Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг шуудай хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр худалдаална гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 3 секунд

Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон шахмал түлш хэрэглэнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь буюу 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас, 28.9 хувь нь тээврийн хэрэгслээс, 15.5 хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэрээс үүдэлтэй байдаг.

Өнгөрөгч 2024-2025 оны халаалтын улиралд нийслэлд 600 борлуулалтын цэгээр нэг шуудай түлшийг 3750 төгрөгөөр худалдаалж, 540 мянган тонн шахмал түлшээр өвлийг давжээ. Энэ онд буюу 2025-2026 оны халаалтын улиралд 40 мянган тонн мидлинг, мөн импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг авч, нийт 340 мянган тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ 3750 төгрөг, нэг шуудай хагас коксон шахмал түлш 5000 төгрөг байна.

Хэрэглэгчид есдүгээр сарын 15-наас эхлэн өмнө нь хэрэглэж байсан “Сайн” карт болон “Хотула” аппликейшнийг ашиглан нүүрсээ худалдаж авна. Харин арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжих аж.

НЗД-ын орлогч А.Амартүвшин “Хагас коксон шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлэхээсээ өмнө бид ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон Хятад, Орос, Солонгос зэрэг улсын лабораторид туршилт хийлгэсэн. Лабораториудаас ирсэн хариуг товч танилцуулъя.

Хагас коксон түлшний хүхэрлэг хийн хэмжээ сайжруулсан түлшнийхээс 89.2 хувиар бага байна. Мөн азотын исэл 72.6 хувиар, угаарын хий 24.5 хувиар, нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 68 хувиар бага байгаа юм. Хагас коксон түлш түлснээр агаарын бохирдол 45-50 хувь хүртэл буурна.

Улаанбаатар хотод 172 мянган айл нүүрс түлдэг. Хичээлийн шинэ жил эхэлсний дараа 15-20 мянган өрх нэмэгддэг. Хагас коксон түлш нь сайжруулсан түлшнээс илүү удаан хугацаанд илчээ барьдаг. Уурын зуух, нам даралтын зуухуудад түүхий нүүрс ашигладаг ААН-үүдийг ул ширмээ сайжруулах, мидлинг, хий, цахилгаан руу шилжүүлэх хугацаа өгсөн. Энэ галлагааны улиралд Улаанбаатар хотод түүхий нүүрс огт нэвтрүүлэхгүй. 2024-2025 оны өвөл 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн. Энэ нь 300 мянган тонн хагас коксон түлш хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдол үүсгэж байсан” гэлээ.

СБД-т 10 сургууль, 16 цэцэрлэгийн дээвэр, цахилгаан дулааны шугамыг засварлажээ
СБД-т 10 сургууль, 16 цэцэрлэгийн дээвэр, цахилгаан дулааны шугамыг засварлажээ
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.