Ардын намын улс төр хүндэрч энэ хэвээрээ удвал жинхэнээсээ МАН-ын биш Монголын зовлон болох замдаа орлоо. Өөрөөр хэлбэл, тун ойрын хугацаанд Бага хурал, Их хурлуудаа хуралдуулахгүй бол тэхий голоороо хуваагдсан байгаа МАН-ынхан төсвөөр дамжуулж парламент дээр улс төр хийхэд бэлэн байна. Байдал хурцадвал засгийн хувь заяа ч яригдах нөхцөл байдал бүрдлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар хоёр талд гарч нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж магадгүй байна.
Энэ талцал дээр Ардын намын бүлгийн гишүүд дундуураа хуваагдаж байлдааны бэлэн байдлыг дор бүрнээ өрөлт авав. Гэхдээ үүнд нэг их битгий санаа зовоорой. Хэн ялсан, эсвэл ялж буй талд нь маш хурдтайгаар хадгаа аваачиж тавьдаг соёл Ардын намд бий. Тиймээс “бурхдын зодоон” аль хүртэл үргэлжлэх вэ гэдэг л сонин байна.
Тэгвэл энэ “зодооны” хажуугаар хоёр тал болж хуваагдсан Ардын намынхан их сонин зүйлээр нэгийгээ “будаж” байна. Тэр нь “Женко”.
Сонин байгаа биз. Ардын намын дотоод талцал хуваагдлын гол шалтгаан нь “Женко” Х.Баттулга болно гэдэг. Ерөнхийлөгчийн талынхан дүү нартаа уурлаж буй үндсэн шалтгаан нь “Та нар Женкотой нийллээ” гэдэг уур уцаар. Нүүрээ гаргаж хэлээгүй ч сошиалд өрнүүлж байгаа акц нь бүхэлдээ энэ өнгө аяс руу чиглэж байна. Нээрээ ч “80-аад оныхны” төлөөллийн “OYUK TEAM”-д багтаж байгаа залуусыг харахад яаж ийж байгаад л энэ хүнтэй үйл хэрэг, ах дүү амраг садангаараа холбогдож харагдаад байгаа нь нуух аргагүй үнэн.
Тэгвэл хоёр хоногийн өмнөөс эхлээд “Би Женкод хайргүй” гэх улсын уралдаан улстөрчдийн өрнөж эхлэв. Мэдээж Ардын намыг тараана гэж хөмхийгөө зууж явсан хүнтэй хэн ч холбоотойгоор намынхандаа харагдахыг хүсэхгүй. Энэхүү улсын уралдааны эхний байранд лав хотын дарга Х.Нямбаатар орсон. Саяхан л төмөр замын нэвтрүүлэгт нь хамт ороод Х.Баттулгын талыг тууштай баримтлах болсон З.Энхболдод өргөн нэвтрүүлгийн бүх сувгаар талархаад сууж байсан хүн. Гэтэл МАН-ын даргын төлөөх “зодоон” эхлэхтэй зэрэгцэж “Цоохор дээлтэй хүнтэй нэг тал болмооргүй байна” гэж жиргэв. Урвачихсан уу, жүжиглэж байна уу, мэдэхгүй.
Х.Нямбаатарын араас “Би Женкод хайргүй” улсын уралдааны хоёрдугаар байрыг энэ намрын хамгийн том “зодоонтой” киноны гол дүр эзэллээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Х.Баттулгын эсрэг сөрөн зогсож, түүний хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, намаа татан буулгах хэмжээний асуудлыг даван гарч байсан” хэмээн байр сууриа илэрхийлэв. Нүүрс хулгайн сонсголын үеэр холбоотой гэдэг сэжим яригдсан.
Ингээд МАН-ын даргын асуудалд сайн, муу талаараа өнөөх "Женко" Х.Баттулга нөлөө үзүүлээд эхэллээ.
Ер нь Д.Амарбаясгалан, Х.Нямбаатараас эхлээд бараг бүх МАН-ынхан “Женко бол баба. Гэмт хэрэгтэн” гэж дууддаг. Гайхалтай нь хэн ч өнөөдрийг хүртэл хэрэг төвгийг нь шалгуулах чиглэлд анхаардаггүй. Сая Н.Учрал АТГ-т баахан бичиг цаас аваачиж өгсөн. Үүнээс өөр үнэндээ ямар ч үйлдэл МАН-аас гараагүй. Х.Нямбаатар л гэхэд экс Ерөнхийлөгчөөсөө алдагдсан боломжийн 80 их наядыг нэхэмжлэх ёстой гэж яг гурван жил, нэг сарын өмнө ярьчихаад өнөөдрийг хүрлээ. 80 их наяд байтугай 8 төгрөг ч нэхэмжилсэнгүй.
Өөрөөр хэлбэл, МАН-ын дотоод зодооны гол хэрүүлийн бай нь АН-ын “Женко” байгаа нь үнэхээр хоржоонтой. Энэ хүн үнэхээр улс төрийн эвгүй дүр мөн үү гэвэл мөн аж. Харин гэмтэй юу гэмгүй юу гэдгийг нь шийдэж өгөх сонирхол МАН-д лав алга. Ямар ч арга хэмжээ авахгүй байгааг нь харахаар гэмгүй юм шиг. Амтай болгон нь “Женко бол муу хүн” гээд дайраад байгааг нь сонсохоор гэмтэй ч юм шиг.
За, ямар ч байсан “Би Женкод хайргүй” улсын уралдааны гутгаар байрын эзнийг хайж байна.