УИХ-ын чуулганы намрын ээлжит чуулганы хуралдаан болж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
“Нямбаатар сайд гишүүдийг үг хэлэхээр загнахаа болимоор байна. Засгийн газрын заавраар оруулж ирсэн хуулийг бид хэлэлцэж байгаа. Үүнд би хүндэтгэлтэй хандаж байгаа. Бямбацогт дарга, Нямбаатар хоёрын ярьсан зүйл амьдрал дээр тэмээ, ямаа хоёр шиг зөрүүтэй байна. УИХ-ын дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд гишүүдийн хууль санаачилсан хуулиудыг цензур тавьж, хууль зүйн байнгын хорооны байгуулсан босгыг давж байж хууль орж ирнэ гэдгийг баталчихсан байгаа. Нэг асуулт асууя. Хууль тогтоомжийн тухай хуулинд хэзээ өөрчлөлт оруулах вэ? Энэ өөрчлөлтөд орж байж дараагийн үүд хаалга нээгдэнэ. Зөрчлийн тухай хуулийг хэзээ өргөн барих вэ? Нямбаатар сайд та өвлийн хүйтэнд 30 мянган хүн цуглуулаад хууль ёс, шударга ёсны тухай ярьж байсан зүйл чинь өнөөдөр хуучраагүй байгаа. 2016-аас 2020 онд Улсын Их Хурал, Засгийн газраас шударга ёс, байгалийн баялагийн тухай олон шийдвэр гарсан. Гэтэл өнөөдөр Оюутолгой, Эрдэнэтийн 49 хувийн тухай та юу ч ярихаа больсон. Яагаад чимээгүй болсон бэ? Та үнэхээр шударга ёсны төлөө үүнийг хийж байсан уу? Хууль зүйн сайд болох гэж хийсэн юм уу? Та намайг олон хөлжиж олон юм яриарай гэсэн. Энэ талаар би танаас албан ёсоор асууж байна” гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
“Зөрчлийн тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төсөл яамдаас саналуудаа аваад нэгтгэгдээд ирэх долоо хоногт дуусаж байгаа. Зөрчлийн тухай хуулийн шинэчлэсэн найруулгын гол агуулга нь зөрчил үйлдсэн этгээдийг шууд торгохоос илүүтэйгээр төр шалган туслаж зөвлөдөг, урьдчилсан сануулдаг хэлбэр зөрчлийн тухай хуулинд орж ирж байгаа. Хоёрдугаарт зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд 50 хувиар бууруулдаг болгох зохицуулалт орж ирж байгаа. Хууль тогтоомжийг хуулийг боловсронгуй болгох асуудлыг шинэ үндсэн хуулийн үйлчлэлийн хүрээнд боловсронгуй болгох тогтоолоор хууль тогтоомжийн хуулийг боловсронгуй болгох дараалалд орсон байгаа.
Адьшаа гишүүн тантай холбоотой ямар ч асуудлыг би яриагүй шүү дээ. Та над руу янз бүрээр дайрч давшилж байнгын хорооны хурал бүр дээр ярих юм. Бидний жагсаж цугласны үр дүнд өнөөдөр үндсэн хууль өөрчлөгдөөд, шүүхийн тухай хууль чинь шинэчлэгдэх гээд хонгил гээд зүйл нь байхгүй болоод явж байгаа. Та ч гэсэн олон жил шалгагдсан. Гаалийн Адьшаа гээд таныг эрүүгийн цагдаагийн газраас байнга шалгадаг. Бизнесменүүдийг барьдаг, дарамтладаг зүйл ямартай ч зогссон. Бид юу хийсэн бэ гэхээр Эрдэнэт өнөөдөр төрийн өмчдөө ирсэн. Ийм чиглэлийн юм ярих гэж байгаа бол хоёулаа уулзаж сууж байгаад ярилцъя” гэлээ.