
Хорь гаруйхан хоногийн өмнө сургуулийн босго алхаж, шинэ орчиндоо дасаж ядан бүлтгэнэж байсан 6 настнуудын сурагчийн амьдрал ямар байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийг зорилоо. Ангийн багшаас нь зөвшөөрөл авч, Б. Мөнх-Отгон багштай 1д ангид зочлов.
13.00 ЦАГ: ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ
Бид 6 настнуудын хичээл эхлэх цаг буюу 13.00 цагт сургууль дээр очиход нэг эгнээгээр жагсаж ороод нэг давхартаа гутлаа сольж байсан юм. "Есдүгээр сарын 1-нд гутлаа тайлж, өмсөж чаддаггүй хүүхдүүд олон байсан бол өнөөдөр бүгд багшийн тусламжгүйгээр гутлаа сольж, гадуур хувцсаа уутанд хийгээд анги руугаа гүйгээд орчихдог болсон" хэмээн ангийн багш нь Б.Мөнх-Отгон онцолж, хүүхдүүдээрээ бахархан ярьж байсан юм.
Хүүхдүүд гутлаа сольж, хувцсаа өлгөөд ангидаа орж тус тусын ширээндээ суулаа. Зарим нь хөөцөлдөж, арагшаа, урагшаа харан шуугилдаж байсан хүүхдүүд "Энэ цүнхнүүд хэнийх вэ. Хэн хэн цүнхээ мартчихав" гэх багшийн дуунаар намсаж, цүнхээ мартсан хүүхдүүд гараа өргөн босож цүнхнүүдээ авснаар хичээл эхэллээ.

Цэцэрлэгт унтаж, идэж, дуртай үедээ тоглож дур зоргоороо байсан зургаан настнууд ширээний ард 3-4 цаг тогтож суугаад багшийн хэлж байгааг ойлгоод хичээл хийх нь юу л бол гэсэн бодолтой очсон миний төсөөлөл бодит байдал дээр эсрэгээрээ байлаа. Анх орж ирэхдээ ам амандаа багшаа гэж орилолдож, хичээлийн дундуур босож гүйлдэж байсан 6 настнууд 3-хан долоо хоногийн дотор сурагчийн амьдралдаа дасаж, хичээлийн цагаар босож болохгүй, багшийнхаа хэлснийг сайн сонсоод хичээлээ л хийх ёстой гэсэн ойлголтоо бүрэн авч чаджээ. Хичээлд хэрэглэгдэх хэрэглэгдэхүүнүүдээ гаргаад ширээнийхээ буланд цэгцтэй тавихаас эхлээд гараа өргөж, нэг нэгээрээ асуулт асуух, зөв суух гэх мэт зөв дадалд суралцжээ.

6 НАСТНУУД: СУРГУУЛЬД СУРАХ ГОЁ БАЙНА. БИ ХИЧЭЭЛ ХИЙЖ ЧАДНА. ДААЛГАВАР ХИЙЖ ЧАДНА. БҮХ ЮМЫГ ХИЙЖ ЧАДНА
Бид сурагчдын төлөөллөөс сурагч болсон сэтгэгдлийг нь сонслоо.
1д ангийн сурагч М.Зэв: Сургуульд сурах гоё байна. Би хичээл хийж чадна. Даалгавар хийж чадна. Бүх юмыг хийж чадна. Сурагч болоод бүгдийг нь сурсан. Багшид хэлэх юм байвал гараа өргөнө. Сайн сонсохгүй бол чихээрээ ингэж сонсоно. Асуух юм байхгүй бол томоотой сууна. Манай ангийн зарим хүүхдүүд хичээл орж байхад анги дотор гүйгээд, чанга ярьдаг. Би "найзаа тэгж болдоггүй юм. Багш томоотой суу гэж хэлсэн" гэж хэлсэн гээд хэлдэг. Би багшийнхаа үгэнд сайн ороод хичээлээ хийгээд онц сурахыг хүсдэг. Том болоод цагдаа болно.

1д ангийн сурагч М. Жансу: Сургуульд орсон чинь гоё байсан. Гоё багштай уулзаж, гоё цүнх үүрээд, гоё хүүхдүүдтэй яваад гоё байгаа. Гэхдээ хэцүү юм бас байна. Би А үсэг, Б үсэг хийж чадахгүй. Хэцүү юм хийдэг.

1д ангийн сурагч Б. Итгэл: Сурагч болох гоё байна. Бөөрөнхийлөх жаахан хэцүү байна. Бас гэрийн даалгавар хийх хэцүү. Өөр хэцүү юм байхгүй. Хичээл хийх гоё байгаа.

1д ангийн сурагч Б. Буянзаяа: Би сургуульд орсондоо баяртай байна. Цаас хайчлах нь хэцүү байна. Миний гэрийн даалгавар гоё. Сургуульд оруулсан багшдаа баярлалаа. Бас ээж, аавдаа баярлалаа. Сургуульд ороод юм будах, навч наах, хичээл хийхийг сурсан. Бас 3 шүлэг цээжилсэн.

1д ангийн сурагч Б.Эрдэм: Надад сургууль жоохон таалагдаж байна. Зарим юмыг нь хийж чадахгүй болохоор жоохон л таалагдаж байгаа. Бас заримдаа юмнуудаа мартаад байгаа. Өнөөдөр өөр гутал өмсөөд ирсэн. Бас цэнхэр цамц өмсөх ёстой байсан чинь анай маань санаандгүй цагаан цамц өмсүүлчихсэн. Ганцаараа цагаан цамцтай ирчихсэн байна.

1д ангийн сурагч Ц.Анунгоо: Сургуульд ороод хичээл сурах гоё санагдаж байгаа. Ганцхан хэцүү юм байгаа. Гэрийн даалгавар хийх хэцүү байна.

1д ангийн сурагч А.Очирбилиг: Багшаараа хичээл заалгах гоё байна. Гэртээ очихоор ээж маань "Гэрийн даалгавараа хийгээч, буруу хийгээд байна шүү дээ" гээд жаахан л загнадаг. Тэгэхээр надад жаахан муухай санагддаг. Гэхдээ хичээл хийх гоё. Надад таалагдаж байгаа.

Шинэхэн сурагчид ийнхүү сэтгэгдлээ хуваалцлаа. Сургуульдаа, багшдаа, ангийнхандаа дуртай. Сурагчийн амьдрал сонирхолтой байгаа нь харцнаас нь хариултаас нь тодорхой харагдаж байв. Гэртээ байхдаа ээж, аавдаа эрхэлж, эрх дураараа тоглодог байсан тэдэнд сургууль дээрээ хичээл хийх нь сонирхолтой байгаа ч гэртээ очоод бас гэрийн даалгавар хийх ёстой болсон нь танил биш бага зэргийн тааламжгүй байгаа нь илт байлаа. Ангийн багшаас нь хүүхдүүддээ хэр их даалгавар өгдөг талаар нь тодруулахад, "Одоохондоо маш бага даалгавар өгч байгаа. Сургууль дээр хичээлээ хийх ёстой гэсэн ойлголттой болсон ч гэртээ очоод бас гэрийн даалгавраа хийж, өдөр үзсэн хичээлээ бататгах ёстой гэдгээ одоохондоо сайн ойлгохгүй байх шиг байна. Удахгүй дасаад асуудалгүй хийдэг болчихно. Хамгийн гол эцэг, эхчүүд гэрийн даалгавар хийлгэхдээ загнаж болохгүй. Аль болох магтаад, сайн ярилцаж урам өгөөд эвлэж хийлгэх хэрэгтэй. Тэгж чадвал гэрийн даалгавараа дуртай хийдэг болчихно" гэлээ.

Сурагчдын үдийн хоолны цаг болж, ангид хоол орж ирэхэд хүүхдүүд хэнээр ч хэлүүлэхгүйгээр дэвтэр, балаа цүнхэлж, ширээгээ бэлдэж эхлэв. Тэднийг үдийн хоолоо идэх зуур бид ангийн багш Б. Мөнх-Отгонтой цөөн хором ярилцаж амжсан юм.
-ХҮҮХДҮҮД МААНЬ "БАГШАА ТЭВЭРЬЕ. ТА ГОЁ ХАРАГДАЖ БАЙНА. БИ ТАНД ХАЙРТАЙ" ГЭХ МЭТЧИЛЭН ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛДЭГ. ЗАРИМДАА "ТА ЯДАРЧИХЛАА ЖААХАН СУУГААД АМАРЧИХ" ГЭХ МЭТЭЭР НАМАЙГ ХАЛАМЖИЛДАГ-

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Б.Мөнх-Отгон гэдэг. Боловсролын салбарт 21 дэх жилдээ ажиллаж байна. Энэ анги маань миний тав дахь анги. Өмнө нь 4 тавдугаар анги төгсгөсөн.
-Шинэ сурагчдаа хүлээж авсан. Сэтгэгдэл хэр байна?
-Би жирэмсний амралттай байж байгаад энэ намраас ажилдаа орсон. Ажилдаа орохдоо шинэ сурагчид хүлээж авна гэж бодох төдийд л догдолж байсан. Тийм ч учраас хүүхдүүддээ гоё сэтгэгдэл үлдээж, дурсамжтай угтаж авахыг хичээсэн. Удаан бодсоны эцэст ангидаа ангидаа орж ирэхэд нь амьд цэцгийн баглаа, үлээдэг тоглоом тавиад угтсан. Ээж, аавтайгаа хөтлөлцөж орж ирээд цэцэг тоглоомоо хараад баярлаж, хөөрч байгааг нь харах тэр мэдрэмж надад ч бас маш гоё сэтгэгдэл үлдээж, дурсамж бүтээсэн.
-Ээж, аавынхаа өврөөс гараагүй шахам 6 настнуудтай ажиллах амар биш юм шиг санагддаг. Тэгээд бүр 1 хүүхэд биш 30-40 хүүхдийг хичээл хийх дадалд сургаж, төлөвшүүлнэ гэдэг амаргүй байх?
-6 настнуудтай ажиллах маш гоё. Цагаан цаас л гэсэн үг. Манай анги бол 40 сурагчтай. Анх ирэхдээ гутал хувцсаа сольж чаддаггүй. Сургуульд сурах, олон цагаар удаан сууж хичээл хийх талаар ямар ч ойлголтгүй хүүхдүүд ирээд хэдэн талаас багшаа, багшаа гээд л нэгэн зэрэг орилдог байсан. Одоо бол өөрчлөгдсөн. 3-хан 7 хоногт маш олон зүйлийг сурч, өөрөө өөртөө үйлчлэх чадварт суралцаж байна.

-ХҮҮХДИЙН ЦАГААН ЭНЕРГИ ДУНД ЗАЛУУЖДАГ БИ ИХ АЗТАЙ ХҮН-
-Танд их дасаж, зарим нь бүр эрхэлж байгаа харагдаж байна. Та чинь бараг 40 хүүхэдтэй болчихсон юм биш үү?
-Багш нар хоёр дахь ээж нь болдог. Уйлуул аргадна. Тэвэрье гэвэл тэврүүлээд, үнсье гэхээр нь үнсүүлнэ. Сүүлийн үеийн хүүхдүүд нэг давуу тал нь их нээлттэй болсон. Эхний 7 хоног бол бишүүрхээд багшдаа ирдэггүй байсан. Одоо бол хүүхдүүд маань ангидаа, багшдаа, ангийнхандаа дасаад "Багшаа тэвэрье. Та гоё харагдаж байна. Би танд хайртай" гэх мэтчилэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болчихсон. Зарим хүүхдүүд нь бүр "Та ядарчихлаа жаахан суугаад амарчих" гэх мэтээр халамжилдаг. Хүүхдүүдийн маань нээлттэй байдал, хайр халамж, бүх зүйлийг танин мэдэх гээд сонирхож асууж байгаа нь хамгийн ихээр аз жаргалыг мэдрүүлдэг. Ер нь хүүхдийн цагаан энерги гэдэг маш гоё. Зарим хүмүүс "Өөр өөр орчинд төрж, өссөн, өөр өөр төлөвшил хүмүүжилтэй учраа мэдэхгүй хүүхдүүдтэй ажиллах хэцүү байна уу" гэдэг. Би тэгж боддоггүй. Харин ч эсрэгээрээ хүүхдийн цагаан энерги дунд залууждаг их азтай хүн гэж боддог.
Биднийг ийн ярилцах зуур хүүхдүүд үдийн хоолоо идэж дуусаад, хичээл тарах цаг ч дөхсөн байв. Багш "Хичээлийнхээ ширээг арчиж, цэвэрлээд үргэлжлүүлэн хичээлээ хийх үүрэг өгснөөр анги нам гүм болов. Хүүхдүүд хамгийн зөв бөгөөд чухал дадал болох багшийнхаа үгэнд сайн орж, хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн дадалд бүрэн суралцжээ. Хамгийн гол нь тэдний харцнаас айж, эмээж, бишүүрхсэн байдал бус аз жаргалтай инээмсэглэл, бүх зүйлийг сонирхож, шинэ зүйл сурч мэдэхээр мэрийж буй байдал уншигдаж байв.
Багшийн ярианаас ч хүүхдүүдээ гэх чин сэтгэл. Хамгийн гол нь хайр мэдрэгдэж байсан нь 6 настнуудын сургуульдаа хурдан дассан шалтгаан болов уу. Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногийг булан, тохой бараадан, хаалга ширтэж, зарим нэг нь доголон нулимстай өнгөрүүлсэн 1д ангийнхан өнөөдөр сургуульдаа дасаж, багшдаа хайр зарлан хичээл тарах цаг болж, аав, ээж нь ирснийг ч анзаарах сөхөөгүй суралцаж байна.
Э.Ариунтөгс

