Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Иргэдийн айдас ба төрийн амлалт дундах эрчим хүчний салбар

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 4 секунд

Улаанбаатарын хахир өвөл айсуй. Түгжрэл, утааны дарамтад хэдийнэ дассан иргэдийн санааг одоо цахилгаан, дулааны хязгаарлалт зовоож эхлэв. Өдөржин түгжрэлд саатаж, утааг тэссэний эцэст гэртээ ирэхэд хүйтэн, харанхуй орчин угтахвий гэх айдас иргэдийн хамгийн том зовнил болж байна.

Дотоодын цахилгаан станцууд өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж дийлэхээ больсон. Засгийн газар, салбар яамд гээд холбогдох байгууллагууд арга хэмжээ авч байгаа ч бодит үр дүнг иргэд төдийлөн мэдэрсэнгүй.

Тиймээс бид энэ удаагийн сурвалжилгаараа иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ямар байгаа, энэ өвөл цахилгаан, дулаан хязгаарлах эрсдэл бодит уу. Үнэ дахин нэмэгдэх эсэх асуудлаар талуудын байр суурийг тодрууллаа.

Цахилгаан тасармагц иргэдийн өдөр тутмын амьдрал бүхэлдээ доголддог. Хоол хийх боломжгүй болж, цахилгаан шат гэнэт унтрахаас гадна цахилгаан хэрэгслүүд шатаж, айл өрхөөс эхлээд байгууллагууд хүртэл ихээхэн хохирол амсдаг тухай иргэд ярилаа.

Иргэн Б.Мөнхнэмэх: Үнэхээр тог нь дийлэхгүй болоод байна уу, даралт нь дийлэхгүй болоод байдаг юм уу, эрчим хүчээ өгч чадахгүй байгаад байдаг юм уу. Энийг үнэндээ мэдэх, ойлгох юм бол байхгүй байна. Гэхдээ ЗГ, ЭХЯ-аас ямар нэгэн байдлаар мэдээлэл хийгээгүй байгаа. Өвлийн цагт цахилгаан, дулаан хязгаарлана гэж яригдаж байгаа нь иргэд бидэнд маш том дарамт учруулж байна. Манай байрны халуун ус даралт муутай, бүлээвтэр л ирдэг. Халаалт ч адил тааруу. Конторт хандахаар “ДЦС-3”-ын асуудалтай холбоотой’ гэж тайлбарладаг ч үнэндээ түр аргацаасан хариулт мэт санагддаг.

Ер нь өвлийн улиралд цахилгаан, дулааныг хязгаарлана гэдэг бол иргэдийг хавчиж, бухимдуулж буй хэрэг. Хэрэв үнэхээр ийм арга хэмжээ авах бол хүмүүс ихээхэн бухимдал илэрхийлэх нь ойлгомжтой. Үнэхээр систем нь ачааллаа дийлэхгүй байгаа юм уу эсвэл эрчим хүчээ зохицуулж чадахгүй байна уу гэдгийг бид мэдэхгүй. Ямартай ч энэ бүхний үр дагаврыг энгийн иргэд л үүрч байна” гэлээ.

"Энэ өвөл эрчим хүчний дутагдал, хомсдол үүсгэхгүй байхад бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа"

“Тоггүй болчихвол яах вэ, халаалт зогсвол бид яаж өвөлжих вэ”. Энэ бол өдрөөс өдөрт нийслэлчүүдийн дунд эргэлдэж буй хамгийн том асуулт.

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий “Энэ өвөл тог тасрах уу, дутагдалд орох уу гэдэг яриа сүүлийн хэдэн жил иргэдийн дунд яригдах болсон. Эрчим хүчний шинэ төсөл, цахилгаан станц ашиглалтад орлоо гэсэн мэдээллүүд байгаа шүү дээ. Өнгөрсөн жил Дорнодын 50 МВт-ын, Багануурын 50 МВт-ын баттерей, Сонгины200 МВт-ын баттерей ашиглалтад орсон. Харин асуудлын гол хариулт нь хэрэглээ маш өндөр хурдтайгаар ихсэж байгаатай холбоотой. Энэ нь манай зах зээл тэлж байна гэсэн үг.

Тэгэхлээр шинээр ашиглалтад орж байгаа төслүүд хэрэглээнийхээ өсөлтийг бүрэг гүйцэхгүй байна.. Гэхдээ энэ өвлийн тухайд, ямар нэг эрчим хүчний дутагдал, хомсдол үүсгэхгүй байх талаар бид бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Тухайлбал, Бөөрөлжүүтэд 150 МВт-ын төслийг энэ оны 12 сард ашиглалтад оруулна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотод ч гэсэн ямар нэг дулаан хангамжийн дутагдалд оруулахгүй байх бүх техникийн арга хэмжээг авсан. Мөн энэ онд багтаж ашиглалтад оруулах цахилаан станцуудыг ямар нэгэн туршилтгүйгээр ашиглалтад оруулна гэсэн зүйл байхгүй. Ашиглалтад оруулахаас өмнө хоёр сарын хугацаанд туршилт хийнэ. Тэр хоёр сарын хугацаанд чиглэл чиглэлээр мэргэжилтнүүд туршилт хийж бүх эд ангийг шалгаж үзнэ” гэлээ.

Манай улсын 788 мянган ахуйн хэрэглэгчдийн 45 хувь нь 150 кВт.ц хүртэл, 40 хувь нь 150-300 кВтц, 15 хувь нь 300 кВт.-аас дээш цахилгааныг тус тус хэрэглэдэг. Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба 1 сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан нь 15,887 төгрөгийн өөрчлөлт орж 52,107 төгрөг болох тооцооллыг ЭХЗХ-оос гаргасан байдаг.

Айл өрхийн хэрэглээний шатлалаас хамааран үнэ 30-85 хувиар нэмэгдсэн

Тэгвэл цахилгааны үнэ тарифын талаар ЭХЗХ-ны Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган "Өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс цахилгаан эрчим хүчний үнэ 30 хувиар нэмэгдсэн. Айл өрхүүдийн хувьд хэрэглээний шатлалаас хамааран 30-85 хувиар нэмэгдсэн.

Цахилгааны бодит өртөг 280 төгрөг байсан. Дулааны эрчим хүчний үнийг өнгөрсөн тавдугаар сарын 16-ны өдрөөс нэмэх шийдвэр гарсан байсан боловч ЗГ-ын гуравдугаар сарын 312-р тоот тогтоолын дагуу 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хойшилсон.

Дотоодын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал хэрэглээний өсөлтийг хангаж дийлэхгүй болсон. Үүнийг хэрэглэгчид ч мэдэж байгаа. Хэрэглээний өсөлтийг шинэ эх үүсвэр ОХУ-ын эрчим хүчний өсөлтөөр нөхөж байна. 2024-2025 оны хугацаанд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нэгдүгээр блок, Тосонцэнгэлийн цахилгаан станц мөн нийслэлээс хэрэгжүүлсэн 50 МВт-ын зай хураагуурын цахилгаан станц гэсэн гурван шинэ эх үүсвэр ашиглалтад орсон.

Сүүлийн үед цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдсэн тухайн эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгө юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байна гэх шүүмжлэлүүд байгаа. Олон нийт буруу ойлголттой байна. Цахилгаан эрчим хүчний тарифын өсөлтөөс 550 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр төвлөрөөгүй. Оны эцэс гэхэд 546 тэрбум төгрөгийн нэмэлт орлого бүрдэхээр тооцоололтой байгаа. Оны эхний хагас жилийн эрчим хүчний тооцоололтой санхүүгийн тайлангаас үзэхэд 274 тэрбум төгрөг тарифын өсөлтөөс нэмэлт орлого олсон гэх тооцоолол гарсан. Зарцуулалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр ЭХРҮХ-нд дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн оны эхний хагаст ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын байгууллага, Үндэсний аудитын газраас тарифын зохицуулалттай холбоотой томоохон хэмжээний хяналт шалгалт хийгдсэн. Үүнд бүх зарцуулалтын талаар мэдээллийг өгсөн" гэв.

Иргэдийн айдас цахилгаан, дулаан тасарвал яах вэ гэдэгт чиглэж байна. Харин төрийн хариулт “Тасрахгүй, дутагдал гарахгүй” гэх. Гэвч хэрэглээний тасралтгүй өсөлт, үнэ тарифын дарамт, станцуудын хүчин чадлын хязгаар зэрэг нь бодит эрсдэл хэвээр үлджээ.

“Эрчим хүчний хомсдол үүсэхгүй” гэх төрийн амлалтыг иргэд энэ өвөл хэрхэн мэдрэх нь хамгийн том шалгуур болох нь тодорхой.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өдөртөө 16 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өдөртөө 16 хэм дулаан
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.