
Хүүхэд бүрийн догдлон хүлээдэг 9-р сарын нэгэн болоход 20 хүрэхгүй хоног үлдэв. Томоохон зах, худалдааны төв, олон хүн цуглардаг төв талбайнуудад хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа гарчээ. Тэгвэл энэ жилийн сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэгдэхүүний үнэ ханш хэрхэн өөрчлөгдсөн талаар бид сурвалжиллаа.
Нийслэл хотод шинэхэн өглөө эхэлж, ээж, аавынхаа гараас хөтлөн инээмсэглэл тодруулсаар алхах хүүхдүүд хичээлийн бэлтгэлээ хангахаар явж байна. “АСА арена гадна талбай” буюу бидний хэлж заншсан “Фантам”-д худалдааны асрууд эгнэж, ширээн дээр шинэ дэвтэр, өнгийн харандаа, олон янзын зурагтай хичээлийн цүнхнүүд өрөөстэй харагдана. Худалдагчийн “Манай цүнх, хэрэгсэл чанартай, сайн” гэх яриа, эцэг эхчүүдийн “энэ ямар үнэтэй вэ” гэх асуулт тод сонсогдоно.

Дэвтэр дунджаар 4,00–5,000 төгрөгийн хооронд байна, өнгийн харандааны иж бүрдэл 8,000–25,000 төгрөг. Харин бага ангийн хүүхдийн цүнх 95,000-110,00 мянган төгрөг, дунд ангийнх 100 мянгаас дээш үнэтэй байна
Худалдаа эрхлэгчид “өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад зарим барааны үнэ 10–20 хувь өссөн. Гэхдээ үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа учраас бараагаа аль болох хямд байлгахыг хичээж байна” гэв.

Иргэн: Манайх Орон нутгаас ирж хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлддэг. Энэ жил дунд хүү маань нэгдүгээр ангид орж байгаа. Хоёр хүүхдийн хичээлийн хэрэгсэл, нэг хүүхдийн цэцэрлэгийн хэрэгсэл бэлдэнэ. Цэцэрлэгийн хүүхдийн бэлдэх юмыг цаанаас нь хэлж өгдөг учир илүү өндөр дүнтэй гардаг. Сая хоёр хүүдээ цүнх авахад нийлээд 300 гаруй мянган төгрөг болж байна. Одоо хүүхдүүддээ дүрэмт хувцас авахаар явж байна. Хүүхдүүд хурдан өсдөг учраас жил бүр шинээр дүрэмт хувцас авах болдог. Гурван хүүхдэдээ нийт хоёр сая орчим төгрөгт бүх юмыг бэлдэж өгөхөөр тооцоолсон. Аль болох чанарыг нь харж байгаад боломжийн үнэтэй, хүүхдүүддээ таалагдсан зүйлс сонгоод явж байна. Өнгөрсөн жил арай хямд байсан зарим хэрэглэгдэхүүн энэ жил үнэ өсжээ. Угаас эрэлтээ дагаад зах зээлийн зарчмаараа үнэ нэмэгддэг байхыг үгүйсгэхгүй.
-Хичээлийн цүнх 65,000-260,000 төгрөгийн хооронд худалдаалж байна-

Үнийн судалгаа хийхээр цааш явтал төрөл бүрийн цүнхний худалдаа эгнэж байлаа. Цүнхний худалдаан дээр хүмүүст цүнхээ танилцуулан зогсох худалдаачин охинтой хэсэг ярилцахад: “Энэ жил хүмүүс үнэ гэхээсээ илүү чанарт анхаарч байна. Эцэг, эхчүүд хүүхдэдээ хөнгөн, ус бороо чийг нэвтрүүлдэггүй цүнх сонгож худалдан авах нь их болсон байна. Жишээ нь манайд нэгдүгээр ангийн хүүхдийн нурууны стандартад тохирсон загвар өнгөний сонголттой цүнхнүүд, ахлах дунд ангийн цүнхний сонголт олон. Бага ангийн хүүхдийн чанар материал сайтай, цацруулагчтай цүнх 95,000-135,000 төгрөгийн хооронд, дунд анги, ахлах ангийн цүнх загвар бүрээсээ хамааран 90,000-250,000 хооронд байна. Худалдан авагчид захаас илүү үзэсгэлэн худалдаанууд хямд байна гэж хэлдэг” хэмээсэн юм.

Худалдаа эрхлэгч: Жилээс жилд хичээлийн хэрэгслийн үнэ бага зэрэг өсдөг. Энэ жил тодорхой хэмжээнд өссөн. Нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл дунджаар 80,000-90,000 мянган төгрөгийн хооронд байна. Худалдан авагчид чанартайг сонгон авбал 100 гаруй мянган төгрөг болдог. Зөвхөн гол хэрэгцээний зүйлсээ бэлдэхэд 50000-60000 төгрөг болж байна. Би энэ үзэсгэлэн худалдаанд дөрөв дэх жилдээ оролцож байна. Хүмүүс боломж бололцоогоороо авдаг. Зарим нь чанар харна. Зарим нь боломжийн үнэтэйг хайна. Жил болгон болдог үзэсгэлэн худалдааны давуу тал нь өргөн сонголтой хямд үнийн өрсөлдөөнтэй байдгаараа онцлог. Мөн манайд зарагдаж байгаа бүх дэвтэр үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байгаа. Бага ангийн хүүхдийн хэрэглэгдэхүүн ихэнхдээ 100 гаруй мянган төгрөг болдог бол ахлах, дунд ангийг сурагчдын хэрэглэгдэхүүн багасч арай хямд болдог. Цэцэрлэгийн хүүхдийн хэрэглэгдэхүүн нэр төрлөөс хамааран олон ширхгээр авдаг тул үнийн дүн өндөр гардаг, багадаа 140,000 мянган төгрөгөөс дээш дүнтэй болдог гэв.
Ихэнх худалдаа эрхлэгчид дэвтэр болон дүрэмт хувцсыг үйлдвэрийн үнээр зарж байгаа гэдгээ хэлж байв. Шинэ хичээлийн жил эхлэх мөч ойртох тусам эцэг эхчүүдэд санхүүгийн ачаалал нэмэгдэж буй нь үнэ ханшийн өсөлтөөс тодорхой харагдана. Гэсэн ч үзэсгэлэн худалдаа нь хэрэглэгчдэд нэг дор олон төрлийн сонголттой, харьцангуй хямд үнээр хүрч байгаа нь давуу тал аж.
Үзэсгэлэнд үйлдвэрийг үнээр дүрэмт хувцсаа борлуулж буй олон байгуулга байлаа.

“Шилмэл загвар” ХХК-ийн худалдааны ажилтан: Жил бүр хамгийн их хамгийн эхэнд зарагддаг нь бага ангийг дүрэмт хувцас байдаг. Энэ жил ч мөн ялгаагүй бага ангийн дүрэмт хувцас ихээр зарагдаж байна. Манайх өнгөрсөн жилээс үнээ нэмээгүй зарж байгаа. Боловсролын яамнаас ямар загвар гаргаж өгсөн яг тэр загвараар үйлдвэрлэдэг.

Түгээмэл хэрэглэгддэг хичээлийн хэрэгслийн үнийг өмнөх онтой харьцуулсан үнийн судалгаа:

М.Ариунжаргал