
УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн асуудлаар тавьсан асуулгын хариутай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын иргэд байгалийнхаа баялагтаа эзэн байх, улмаар үр өгөөжөөс АМНАТ болон бусад татварын болон ногдол ашгийн бодлогоор үр өгөөж хүртэх боломжийг маш олон жил ярьж байгаа. Дээрээс нь өнөөдөр төсвийн орлого хэдэн их наядаар тасраад байхад Засгийн газар АМНАТ-ийн асуудлыг явцуу эрх ашгийг хангах байдлаар өөрчилж, 22.5 орчим сая тонн нүүрсийг хөнгөлөлттэй АМНАТ-өөр экспортод гаргах замаар тодорхой эрх ашигт үйлчилж байж болзошгүй.
Монгол Улсын Дээд шүүх Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын хоёдугаар хавсралтаар баталсан жонштой холбоотой хэсгийг 6 сарын дотор шинэчлэх үүрэг өгсөн байдаг. Гэтэл үүнийг далимдуулаад Засгийн газар энэ оныг дуустал буюу дөрвөн сар үйлчлэх тогтоол баталсан. Үүгээрээ АМНАТ-ын аргачлалыг явцуу байдлаар өөрчилж, тодорхой компаниудад давуу байдал олгосон. Гэхдээ би энэ асуудал дээр компаниудыг буруутгахгүй. Компаниуд баталж өгсөн хууль журмынх нь дагуу л үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр Засгийн газраас баяр наадмын уур амьсгалтай байх үед буюу энэ оны наймдугаар сард Үндсэн хууль, Ашигт малмалын тухай хуулийг зөрчсөн хоёрхон өгүүлбэртэй тогтоолыг баталсан. Үүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Төсвийн хуульд нийцүүлэн шийдэх байсан. Энэ асуудлаар би асуулга тавьсан. Асуулгын хариуг харж байгаад ҮХЦ-д өгөх эсэхээ шийднэ. 30-40 цэцэрлэг барихтай дүйцэх 200 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх боломжийг хаасан тогтоол баталсан. Энэ нүүрсний хулгайгаас ялгаагүй.
Өнөөдөр биржийн дундаж үнэ тээвэртэйгээ 90.3 ам.доллар орчим байгаа бол хилийн цаана Ганцмод дээр 135 ам.доллар байгаа аж. Үүний зөрүү болох 46 ам.долларт АМНАТ-ийн 5 хувийг төлөхгүй байж болно гэсэн тогтоолыг гаргасан Г.Занданшатарын Засгийн газар гаргасан бөгөөд тонн тутамд 2-3 ам.доллар төлөх шаардлагагүй гэсэн тогтоол юм" гэв.