
Хотхоныхоо оршин суугчдыг хогоо ангилан ялгах соёлд уриалж, ангилсан хогныхоо мөнгийг хуримтлуулан СӨХ-ын ажилчдынхаа хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, хувцас, гутал зэргийг авч өгдөг "Залуус 1" хотхоны СӨХ-г UBN сайт онцолж, сурвалжиллаа.
"ЗАЛУУС 1" хотхоны СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Мөнхнэмэх 2021 оноос эхлэн хотхоныхоо оршин суугчдыг хогоо ангилан ялгах соёлд уриалж, шил, лааз, хуванцар савнуудыг ангилан ялгах зориулалтын хогийн савнуудыг хороолол дотроо байршуулсан байна.

Оршин суугчдынхаа ангилж ялгасан хогийг дахин боловсруулах цэгт тушааж, олсон орлогоо мөнгөний гахайнд хийж хуримтлал үүсгээд 4 жилийг үджээ. Тэд гахайгаа жилдээ нэг удаа буюу намар хичээл, сургууль эхлэх үеэр хагалж, СӨХ-ны ажилчдынхаа хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, хувцас, гутлыг нь бэлдэж өгдөг аж. Түүгээр ч зогсохгүй гэртээ телевизоргүй 3 ажилтандаа телевизор авч өгсөн гэх мэтээр хог ангилж, тушаасан мөнгөөрөө ажилчдынхаа нийгмийн асуудлуудыг шийдсээр өнөөдрийг хүрчээ.
"АНГИЛСАН ХОГ ТУШААСАН МӨНГӨ ИХ БИШ Ч МӨНГӨНИЙ ГАХАЙНД ХИЙГЭЭД БҮТЭН ЖИЛ ХУРИМТЛУУЛАХАД 2-3 САЯ ТӨГРӨГ БОЛООД ГАРЧ ИРДЭГ"

Энэ талаар "ЗАЛУУС 1" хотхоны СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Мөнхнэмэх, "Хогоо ангилахаас өмнө хог хаягдал маш их гардаг байсан. Өдөрт 2 удаа хог тээвэрлэдэг ч савнаасаа халиад хөглөрч, бутраад хэцүүддэг байлаа. Ангилж эхэлснээс хойш хогийн цэгт очих хогны хэмжээ тал хувиар буурсан. Үүнээс гадна бид ангилсан хогоо дахин боловсруулах үйлдвэрт тушаасан мөнгөө хуримтлуулж ажилчдынхаа нийгмийн хэрэгцээг хангадаг болсон. Ангилсан хог тушаасан мөнгө их биш ч мөнгөний гахайнд хийгээд бүтэн жил хуримтлуулахад 2-3 сая төгрөг болоод гарч ирдэг. "Та бүхний ангилсан хогийг тушаагаад СӨХ-ийнхөө 3 ажилтанд 32 инчийн зурагт авч өглөө. Ажилчдынхаа хүүхдүүдийн хичээлийн хэрэгсэл хувцас, гутлыг нь ингэж бэлдэж өглөө, үйлчлэгчдийнхээ нурууг амрааж, алжаал ядаргааг нь тайлах зорилгоор ийм массажны сандал авлаа" гээд оршин суугчдадаа тайлагнахаар баяртайгаар хүлээж авч, хогоо ангилан ялгах идэвх нь улам бүр нэмэгддэг" гэлээ.

"ХАВАР ХҮМҮҮС ЯДРААД ЭРЧ ХҮЧ НЬ БУУРДАГ ГЭЭД ТАМИР ТЭНХЭЭ САЙЖРУУЛАХ ВИТАМИН, БИЕД ХЭРЭГТЭЙ ЭМ ТАРИАГ МААНЬ ХҮРТЭЛ АВЧ ӨГДӨГ"
Харин тус СӨХ-нд 10 гаруй жил үйлчлэгчээр ажилласан Л.Энхтуяа, "Би хөл нь өвддөг хүүхэдтэй байсан. Тэр хүүхдийг минь гуравдугаар анги хүртэл нь хичээлийн хэрэгсэл, хувцас, гутал гээд хэрэгцээтэй бүх зүйлийг нь ангилсан хогны мөнгөнөөсөө бэлдэж өгдөг байсан. Энэ жилийн есдүгээр сарын 1-нд л гэхэд цэцэрлэгт явдаг ачид маань цүнх, ботинк, үзэг, харандаа гэх мэт бүгдийг нь өгсөн. Юмны үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа энэ үед ажилчдынхаа ар гэр, амжиргаанд дэм болдогт нь маш их баярладаг. Түүнээс гадна хавар хүмүүс ядраад эрч хүч нь буурдаг гээд тамир тэнхээ сайжруулах витамин, биед хэрэгтэй эм тариаг маань хүртэл авч өгдөг" гэв.


Өдөр бүр бидний хаясан хог хаана очдог вэ. Хогийн савандаа хийсэн мөчөөс бид мартдаг. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 300 гаруй тооно хог хаягдал үүсдэг ч үүний зөвхөн 15 хувь нь дахин боловсруулагддаг. Үлдсэн нь хогийн цэгт ил задгай шатаагдаж хөрс, агаар, усны бохирдлыг нэмэгдүүлсээр. Төрөөс бодлого гаргаж, хувийн хэвшил санаачилга гаргаж байгаа ч хог ангилан ялгах соёл иргэдийн дунд хангалттай төлөвшөөгүй хэвээр.
Ангилан ялгах нь жижиг дадал боловч энэ дадал нь хотын томоохон асуудлыг шийдэх түлхүүр. Хэрэв хүн бүр энэ энгийн дүрмийг мөрдвөл хогийн цэг рүү илгээгдэж буй хогийн хэмжээ багасахаас гадна олон асуудлыг боломжтойг дээрх жишээнээс харж болохоор байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!