихсан хуультай байхад төсвийг нь Сангийн яам төсөвт суулгаж өгөхгүй байна гэх гомдол эрүүл мэнд, боловсрол, хууль зүй гээд олон салбарт байна. Гэтэл энэ чинь цаанаа төсвийн мөнгөнд биш тогтолцооны гажуудалд байна.
Жишээлбэл, боловсролын тогтолцоо. Саяхан нэг их наяд гаруй төгрөгийн цалинг дутуу олгосон тухай ярьж байгаад одоо нөхөж олгох гэж байна шүү дээ. Гэтэл яагаад тийм их цалингийн зөрүү гарав гэдэг асуудал байна. Яагаад 1000 гаруй багшийн дутагдал яриад байна вэ гэдэг асуудал ч байна. Энэ нь 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжихдээ тооцоогоо маш буруу хийснээс л үүдсэн алдаа. Тухайн үед мал аж ахуйн салбарт зуд болж, нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрчимтэй нэмэгдсэн. Хөдөөний сургуулиад нь хоосорч, нийслэл дэх сургуулиудын ачаалал нэмэгдсэн. Хүн амын төрөлт нэмэгдсэн. Үндсэндээ 2008,2009 онд 12 жилийн тогтолцоонд шилжих шийдвэр гаргахдаа дотоодын шилжилт хөдөлгөөн, анги танхимын хүрэлцээ, хүн амын төрөлт гэх гурван хүчин зүйлийг огт бодолцож тооцоолоогүй. Ийм ч учраас өнөөдөр Улаанбаатар хотод 16 жилийн дараа гурван ээлжийн сургууль хэвээр байна. Боловсролын салбарт маш буруу шийдвэр гаргасны гороор өнөөдрийг хүртэл багш нарынхаа асуудлыг шийдэж чадахгүй нөхцөл байдалтай явж байна. Эрүүл мэндийн салбарт ч мөн адил. Урьдчилан сэргийлэх ажил дээрээ анхаарал хандуулж чадахгүй явсаар эцсийн дүндээ өвчин нь хүндэрсэн хүмүүсийн хэвтэн эмчлүүлэх тухай асуудлыг яриад сууж байна. Тогтолцоо нь эсрэгээрээ явж байна гэсэн үг шүү дээ. Ийм л алдаатай тогтолцоотой явж байна.
-Хэрэв төсөвт тодотгол хийвэл бидэнд танах боломжтой ямар зардал байна вэ. Хөрөнгө оруулалтын зардал талаасаа гэдэг ч юм уу?
-Нэгэнт тогтолцоогоо олон жилийн турш төсвөө хэт тэлж, үрэлгэн байдалтай явчихсан учраас нэг удаагийн таналтаар энэ байдал шийдэгдэхгүй. Өнгөрсөн жил Засгийн газар хэмнэлт хийх гээд болсонгүй шүү дээ. Тухайн салбар дээр хэмнэх үүрэг өгтөл гол үндсэн мэргэжилтнийхээ орон тоог таначихдаг ч юм уу. Тэгэхээр бүтцийн өөрчлөлт хэрэгтэй. Жишээлбэл, хувийн хэвшлийн эмнэлэг байлаа гэж бодъё. Тэр эмнэлэг ажил үйлчилгээгээ явуулахын тулд эхлээд хүн хүчнийхээ нөөцийг бодно. Ямар тоног төхөөрөмжийн нөөцтэй байхаа бодно. Түүнд нь ямар хөрөнгө оруулалт шаардлагатай вэ гэдгээс шалтгаалж ажлаа яаж зохион байгуулах вэ гэдгээ тооцоолно.
Гэтэл төрийн байгууллагууд ингэж бодохгүй байна. Мөнгөний эх үүсвэрийг хязгааргүй гэж бодож байна. Аль болох цөөн хүнээр бус маш олон эмч ажилтан, барилга, үйлчлүүлэгчээр л тооцоолж бодоод байна. Тэр болгоныг нь УИХ хүлээж аваад, төсвийн зардлыг нь нэмээд байгаа учраас ингэж явж болоод байна гэх бодолтой байна. Энэ тогтолцоо хэвээр байгаа учраас цаашид тухайн салбарт байгаа суурь ажил үйлчилгээг нь яаж явуулах вэ гэдэг арга барилыг нь өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр боловсрол, эрүүл мэнд, хууль зүй гээд бүх салбартаа анхан шатны асуудлыг нь шийдэхдээ юунд эхэлж анхаарах вэ гэдэгт бодлогын хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэгэхгүйгээр зөвхөн нэг жилийн төсөв дээр өөрчлөлт хийх гээд оролдоод байвал ямар ч өөрчлөлт гарахгүй. 2030 онд энэ салбарт ийм өөрчлөлт гаргах ёстой гэсэн зорилтоо дэвшүүлээд түүндээ тэмүүлсэн бодлого явуулах ёстой. Жишээлбэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого.
-Зэсийн экспортын хувьд, Монгол Улсад тааламжтай 4-5 жилийн хугацаа байна-

-Ойрх Дорнодын нөхцөл байдал нэг талдаа гараагүй хэвээр байна. БНХАУ-д үнийн өсөлт явагдаж эхэлсэн талаар мэдээллүүд ч гарч байна. Ер нь нөхцөл байдал одоо ямар байна вэ. Хэдийгээр манай улсад шууд үзүүлэх нөлөөлөл нь бага боловч хоёр хөршөөр дамжин эдийн засагт нөлөө үзүүлэх боломжтой шүү дээ?
-Энэ оны хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн үйл явц одоогоор хоёр дахь сардаа үргэлжилж байна. Геополитикийн үйл явцын эхний үеүдэд олон улсын зах зээл дээр нэлээдгүй цочрол бий болдог. Үнэ ханш өсдөг. Ялангуяа газрын тосны үнэ эхний нэг сард нэлээн өсөлттэй байсан ч сүүлийн нэг сар орчмны хугацаанд эргээд хэлбэлзэл багатай болж ирж байна. Гэхдээ асуудал нь хараахан шийдэгдээгүй хэвээр. Хоёр тал яриа хэлэлцээртээ суугаагүй байгаа учраас дахиад л газрын тосны үнэ ханш савлагаатай байна. Энэ байдал нь дэлхийн бүхий л улс орнуудад нөлөөлж байна. Саяхан Вашингтонд болсон ОУВС-гийн хаврын уулзалтын үеэр ярилцсан гол асуудлын нэг нь энэ байлаа. Газрын тос, эрчим хүчний үнийн өсөлт дэлхийн улс орнуудад, инфляцт хэрхэн нөлөөлөх вэ, үүний улмаас бага орлоготой иргэдэд ямар хүндрэл бий болох вэ, түүнийг улс орнууд ямар бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдэгт чиглэсэн асуудлууд яригдлаа. Нөлөөлөл нь өөр, өөр.
Ойрх Дорнодын орноос газрын тос худалдаж аваад өөрийнхөө улсад аваачиж боловсруулж, бүтээгдэхүүн хийдэг улсуудад хамгийн хүнд шок үзүүлж байгаа. Үүнд Өмнөд Солонгос, Хятадаас эхлүүлээд зүүн өмнөд Азийн орнууд багтана. Энэ дотроос ялгаатай нэг тал нь Хятад, Өмнөд Солонгос, Япон улсад газрын тосны нөөцөө маш сайн бүрдүүлчихсэн байгаа. Заримд нь бүтэн жилийн ч нөөц байна. Газрын тосны нөөцөө дотоодоосоо гаргаж боловсруулах замаар үнийн өсөлтийн шокыг зөөлрүүлж чадаж байна. Солонгос улсын жишээг аваад үзье. Ерөнхийлөгчийн зөвлөх нь маш яаралтай, шуурхайгаар айлчлал хийж Ойрх Дорнодын орнуудаас гадна Казахстан, Америк зэрэг бусад улс орнуудаас газрын тос авах тухай яриа хэлцэл хийгээд эхнээсээ үр дүнд хүрч байна. Эх үүсвэрээ төрөлжүүлж байна.
Монгол Улсын тухайд, Ойрх Дорнодоос шууд хамааралгүй. ОХУ-аас авч байна. Хоёрдугаарт, газрын тос бус газрын тосны бүтээгдэхүүн авч байна. Гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын Засгийн газар хооронд тогтвортойгоор газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулсан. Түүний хүрээнд ямар ч байсан бензиний хувьд үнийн өсөлт бий болсонгүй. АИ-92 бензиний үнэ тогтвортой байна. Ийм байдлаар бусад улс орнуудтай харьцуулахад иргэдийн нуруун дээр үзүүлж байгаа нөлөөлөл нь харьцангуй бага. Дизель түлш дээр багахан нэмэгдсэн. Эргээд энэ нөхцөл байдал тогтворжвол үнэ буцаад буух боломжтой. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд саяхан дахиж яваад үнэ тогтворжуулах гэрээнд гарын үсэг зурлаа шүү дээ.
Хятад улсын хувьд, стратегийн нөөц ихтэй учраас гуравдугаар сард үнээ өсгөсөн. Нөөц нь хангалттай байгаа учраас 10 гаруй хоногийн өмнө үнээ эргээд буулгасан. Тэгэхээр энэ нөлөөллийг зөөлрүүлэх боломжтой. Өмнөд Солонгос, Хятад ч ялгаагүй. Энэ утгаараа манайд нөлөөлөх нөлөө нь нэлээн удаан орж ирэх магадлалтай. Гэхдээ дам нөлөөгөөр. Айхтар богино хугацаанд биш гэсэн үг шүү дээ.
Улс орнуудын санаа зовж байгаа асуудал нь газрын тосны бүтээгдэхүүнээс гадна түүнээс гаргаж авдаг бусад химийн бүтээгдэхүүний асуудал. Бордоо, гялгар уут гэх мэтийг үйлдвэрлэдэг химийн аж үйлдвэрүүдийн тухай. Тэр бүрийн үр дагаврыг нарийвчлан тооцоход нэлээн төвөгтэй. Ямартай ч шууд нөлөөлөл нь манайд одоогоор харьцангуй бага тусаж байна. Дизель түлшийн үнээр дамжаад тээвэр, уул уурхай, газар тариалангийн салбарт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр л анхаарч байна.
-Тэгвэл энэ байдал нь манай улсын экспортын гаралтад ямар нэг байдлаар нөлөөлөх үү. Анхаарах ёстой асуудал нь юу байна вэ?
-Ойрх Дорнодод болж буй үйл явдлаас шалтгаалсан шууд нөлөө одоогоор алга байна. Харин эсрэгээрээ дэлхийн зах зээл дээр болж буй технологийн эрэлт хэрэгцээ, өрсөлдөөнөөс хамаарсан газрын ховор элемент болон металын үнэ ханшийн өсөлт тогтвортой өсөж байна. Энэ нь манай улсад тааламжтай зүйл. Ялангуяа зэсийн хэрэглээ ирэх жилүүдэд маш эрчимтэй өсөж байна. Эрчим хүчний шилжилт, өндөр технологи зэргээс үүдэн. Зэсийн тухайд, одоогоор олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа ордууд нь дэлхийн эрэлтийг гүйцэхгүй байна. Хоёрдугаарт, ирэх жилүүдэд эрэлтийг гүйцэхийн тулд дахиад олон уурхай ашиглалтад орж байж гүйцэхээр байгаа. Гэтэл уурхайн бэлтгэл нь хангагдаад үйл ажиллагаа явуултал цаг хугацаа шаардагдана. Монгол Улсын тухайд тааламжтай 4-5 жилийн хугацаа байна. 2030 онд хүртэл зэсийн экспорт өсөх хандлагатай байна. Хэрэв одоо яригдаж буй Цагаан суваргын орд, зэс хайлуулах үйлдвэр, Баянхөндийн алт, Эрдэнэтийн Оюут орд зэрэг төслүүд ирэх 3-4 жилд ашиглалтад орвол Монгол Улсын экспортод маш том нэмэр болно.
Нүүрсний хувьд, үнэ ханш өөр. Монгол Улс үндсэндээ 90 сая тонн нүүрсээ хятадын гурван мужид л нийлүүлж байна. Бараг 80 хувь нь ӨМӨЗО. Тэгээд цаана нь Шинжаан, Хэбэй мужид нийлүүлж байна. Тэгэхээр энэ нь Хятад улсын хэрэглээ, гангийн үйлдвэрлэлтэй шууд холбоотой.
-Манай жижиг дунд ААН-үүд бойжиж чадахгүйгээр дампуурчихаад байна-
-Геополитикийн нөхцөл байдлаас хамааран ЗГ байгуулагдсан даруйдаа дотооддоо иргэд, ААН-үүдийнхээ орлогыг хамгаалсан арга хэмжээнүүдийг авч эхэлсний нэг нь татварын өртэй ААН-үүдийн дансыг нээсэн явдал байлаа. Мэдээж татварын өр төлбөрөө төлөх нь ААН-үүдийн үүрэг боловч төр нэг удаадаа боломж олгох байдлаар ийнхүү дансыг нь нээлээ. Энэ мэт арга хэмжээг та юу гэж харж байна?
-Татварын өртэй ААН-үүдийн дансыг нээх нь нэгэнт учирсан хүндрэлийг зөөлрүүлэх л арга хэмжээ шүү дээ. Илүүтэйгээр санаа зовоож буй асуудал бол манай жижиг дунд бизнесүүд хөл дээрээ хэрхэн, яаж тогтох вэ гэдэг асуудал. Хоёрдугаарт, цаашид яаж томрох ёстой вэ гэдэг асуудал. Харамсалтай нь, өнгөрсөн жилүүдийн түүхээс харахад гадаад зах зээлээс хол, дэд бүтцийн хувьд сул учраас манай жижиг дунд ААН-үүд бойжиж чадахгүйгээр дампуурчихаад байна. Тэгэхээр жижиг дунд бизнесээ илүү тогтворжуулж, урамшуулах арга замаа л олох хэрэгтэй. Одоогийн яригдаад байгаа Татварын хуулийн өөрчлөлтийг 2024 онд сонгуулийн дараа төсвийн тодотгол ярьж байх үедээ шийдчихсэн бол жижиг дунд бизнесүүдийг дэмжих маш том боломж байсан. Хоёр, гурван их наядаар төсвийн зардал нэмэгдэж байхад түүний 500 тэрбумаар нь ч гэсэн жижиг, дунд бизнесүүддээ татварын хөнгөлөлт үзүүлчихсэн байсан бол маш олон бизнесүүд өнөөдөр хэвийн ажиллаж байх байв. Тэгэхээр ийм боломжуудыг л бид алдаж болохгүй.
Түүхий эдээс орлого бүрдэж байгаа жилүүдэд бүгдийг нь нь төсөв рүү аваачиж хийх бус татварын хөнгөлөлт, Тогтворжуулалтын сан, хөгжлийн сандаа илүү ахиу хуримтлуулах ёстой. Цаашид ч бидний анхаарах ёстой асуудал нь энэ. Зэсийн баяжмалын экспорт нэмэгдээд магадгүй ирэх 2028,2029 онд Монгол Улсын зэсийн экспорт нэмэгдлээ гэж бодоход тэр орлогыг дахиад төсөвт оруулаад зарцуулчихаж болохгүй. Үүний тулд одоогийн мөрдөж буй Төсвийн тухай хуульдаа Төсвийн тогтвортой байдлын санд тооцож оруулдаг аргачлалаа өөрчлөөд аль болох баялгийн сан руугаа ахиа орохоор хувь хэмжээг нь тогтоож өгөх ёстой. Тэгж байж төсөв дээр зарах мөнгөө багасгана. Тогтвортой барих гэсэн үг шүү дээ. 30 их наядаа барина гэсэн үг. Тэр 30 их наяд дотор чинь хэмнэж болох маш олон зардал байгаа. Үрэлгэн тогтолцоо маш их байна.
Одоогоос 20 жилийн өмнө 50 мянган төрийн алба хаагчтай байсан. Арван жилийн өмнө 100 мянган алба хаагчтай байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо 250 мянгад хүрсэн. Ийм их төрийн алба хаагчтай хэр нь иргэдэд хүртээмжтэй, сэтгэл ханамжтай төрийн үйлчилгээг үзүүлж чадаж байна уу гэвэл үгүй. 250 мянган төрийн алба хаагчтай мөртлөө боловсролын салбарт нь гэхэд 1-2 мянган багш дутагдаж байна. Эрүүл мэндийн салбарт сувилагч нь дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, зөв газраа төрийн алба хаагчаа нэмж чадаагүй байна гэсэн үг шүү дээ. Өрөөнд сууж, бичиг цаас болдог хэсэг дээр л нэмэгдсэн болохоос хүнд хүрч үйлчилдэг салбар дээр мэргэжилтнүүд дутагдалтай хэвээр.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ашиглаагүй зээлд хүү төлж байгаа нь бидний гэнэн, өөдрөг төсөөллийн алдаа-

-Би саяхан таны нийтэлсэн нэг байр суурийг харсан юм байна. Таны зүгээс яаралтай горимоор өргөн барьж, хэлэлцүүлж буй хуулийн төслүүд эргээд нийгэм, эдийн засагт сөрөг үр дагаврыг бий болгож байна гэх агуулгыг дурдсан байсан?
-Өнгөрөгч долоо хоногийн Лхагва гарагт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг байнгын хороогоор хэлэлцсэн. Тухайн өдөр ч би саналаа хэлсэн. Гол асуудал нь бид хэрхэн төсвөө савлагаа багатай, зардлаа хэт тэлэхгүй тогтвортой байлгах тухай яриад байна шүү дээ. Үүний нэг арга зам нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн хүрээ, зарлагын хязгаарыг нь зааж өгөөд түүнээс хэтрүүлэхгүйгээр төсвөө төлөвлөх. Хэрэв дунд хугацааны төсвийн хүрээг баталсан хэмжээнд Засгийн газар дараа оны төсвөө бэлтгэж оруулж ирдэг бол зарлагыг тогтвортой хэмжээнд барьж явна. Гэнэтхэн гурван их наядаар нэмэхгүйгээр гэсэн үг. Хоёрдугаарт, манай УИХ-аас баталж буй хууль тогтоомжтой холбоотой асуудал. Үүнийг зохицуулахын тулд арван жилийн өмнөх Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хууль батлуулж байв. Энэ хуульд шинээр боловсруулан гаргах хууль ямар бүрдэлтэй байх вэ гэдгийг зааж өгсөн байдаг. Энэ хуулийг дагаад Засгийн газраас хууль тогтоомжийг боловсруулахад үнэлгээ хийх аргачлал гээд таван аргачлал бий. Тодруулбал, хууль тогтоомжийн эрэлт хэрэгцээг тооцох, хууль батлан гаргасны дараах зардлыг тооцох, хууль тогтоомжийг мөрдүүлж эхэлснээр гарах үр дагаврыг тооцохоор заасан байдаг. Мөн үүнээс гадна Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.2.3-т маш чухал заалт бий. Энэ нь тухайн хуулийг батлан мөрдөж эхэлсний дараа гарч болох нийгэм, эдийн засгийн үр дагаврыг тооцно гэх заалт. Энэ нь Засгийн газрын тогтоолоос гадна шүү. Гэтэл одоогийн нөхцөлд хууль тогтоомжийг өргөн барих гэдгийг маш амархан зүйл гэж ойлгоод байна. Нэг хууль санаачиллаа гэж бодъё. Үүний ард Засгийн газрын тогтоол, журмаар баталсан 4-5 судалгаа байж байх ёстой. Хуулийг өргөн барилаа. УИХТГ-т очлоо. Журмынхаа дагуу өргөн барьж буй хуулийн бүрдүүлвэрийг үзнэ. Үүн дээр Засгийн газрын тогтоолоор хуулийн төсөл дээр үнэлгээ, дүн шинжилгээ хийх ёстой. Гэтэл одоогийн нөхцөлд түүнийг хуудсыг нь тоолоод л тавьчихаж байна. Доторх агуулгыг нь уншихгүй байна.
Жишээлбэл, саяхан Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой хуулийн төслийн бүрдүүлвэрийг харлаа. Засгийн газрын тогтоол ёсоор тухайн хуулийн төсөлд үнэлгээ хийсэн байх ёстой. Гэтэл тэр нь байхгүй. Ганц хуудас зүйл байгаа нь, ЗГ-ын журам дээр заасан "Энэ хуулийг баталснаар ямар байгууллагын орон тоо, зардал нэмэгдэх вэ" гэдэг асуултад хариулсан гэдгээр "Ямар ч орон тоо, зардал нэмэгдэхгүй" гэсэн ганцхан хуудас байна. Түүнийг нь УИХТГ хүлээж аваад шаардлага хангасан байна гээд хэлэлцье гээд явчихаж байна. Яг ийм байдлаар маш олон хуулийг баталж байгаа учраас бусад хууль тогтоомж дээр сөрөг үр дагаврыг бий болгож байна.
-Жишээлбэл?
Эртээд ШЕЗ-ийн гишүүнтэй уулзаж ярилцсан. Эрүүгийн тухай хуульд согтуугаар автомашин жолоодсон иргэнийг урьд нь торгоод явуулдаг байсан бол хуульд нэмэлт өөрчлөлт орсноор баривчлах ялтай болгосон. Гэтэл энэ нь өөрөө маш их үр дагавартай. Жилдээ согтуугаар жолоо барьдаг иргэний тоо хэдэн мянгаар тоологдоно. Тэр болгоныг шүүх дээр баривчлах ялаар шийтгэнэ. Тэгэхээр өмнөх хулгай болон бусад хэргээ шийдэж чадахгүй байгаа шүүх дээр маш их ачаалал авч ирж байна. Энэ хэрээр шүүхийн ачаалал нэмэгдэж, шинээр шүүгч, шүүгчийн туслах, шүүхийн байр гээд маш олон зардал нэмэгдэнэ. Гэтэл тухайн хуулийн өөрчлөлтийг өргөн барихдаа энэ тухай тооцсон уу гэвэл үгүй. Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.2.3 буюу энэ хууль батлагдсан гарсны дараа нийгэм, эдийн засгийн ямар үр дагавар гарах вэ буюу төсөв дээр учрах ачааллын талаар тооцоог бүрэн хийхгүй байна. Зарим нэг хууль дээр хагас дутуу хийж байна. Жишээлбэл, нөхөн олговор олгох гэдэг ч юм уу, цалин тэтгэвэр дээр хагас дутуу хийж байна.
Хоёрдугаарт, УИХ-д өргөн барьж буй хуулийн тооцоолол Сангийн яам руу очихгүй байна. Өргөн барьж буй хууль бүр дээр ийм зардал гарна гэдэг тооцоолол Сангийн яам дээр шуурхай очоод, түүн дээр бий болох зардлыг нь СЯ тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, ирэх 2027-2028 онд ямар хуулийн заалтаар ямар зардал нэмэгдэх гэж байна вэ гэдгийг Сангийн яам мэдэж байх ёстой. Тэгж байж төсвөө хийнэ. Гэтэл энэ мэдээлэл нь байхгүй явж байгаад наймдугаар сард дараа оны төсөв хэлэлцэх үед нөгөө байгууллагууд нь "Манайх ийм хуультай болчихсон. Ийм хэмжээний зардал дээр төсөв хэрэгтэй" гээд очихоор түүнийг нь нэг жилийн төсөв дээр шийдэж чадахгүй. Угаас бололцоо нь байхгүй. Энэ чинь ганцхан салбарын асуудал биш. Маш олон салбарт ийм асуудал үүсчихсэн учраас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсөв хэлэлцэх үед Сангийн сайдын зүгээс "Бусад 20 гаруй хууль тогтоомжоор их хэмжээний зардал нэмэгдчихсэн" гэж хэлж байв. Бусад хууль тогтоомжоор нэмсэн ч төсөвт багтахгүй байгаа зардлуудаа энэ жил тооцох үзэх хэрэгтэй байх. Тэгэхээр УИХ хууль батлах бүртээ төсөвт маш сөрөг үр дагавартай шийдвэрүүд гаргаж байна. Үүнийг зохицуулах хууль нь байгаа. Тэр нь Хууль тогтоомжийн тухай хууль. Одоо тэр хуулиа зөв хэрэгжүүлж байна уу гэдэг дээр УИХ-ын холбогдох байнгын хороо өөрөө хяналтаа тавих ёстой. Хууль тогтоомжийг өргөн барьж байна гэдэг чинь Хуульзүйн байнгын хорооны асуудал шүү дээ.
Төсвийн хүрээний мэдэгдлээ зөрччихсөн хуулийн төсөл өргөн барьж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тухай хууль хоёроо намар цуг өргөн барьчихдаг. Хуульзүйн хувьд энэ нь боломжгүй. Яагаад гэвэл Төсвийн тухай хуульд хавар баталсан Төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэж төсвөө хийнэ гэж заасан байдаг. Гэтэл өргөн барихаараа төсөөлөл дээр хийчихэж байна. Баталсан хууль дээрээ бус. Ийм хуулийг УИХ хүлээж авч, хэлэлцэж болохгүй байхгүй юу. Ийм байдлаар Хууль тогтоомжийн тухай хуулиа зөрчөөд байна. Шаардлага хангаагүй хуулийг авч хэлэлцээд байна гэсэн үг.
-Тэгвэл парламентын түвшинд хяналт тавих шийдэл нь юу байх юм бэ?
Хоёрдугаарт, Төсвийн байнгын хорооны зүгээс маш их зардал нэмээд байгаа тооцооллыг нь хянаад УИХТГ болон бусад байнгын хорооддоо анхааруулж чиглэл өгөх ёстой. Танай байнгын хороогоор хэлэлцэж буй асуудал дээр Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.2.3-т заасан хавсралт байна уу гэдгийг үзэж бай гэдгийг хэлэх ёстой. Бараг гишүүдэд тэр нь очихгүй байгаа байх. Хавсралтууд нь УИХТГ-т үлдчихэж байна шүү дээ. Гишүүдэд хуулийн төслийн танилцуулга л очоод байна. Манай гишүүд танилцуулгаа л уншдаг. Хуулийн заалт уншвал уншина. Хавсралтыг нь уншдаг гишүүн маш цөөн. Нийгэм, эдийн засгийн тооцоог Төсвийн байнгын хороо улирал тутам нэгтгээд, бусад байнгын хорооддоо анхааруулаад хяналт тавиад явах ёстой. Эх үүсвэрийг нь гаргаж чадахгүй мөртлөө баахан орон тоо нэм, арга хэмжээ ав гэдэг байдлаар буруу шийдвэр гаргаад байна.
Үнэхээр төсөв нэмэх шийдвэр гаргасан бол түүнийхээ тооцооллыг яаралтай нэгтгээд Сангийн яам руу өгдөг байх хэрэгтэй. Хамгийн гол нь тэр тооцоолол нь үндэслэлтэй байх ёстой. Яагаад гэвэл манай хууль санаачилж буй гишүүд эерэг талыг нь биччихдэг.
-Ярилцлагын төгсгөлд олон нийтийн төдийгүй улстөрчдийн дунд багагүй хэлэлцүүлгийг өрнүүлж буй Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн талаар байр суурийг сонсмоор санагдлаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ч энэ хуулийн төсөлд зөвлөмж өгсөн юм билээ?
-Том төслүүдээ урагшлуулах гэж байгаа гэдэг утгаараа батлагдаад гарах байх. Гэхдээ эндээс авах гурван сургамж бий.
Нэгдүгээрт, төсвөөс гадуурх төсөв. Олон улсын байгууллагууд үүнийг байнга шүүмжилдэг. Энэ хуулийг баталвал дахиад л шүүмжилнэ. Яагаад гэвэл нэг төсөвтэй байх ёстой гэх зарчим явж байтал төсөвт хамаарахгүй зардал гэх зүйлийг гаргаж ирээд байна шүү дээ. Гадаадын зээл учраас бид буцаагаад л төлнө. Түүнийг нь төсвөөсөө л төлнө. Зарлага нь төсвөөсөө гарна. Гүйцэтгэлийн явцад бичилтийн хувьд л төсвөөсөө гаргаж буй хэлбэр. Тэр нь гараад хол явчихгүй. Тэр зээлийг төлөх эх үүсвэр нь Монгол Улсын төсөв дээр бүрдээд Энэтхэгийн ЗГ-ын зээлийг Сангийн яам төлнө. Сангийн яам гэдэг бол Монгол Улсын төсөв.
Хоёрдугаарт, Энэтхэгийн ЗГ-ын зээлийн ашиглалт яагаад ийм удаан болчихсон юм бэ гэдэг асуудал. Аливаа том төслийг хэрэгжүүлэхдээ ямар эх үүсвэрээр шийдэгдэх вэ гэдгээ урьдчилаад огт ярихгүй байна. Бараг нэг сайд, даргын өрөөнд л яригдаад өнгөрч байна шүү дээ. Яагаад Энэтхэгийн ЗГ-ын 100 хувийн зээлээр барина гэж шийдсэн юм. Энэ бол олон эх үүсвэрээр шийдэж болох төсөл. Ялангуяа бүтээгдэхүүн нь дотоодын зах зээл дээр хангалттай борлогдохуйц бүтээгдэхүүн. Энэ бол соёлын бараа биш. Өдөр тутамд хэрэглэгдэх бүтээгдэхүүн. Тэгэхээр энэ үйлдвэрийг зөвхөн ЗГ-ын зээлээр бус хувийн хэвшил, олон улсын байгууллагууд гээд гурван талын оролцоотойгоор анхнаас нь байгуулж болох байсан. Цаашид маш олон төрлийн зээлийн шаардлагууд гарч ирнэ. Анх эл төслийг эхлүүлэхдээ олон эх үүсвэрээр бүрдүүлсэн байсан бол 1.6 тэрбум ам.долларын тухай ярих шаардлагагүй байсан. Олон эх үүсвэрээр бүрдүүлэх тусам зээлийн ашиглалт сайжирдаг.
Гуравдугаарт, энэ зээлийн танилцуулга дотор инээдтэй ч гэх үү сургамжтай ч гэх үү нэг зүйл бий. Ашиглаагүй зээлдээ хүү төлөөд байна гээд. Үнэндээ газрын тос боловсруулах үйлдвэрийг гурван жил барихгүй нь тодорхой л байсан шүү дээ. 2018 оноос хойш гэж үзвэл 8 жил өнгөрч байна шүү дээ. Дунд хугацааны төсөл манайд ингэж уддаг нь тодорхой байхад тэр зээлийг богино хугацаанд ашиглана гэж бодож гэрээ байгуулсан нь буруу. Анхнаасаа аливаа зээлийн гэрээг байгуулахдаа ашиглах хэмжээндээ тааруулж, үе шаттай зээлийн гэрээг байгуулах ёстой. Анх эхлэхдээ нэг тэрбум ам.доллар биш ашиглаж чадах хэмжээгээрээ хоёр хуваах байдлаар ч юм уу. Тэгж байж үлдэгдэл зээлдээ хүү төлөхгүй байхгүй юу. Анхнаасаа нэг тэрбум ам.доллар гээд гэрээгээ байгуулчихаар бид 100 саяыг нь ашиглалаа гэж бодоход 900 сая дээр нь 0.5-1 хувийн хүү төлөөд яваад байна шүү дээ. Олон улсын байгууллагууд үүнийг ингэж шийдэхгүй. Хэрэв Дэлхийн банктай энэ төслийг хамтраад явуулсан бол зээлийн эх үүсвэрийг нь зөв зохицуулаад шийдэж чадна. Бид зээлийн гэрээ байгуулахдаа маш гэнэн, нөгөө л гоё өөдрөг төсөөллөөрөө дөрөвхөн жилийн дараа бариад дуусчих юм шиг бодсоноос л ийм алдаа гаргасан. Тэгэхээр ашиглагдаагүй зээлийн үлдэгдэлд хүү төлж байна гэдэг бол бидний алдаа. Цаашид аливаа төслүүд дээр ямар эх үүсвэрээр, хэний оролцоотой барих вэ гэдгээ зөв шийдэх нь чухал. Мөн анхныхаа гэрээ хэлцэл дээр аль болох ашиглагдаагүй зээлийг бага байлгаж, хүү бага төлдөг байхаар тусгах хэрэгтэй. Ялангуяа Дэлхийн банк ийм асуудал дээр маш туршлагатай. Дараагийн удаад дахин нэг өөр төслийг төсвөөс гаргая гэдэг асуудал байж болохгүй. Манай гишүүд дараагийн төслүүд ингээд ороод ирэх вий гэдэг дээр хэлээд байна шүү дээ. Ийм нөхцөл байдал бий болгохгүйн тулд Сангийн яам, ЭЗХЯ дараагийн төслүүдийг яаж хэрэгжүүлэх вэ буюу төслийн менежмент гэдэг зүйл дээр маш том өөрчлөлт хийх хэрэгтэй. Түүнээс биш гэнэтхэн нэг өдөр унтаад сэрж байгаа юм шиг алх цохиод л Ган татлагат гүүр, богд уул тойрсон хурдны зам байгуулъя гээд давхиад ороод ирж болохгүй.
Аливаа том төсөл чинь маш урт хугацааны судалгаа шаарддагийн хувьд эх үүсвэрийн хувьд өөрт тохирсон хамгийн бага зардалтай, үр ашигтай хувилбарыг сонгох ёстой. Хамгийн гол нь тэгэхгүй байна. Нийслэл дээр хэрэгжүүлж байгаа төслүүдийг хар л даа. Хамгийн үнэтэй, монголд хохиролтой шахуу хувилбараар шийдэж орж ирж байна шүү дээ. Эндээс л бид сургамж авах ёстой.
Ярилцсанд баярлалаа

Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!