
Сербийн Белград хотноо зохион байгуулагдсан Fissure Playground 2 олон улсын томоохон тэмцээний Final-д Монголын шилдэг CS2-ийн баг The MongolZ Бразилын хүчирхэг FURIA-тай аваргын төлөө хүч сорилоо.
Шигшээ тоглолт таван map-аар үргэлжилж, хоёр баг ээлжилж давамгайлсан ширүүн өрсөлдөөн өрнүүлэв. Эцсийн дүнд The MongolZ 2:3-ын харьцаагаар ялагдал хүлээж, тэмцээний дэд байр эзэллээ.
Ингэснээр FURIA баг аваргын цомыг өргөсөн бол The MongolZ дэлхийн шилдгүүдийн эсрэг өөрсдийн өндөр ур чадвар, бэлтгэлээ дахин харуулж чадсан юм.
Тус тоглолтын дараа FURIA багын Домогт тоглогч FalleN, “22 жил энэ тоглоомыг тоглож байна. Карьерынхаа энэ үед дахин шилдэг багийн нэгэн хэсэг байх боломжтой байна гэдэг гайхалтай. Амьдрал амаргүй, гэхдээ цохилт болгонд урагшлах ёстой. Энэ бол үнэхээр үзэсгэлэнтэй амьдрал — тоглоом тоглож, мөнгө олж, дэлхийгээр аялах боломжтой. Гэхдээ ихээхэн золиос гардаг. Жишээлбэл, KSCERATO хоёр хоногийн өмнө тэмцээний үеэр өвөөгөө алдсан, YEKINDAR хуримд очиж чадсангүй, би өөрөө үргэлж гэр бүлээсээ хол явдаг. Та бүхэн зөвхөн биднийг тоглож байгаагаар хардаг, харин цаана нь ийм олон зүйл өрнөдөг.” гэв.
Э.Ариунтөгс